Jump to content

Сур харваа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Халх сур харваа-с чиглүүлэгдэв)

Сур харваа буюу Монгол сур харваа нь монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадам юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг бөгөөд буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 төрөл байна.Чингис хааны дүү Хасарын 2 дугаар хүү Есүнгэ мэргэн монгол холын харваагаар 335 алд газар харваж оносон түүхийг хадан дээр сийлж үлджээ.

Монголын уламжлалт харваа

[засварлах | кодоор засварлах]

Монголын уламжлалт харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд байг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн юм. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм. Хуучин цагт харваа нь цэрэг дайны бэлтгэл сургалт, ан гөрөө хийх дайн тулаанд ашиглах чухал зэвсэг байсан юм.

Монгол нум нь эвэр элэгтэй шөрмөсөн артай нум гэдэг нумны гол матах хэсгийг элэг гэдэг нумны хөвч рүү харсан элэг хэсгийг өвөр элэг гэдэг харин гадагш харсан хэсгийг ар элэг гэдэг ар элгэн талд малын шөрмөс задалж ширхэглэн наадаг харин өвөр элэгт үхэр янгирийн эврийг малын гаралтай цавуугаар нааж өгдөг тийм учираас монголчуудын нум бусад улсын нумнаас хүчтэй сумаа хол шиддэг байжээ.[баримт хэрэгтэй]

Халх харвааны нум нь 1940-өөд оноос өмнө манж-монгол хэв шинжийн товхтой гичир урт зэрэг онцлогтой том урт нум байжээ. 1950-1960-аад онд хуучны нум хийх арга технологио мэддэг хүн байхгүй болсноор БНХАУ-ын засгийн газраас 500 ширхэг нум сум захиалан хийлгэж байсан нь одоо цагийн Халх нумны эх үүсвэр болжээ. Ингэснээр нумны холч нь ойрын зайд тусах болсон.

Энэ тэмцээнийг оролцогсдын тоог харгалзахгүйгээр явуулахдаа хэн хэчнээн сумыг хол оновчтой харвасныг харгалзан шалгаруулдаг байжээ. Онон голын орчим Нэрчүү гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт - Буха сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гурван зуун гучин таван алд газар сум харван оносон тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх наадам тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт байв. Өнгөрсөн зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байжээ.

Нум сумын харвуул тэмцээн нь олон зууныг дамжин уламжлагдахдаа амьтан харвахаас гадна, бөмбөг намнах, сарампай харвах, арьсан бай харвах, сумаа хол харвах зэргээр өрсөлдөж байсан.

  • Бөмбөг харвах гэдэг нь арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины эрч хурдаар давхих зуур бөмбөг бүрийг алдалгүй онох журамтай бөмбөг намнахдаа 40 нумын газраас эр нэг бүрийг хорин сум цуваа харвуулан оноог тооцон шалгаруулдаг байсан.[баримт хэрэгтэй]
  • Сарампай харвах гэдэг нь хонь, үхэр зэрэг малын арьс, нэхийг дөрвөлжин модонд тэлж татан голд нь хүний дүрс зураад "дайсан" хэмээн нэрлэж, ил хараагаар болон дов толгойн ар, гуу жалга зэрэг далд хараагаар дөчин алд газраас хорин сум харваж илүү оносон нь түрүүлдэг "далдын дайсан" харвах зэрэг хэлбэрээр их түгэн дэлгэрсэн байв.[баримт хэрэгтэй]

Халх сур харваа

[засварлах | кодоор засварлах]

Халх сур харваа нь Манжийн сүүл үеэс 1876 он манжийн хааны бадрангуй төрийн 2-р онд хэлбэршин тогтсон монголын нэгэн төрлийн харваа юм.[баримт хэрэгтэй] Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд анх бөөрөнхий хэлбэр бүхий мод харвадаг байсан бол сүүлд боловсронгуй болж нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг ажээ. Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн хонгио хэлбэрийн бөмбөгийг эгнүүлэн өрж, алс зайнаас олон удаа нумнаас сум харвах бөгөөд хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг.[баримт хэрэгтэй]

Харвааны арга барил

[засварлах | кодоор засварлах]
Уламжлалт халх сурын аргаар харваж буй харваач (1980-аад оны сүүлч)

Монголын Халх сур харвааны харвах арга барил нь сүүлийн 100 жилийн дотор "уламжлалт халх харваа", "шинэ халх харваа" гэх хоёр өөр хэв маягтай болж хувьссан.

  1. Уламжлалт халх сурын харвах арга нь "сумаа нумны баруун талд эрхий хуруун дээр тавьж, сумыг нумын хөвчтэй хамт эрхийвчлэн татаж, нумын хөвчийг цээжний эгэмний тушаа хүртэл тэлэхдээ байг хоёр нүдээр харсан чигтээ харвадаг" байсан нь хуучны фото зураг, Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадмын дүрс бичлэгт[1] үлдсэн юм. Энэ уламжлалт аргыг эзэмшсэн сүүлчийн харваач бол дархан мэргэн Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг юм.
  2. ЗХУ-ын нөлөөгөөр 1960 аад оноос байт харвааны арга барил түгэн дэлгэрч, европ байт харваа-уламжлалт харвааны арга барилын холимог аргыг одоо цагийн бүх харваачид хэрэглэх болжээ. Уг арга нь "сумаа нумны зүүн талд долоовор хуруун дээр тавьж, сумлан харвахдаа сумаа хөндөж унагахгүйн тулд сумны доорх хөвчөөс эрхийвчлэн хацар тушаа тэлж, байгаа онилохдоо зүүн нүдээ аньж баруун нүдээр шагайж харвадаг."
Орчин цагийн шинэ халх харвааны арга

Нум сум харвах тэмцээний үед тусгайлан аман зохиол хэлдэг тухай мэдээ баримт одоогоор үгүй. Гэхдээ туульд баатар эр нум сум харвахдаа шившлэгийн тусгай үг хэлдэг тухай түгээмэл дурдсан байдаг. Мөн орчин үеийн сур харвах наадмын үед уухайлдаг ёс бий. Энэ нь сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэж гурван янзын аялгуутай бөгөөд эдгээрийг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна.

Халх сурын харваа нь үндэсний баяр наадмын 7 сарын 10, 11, 12 ны өдөр болдог ба эхний өдөр 16 сум, хоёр дахь өдөр 12 сум, гурав дахь өдөр 12 сум, нийт 40 сумны нийлбэр оноогоор дүнг гаргадаг.

Харвах зай: Эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрээс, хүүхдүүд өөрийн нас хүйсээс хамаарч тогтоосон зайнаас харвана.

Бай: 1.68м өргөнтэй, 2,5м урттай зурхайн арын ирмэг дээр хасаа (8*8см диаметртэй сураар сүлжсэн бай)-г өрсөн бай байна. Эхний 20 сумыг хана суранд (60 ширхэг сураас бүрдсэн бай), дараачийн 20 сумыг хасаа суранд (30 ширхэг сураас бүрдсэн бай) нийт 40 сум харваж наадна. Товх харвааны бай нь 16 сур байна.

Дүрэм: Харваачдын тооноос хамаарч хэдэн ч зурхай (бай) засаж болдог. Нэг зурхай дээр нэг удаа 4 харваач цолны эрэмбээр зогсож харвах ба үүнийг үе гэнэ. Үндэсний сурд цолны эрэмбээр мэргэ үе, шил мэргэ үе, ноён үе, баатар үе, хөндий үе, шувтарга мэргэ үе гэж ангилна.

Урианхай харваа

[засварлах | кодоор засварлах]

Монголчуудын баруун зүг хийсэн аян дайны дараа наадам хийхэд үүссэн гэж ярьдаг. Харин өөр нэг дам яриа байдаг нь, Сүбээдэй баатар цагаан сараар хадмындаа очиж золгохдоо сумныхаа зэвийг сугалан чөдөр цулбуураа зангидан голын мөсөн дээр баг болон харвалдан наадсан гэх яриа бий. Эртнээс урианхай эрчүүдийн сур харваагаар харвалдан цэц мэргэнээ соридог байжээ.Урианхай сур орчин үеийн наадамд 40м ээс харвана нэг босж харвахдаа 3 сум тавина урианхай сурын бай нь 350-400гр жинтэй чих гэж нэрлэх сураар сүлжсэн байг харван наана 20см шороог 2м газар давуулан оносон бол цааш 2м газар өнхрүүлэн 20см шороог давуулсныг оноонд тооцдог юм.

Буриад сур нь Манжийн үед үүссэн гэдэг бөгөөд 180 жилийн түүхтэй гэлцдэг. 4 метр ам дөрвөлжин зурхай дотор бүлэнг[2] 20-30 нумын зайнаас харвадаг. Цуваа, багын харваа гэсэн хоёр төрөлтэйгээс цуваа харваанд 30 м, 45 м зайнаас тус бүр 32 сум нийт 64 сум харвана.[3] Багийн харваанд 45 метрийн зайд өрж тавьсан 20 бүлэн, 1 ласти өрж, үлдсэн үридхыг өрсөн сурын хоёр талаар тав таваар эгнүүлэн тавьсан сурыг багаар харвадаг.[4]

Мөсний сур харваа

[засварлах | кодоор засварлах]

Ялагчийн шагнал

[засварлах | кодоор засварлах]

Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол чимэг олгодог байв. Тухайлбал наадамд сур сайн харвасан хүмүүст маш гайхамшигт мэргэн, хичээнгүй зоригт мэргэн, улам нэмэх хурц мэргэн, нягт идэр хурц мэргэн, өрнөн дэлгэрэх идэр мэргэн, чин итгэлт хэтэрхий мэргэн зэрэг цолыг олгож байжээ. Өнөө үед сурчдын амжилтыг өөгшүүлсэн шинэ цол олгодог журамтай болсон байна.

Үндэсний Их Баяр наадмын тухай хуульд зааснаар улсын наадамд нэг түрүүлбэл "Улсын мэргэн", хоёр түрүүлбэл "Даян мэргэн", гурав түрүүлбэл "Даяар дуурсах мэргэн", дөрөв түрүүлбэл "Дархан мэргэн" цол олгодог[5] бөгөөд сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр Улсын наадамд 2 дугаар байр эзэлсэн харваач "Гарамгай харваач" цол, 3 дугаар байр эзэлсэн харваач "Гоц харваач", 4 дүгээр байр эзэлсэн харваач "Онч харваач", 5 дугаар байр эзэлсэн харваач "Тод харваач" цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон.[6] Халх харвааны төрөлд хамгийн олон буюу 6 удаа түрүүлсэн тамирчин бол дархан мэргэн Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг юм.

Аймгийн наадамд түрүүлсэн бол "аймгийн мэргэн", хоёрдугаар байр эзэлсэн харваачид "аймгийн гарамгай харваач", гуравдугаар байр эзэлсэн харваачид "аймгийн гоц харваач", дөрөвдүгээр байр эзэлсэн харваачид "аймгийн онч харваач", тавдугаар байр эзэлсэн харваачид "аймгийн тод харваач" цол олгоно.[6]

Сумын наадамд түрүүлсэн харваачид "сумын мэргэн", хоёрдугаар байр эзэлснийг "сумын гарамгай харваач", гуравдугаар байр эзэлснийг "сумын гоц харваач" цолыг тус тус олгоно.[6] Аймаг сумын наадам түрүүлсэн харваач мэргэдийн цолыг тухайн орон нутгийн засаг дарга олгох эсвэл хураан авах эрхтэй байдаг.

  1. https://www.youtube.com/watch?v=JXLnlRqoiMI
  2. 8 см хэмжээтэй цэмбэ, булигаараар бүрсэн хонины ноосон чихмэл
  3. Г, Гантогтох (2020). Монгол нүүдэлчдийн тайлбар толь. Vol. 3 (1 ed.). Улаанбаатар: Монсудар. pp. 282–283.
  4. Г, Гантогтох (2020). Монгол нүүдэлчдийн тайлбар толь. Vol. 3 (1 ed.). Улаанбаатар: Монсудар. p. 284.
  5. "enaadam.mn - Үндэсний их баяр наадам". enaadam.mn - Үндэсний их баяр наадам (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-13.
  6. 6.0 6.1 6.2 "ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-13.