Jump to content

Онон гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Онон гол
Хэнтий аймагт
ЭхХэнтийн нуруу
АдагШилка голАмар мөрөн
Усаа цуглуулдаг орнууд Монгол
Байршил Хэнтий
 Дорнод
Урт818 км
Урсац191 м³/с
Ус цуглуулах талбай94,010 км²
Голын системАмар мөрөн

Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний эхний нэгэн гол цутгал юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².

Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Өвөр Байгалын хязгаарын нутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ.

Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.

Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учраас намрын зайр харьцангуй олон хоног (14-25) үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ.

Онон-Шилка-Хар мөрөн нь уртаараа (818км + 560км + 2874км) дэлхийд эхний 10-т ордог.

Онон гол нь уулын гол тул уналт ихтэй, урсгал хурдтай байдаг. Зарим газраа урсгалын хурд 1.5-2.0 м/с хүрэх боловч Балжийн бэлчирээс доош 1.0 м/с орчим болж буурна.

Онон голын томоохон цутгал Агац, Балж, Эг, Барх, Жаргалант голууд нь эгц налуу хажуу бүхий уулархаг газраар урсдаг.

Газрын доорх усны нөөц нь хур тундасны нэвчилт, улиралын болон олон жилийн цэвдэг, гадаргын усны тэжээгдлээс бүрэлддэг.

Онон голын сав газар нь уулын карбонатгүй сул хөгжилтэй хүрэн хөрс, голын татмын хар хүрэн, хүрэн хөрс зонхилон тархсан байна. Иймд усалгаатай тариаланд давсжих үзэгдэл харьцангуй бага байх бөгөөд зарим газраар гөлтгөний агууламжтай байгаа нь хөрсийг саармагжуулах сайн нөлөөтэй. Онон голын сав газарт 425 га газар тодорхой хэмжээгээр давсжиж, намагжсан байна.

Онон голын сав газрын хөрс нь ихэвчлэн хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй, нягт биш байгаа нь газар тариаланд хөрсийг боловсруулахад зүтгэх хүчийг багасгаж эерэгээр нөлөөлөх боловч жижиг хайрга, чулуулгийн агууламж ихтэй учир ус барих чадвар муу байх талтай. Газар зүйн хувьд гүний ус хуримтлуулдаг гол тогтоц нь голын хөндий, уулзвар бэлчир, адаг орчмын садаргууд, голын хөндий дахь өргөссөн хотгор юм. Тэдгээрийн дотор Батширээт сумын баруун хойно орших Арангатын хөндий, Онон, Хурх голын бэлчир, Хүрхрээ нуур, Их болон Бага цагаан нууруудын хоорондох хөндий, Балж, Галттай, Тэнгэлэгийн голын бэлчир хөндийнүүд ордог. Хотгор, хөндий, тал, хоолойн үнэмлэхүй өндөр 850-1200 м хооронд буюу ерөнхийдөө суусан шинжтэй.

Хөмөл голоор ОХУ-аас усны бохирдолт орж ирж Онон голын усны чанарт муугаар нөлөөлж байгаа.

Загас, амьтан, шувуу

[засварлах | кодоор засварлах]

Онон голын сав газар нь загасны газарзүйн ангиллаар Амарын мужид, харин дэлхийн цэнгэг усны хагалбараар Амар мөрний савд хамаардаг. Энэ савд Онон, Улз, Хэрлэн, Халх голууд багтахаас зөвхөн Онон гол түүнийг тэжээдэг бөгөөд загасны төрөл зүйлүүдийн хувьд бүрдэл нь харилцан адилгүй байдаг.

Энд эртний гуравдагчийн загасны аймгийн төлөөлөгчид болох Lampetra reissneri, Амарын хилэм (Acipenser schrencki ), улаан живэрт (Pseudoaspius leptocephalus ), халбаган загас (Rhodius sericeus), булуу цагаан (Cyprinus heam-atopterus), Gobio soldatovi, Misgurnus angulli-caudatus, Parasilurus asotus зүйлүүдээс гадна Умардын тэгш талын Амарын сугас (Leucis-cus waleckii), Phoxinus czekanowskii, Лаготийн варлан (Ph. Lagowskii), Ph. Percnurus, Gobio gobio, мөнгөлөг хилтэг (Carassius auratus gibelio), Cobites taenea, Esox reicherti , Умардын уулын бэлийн тул (Hucho taimen ), Brachymystax lenok, Амарын цурхай (Thymallus grubei), ердийн варлан (Phoxinus phoxinus ), Nemachilus barbatulus, Амарын эрээн живэрт (Cottus czanaga), зантгар загас (Mesocottus haitej), Умард туйлын цэнгэг усны цагаан хадар (Coregonus chadary), гутаар (Lota lota), Хятадын тэгш талын Амарын хар сугас (Pseudorasbora parva), Shilogobio soldatovi, Ladislavia taczanowskii , морин тавхарал (Hemibarbus labeo ) зүйлүүд тэмдэглэгдсэн (Дашдорж 1976).

Онон голын саваас Монголын Улаан номонд дугариг амтнаас Lampetra japonica , Номхон далайн могор гэх 1 зүйл, хилэмтэнээс Acipenseridae овгийн Acipenser schrencki, Brant, 1869, Амарын хилэм, хулдтанаас Salmonidae овгийн Hucho taimen Pallas, 1773, тул, зантахайтаны Cottidae овгийн Mesocottus haitej, Dybowski, 1869 зэрэг 3 зүйл загас бүртгэгдсэн байдаг.

Орон нутгийн загасчдын дунд явуулсан аман судалгаагаар 1990-2000 онд Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дадал сумын нутаг дахь Онон голоос 100-160 см урттай, 12-25 кг жинтэй тул загас цөөнгүй баригдаж байсан бол 2005-2007 оны байдлаар 50-110 см урттай, 2-7 кг жинтэй тул маш цөөхөн хэмжээгээр баригдсан нь түүний биеийн хэмжээ багасч, тоо толгой нь хомсдож ирж байгааг харуулж байна.

Эдгээрээс Монгол орны хэмжээнд ховордож, Монголын улсын Улаан номд бүртгэгдсэн дагуур зараа (Mesechinus dauricus ), голын халиу (Lutra lutra ), шивэр хандгай (Alces alces ), халиун буга (Cervus elaphus), баданга хүдэр (Moschus moschiferus), зэрлэг гахай (Sus scrofa ), шивэр гүлмэр (Salamandrella keyserlingii) зэрэг амьтад тархсан байна. Энэ сав газарт Монгол орны нийт хөхтөн амьтдын 48.9% тархсан нь Онон голын сав, түүний орчмын нутаг нь хөхтөн амьтад тархаж амьдрах нөхцөл бүхий олон төрлийн амьдрах орчин байдгийг илтгэж байна.

Онон голын савд 18 баг, 47 овог, 133 төрөлд хамаарах 240 зүйл шувуу бүртгэгдсэн ба Монгол орны шувууны 50.8% нутаглаж байна. Эдгээр нь оршин амьдрах хэлбэрийн хувьд суурин 55 зүйл, нүүдлийн 185 зүйл шувууд байна.Монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож буй цагаан тогоруу (Grus leucogeranus), цэн тогоруу (Grus vipio ), хонин тоодог (Otis tarda ) зэрэг зүйлүүд Онон голын цутгал жижиг голуудын нуга, хөндийн чийглэг, бургас, өтгөн ургамалтай хөндийд тархсан байна.

Онон голын хөндийд 56 овог, 186 төрөл, 332 зүйл дээд ургамлыг бүртгэсэн нь Монгол орны голын татмын бүх ургамлын зүйлийн бүрдлийн 38.92% эзэлж байна. Онон голын хөндийд 56 овгийн 175 төрлийн 301 зүйл бэлчээрийн, 33 овгийн 84 төрлийн 103

зүйл эмийн, 17 овгийн 39 төрлийн 48 зүйл хөл газрын ургамал байхад 16 овгийн 18 төрлийн 19 зүйл ховор, 16 овгийн 18 төрлийн 19 зүйл нэн ховор ургамал байна. Мөн тус сав газар түүний орчмын нутагт 8 зүйл шавж идэштэн, 6 зүйл сарьсан далавчтан, 4 зүйл туулай хэлбэртэн, 27 зүйл мэрэгчид, 17 зүйл мах идэштэн, 6 зүйл туруутан нийт 68 зүйл хөхтөн амьтан, 6 зүйл мөлхөгч, 3 зүйл хоёр нутагтан тус тус тэмдэглэгдсэн байна.

  • "Онон гол". Medeelelmn. Эх хувилбараас архивласан: 2012-05-10. Татаж авсан: 2012-5-12. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)