Jump to content

Хубу Гуаньпяо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөнгөн тэмдэгтийн тайлбар

Хубу Гуаньпяо (хят:户部官票, пиньинь:Hù bù guān piào) бол Дайчин гүрний Түгээмэл элбэгт хааны 3-р он буюу 1853 онд Өрхийн яамнаас гаргаж, 1859 онд гүйлгээнээс хураагдсан цаасан мөнгө юм. Мөнгөний нэгж нь лан бөгөөд 1, 3, 5, 10, 50 лангийн дэвсгэртээр гүйлгээнд оруулжээ. Хубу Гуаньпяо гэдэг нь монгол хэлээр Өрхийн яамны албан тэмдэгт гэж орчуулагдана. Уг мөнгө нэг талдаа манж, хятад бичгээр бичигдсэн, ар талд хоосон. Энэ мөнгө нь Мин улсын үед хэрэглэж байсан Дамин Баочао гэх цаасан мөнгөний загвараас санаа авч хийгджээ.

19-р зууны дунд үеэс Хар тамхины дайнд ялагдаж, гадаадын улсуудад төлөх өр зээлд өгөх мөнгөн ембүү, зоос ихссэн нь алт, мөнгөний нөөц хомсдож, Чин гүрний эдийн засаг сульдан доройтоход Тайпингийн бослого гарч, тэдгээрийг дарангуйлах гэж цэргийн зардал, инфляцийн өсөлт зэргээс улсын сан хөмрөг хоосорч тартагтаа тулсан. Иймээс тухайн үед мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулж, өндөр үнэлгээтэй цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд оруулсан нь Хубу Гуаньпяо, бага үнэлгээтэй зоосон мөнгөний дүнтэй Дачин Баочао гэх хоёр төрлийн цаасан мөнгө гаргажээ. Гэвч Чингийн төрд цаасан мөнгөө буцааж мөнгөн ембүү, зэс мөнгөн зоос болгож гуйвуулах нөөц хөрөнгөгүйн улмаас мөнгөний ханш унаж, тус дэвсгэртийг ихээр хэвлэсэн нь инфляцийг үүсгэж, 1859 он гэхэд хоосон цаас болж, гүйлгээнээс хураагдсан юм.

Түгээмэл элбэгтийн 3-р оноос 8-р оны хооронд хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтүүд

Мөнгөний нэгж Хэвлэсэн он Хэмжээ (мм) Зураг
1 лан 1853-1856 151 x 250
3 лан 1853-1858 152 x 248
5 лан 1853-1857 154 x 250
10 лан 1853-1856 190 x 315
50 лан 1853-1856 190 x 310

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]