Хуан Антонио Самаранч
Дон Хуан Антонио Самаранч (испани. Don Juan Antonio Samaranch; 1920 оны 7-р сарын 17-нд Барселонд төрж, 2010 оны 4-р сарын 21-нд Барселонд нас барсан) — Испанийн улс төрч, бизнесмен, 1980-2001 онд Олон улсын олимпын хорооны 7 дахь Ерөнхийлөгч (1980—2001)өөр ажилласан ХХ зууны олимпын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн. Олон улсын олимпын хорооны насан туршийн хүндэт Ерөнхийлөгч байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хуан Антонио Самаранч 1920 оны 7-р сарын 17-нд Испанийн Барселона хотод чинээлэг гэр бүлд төржээ. Хүүхэд байхдаа зуны хоккей тоглох дуртай байсан. Испанийн иргэний дайны үеэр тэрээр 1938 онд 18 настайдаа Бүгд найрамдах хүчний цэрэгт татагдав. Бүгд найрамдах улсын эсэргүүцэгч тэрээр Франц руу зугтсан боловч удалгүй үндсэрхэг үзэлтэй Испани руу буцаж иржээ.
1939 онд Бүгд Найрамдах Улс ялагдсаны дараа Самаранч Барселон дахь бизнесийн сургуульд худалдааны чиглэлээр суралцжээ. Тэрээр "Ла Пренса" сонинд спортын сэтгүүлчээр богино хугацаанд ажилласан. Үүний дараа тэрээр гэр бүлийнхээ нэхмэлийн бизнест орсон байна. Тэрээр 1984 онд Испанийн хамгийн том хадгаламжийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүн болж, 1987-1999 онд банкны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгчөөр ажилласан юм.
Самаранч 1955-1962 он хүртэл Барселон хотын захиргаанд спортын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.
Тэрээр Олимпын хөдөлгөөнтэй холбоотой янз бүрийн арга хэмжээнд Испанийн төлөөлөгчдийг удаа дараа ахалж байсан бөгөөд 1966 онд дарангуйлагч Франсиско Франко Испанийн Олимпын хорооны даргаар түүнийг томилжээ. Самаранч тэр жилдээ Олон улсын олимпын хорооны гишүүн болсон.
1973 оноос Барселоны мужийн зөвлөлийн дарга.
1974-1978 онд Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
1977-1980 онд Испани улсаас ЗХУ болон Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.
Хуан Антонио Самаранч Москвагийн 1980 оны зуны Олимпын өмнөхөн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Олимпын хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1991 онд Испанийн хаан Самаранд Маркиз (Дон) цол олгосон байна.
2001 оны 7-р сарын 16-нд ОУОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгч "хүндэт ерөнхийлөгч" болжээ.
2010 оны 4-р сарын 20-нд Самаранч зүрхний цочмог дутагдал гэсэн оноштойгоор Барселон хотын эмнэлэгт хүргэгдэж, 4-р сарын 21-нд нас барсан юм.
Олимпын хөдөлгөөнд оруулсан хувь нэмэр
[засварлах | кодоор засварлах]Хуан Антонио Самаранч ерөнхийлөгч байх хугацаанд Олимпын хөдөлгөөнийг санхүүгийн хувьд бие даасан болгож, арга хэмжээнүүдэд ивээн тэтгэгч олж, гэрээт телевизийн нэвтрүүлгүүдийг зохион байгуулж, ОУОХ-ны төсөвт их хэмжээний хөрөнгө оруулсан. 1984 оны Зуны Олимпын наадмыг ЗХУ болон Зүүн блокийн орнууд бойкотлосон ч олимпын наадамд оролцох улс орнуудын тоо тогтмол нэмэгдсээр байв. Хуан Антонио Самаранч Олимпын хөдөлгөөний түүхэнд бүдгэрч эхэлсэн Олимпын хөдөлгөөнийг сэргээсэн хүн гэж үнэлэгддэг билээ.