Цагаан дарь эх
Цагаан дарь эх (санскрит. Sita Tāra, төвөд. sgrol dkar ma:, англи. White Tara) бол Бурханы шашны хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэдэг бурхны шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхдын нэг юм.
Бурханы шажинд 21 Дарь Эх байдаг бөгөөд үүнээс 5 Дарь Эхийг голлон үздэг.
- Цагаан дарь эх
- Ногоон дарь эх
- Улаан дарь эх
- Шар дарь эх
- Цэнхэр дарь эх
Домог
[засварлах | кодоор засварлах]Дарь эх–Тара гэдэг үг санскритийн (Sita Tara) три-гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай бөгөөд хорвоогийн зовлон энэллийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гаргагч гэсэн утгатай юм. Төвөдөөр “Долгар”, англиар “White Tara” хэмээн нэрлэдэг.
Цагаан Дарь Эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү харьцуулашгүй аугаа хүчтэй гэдэг.
Бэлгэдэл
[засварлах | кодоор засварлах]Тара гэдэг үг санскритаар "од" гэсэн үг бөгөөд энэ өнцгөөс нь авч үзвэл Дарь Эх нь од адил өөрийн амьдрал хайрлагч цацрагаар хамаг амьтныг тэжээн тэтгэн, сансрын харанхуй нөлөөллөөс сахин хамгаалж байдаг. Буддын шашинд дарь эхийн тухай ойлголт III зууны үед Индуйзмаас орж ирсэн.
Тара тантрад өгүүлснээр, хамаг Бурхдыг гэгээрүүлэн гэтэлгэн чөлөөлөх үйлсийн төлөөлөл болох Цагаан Дарь Эх түгээмэл орчлонгийн Эх талын биелэл билээ. Зургаан зүйл амьтныг хэмээсэн түүний хэмжээлшгүй их асрал хайр нь эх хүний үрээ гэх сэтгэлтэй ч харьцуулшгүй гүн бөгөөд хүчтэй хэмээнэ.
Хамаг Бурхдын Эх болсон Цагаан дарь эх нь алдрыг дурсан аврал залбирал одуулсан хэнд ч болов тусалдаг. Сансрын олон кальпагийн өмнө Цагаан Дарь Эх хаан хүний охин болон төржээ. Цэцэн билгүүн, асрал нигүүсэл дүүрэн, үзэсгэлэн гоо гүнж тэрбээр хувраг гэлэнмаа нарт өргөл өргөж, хамаг Бурхдад залбирал аврал одуулан буян ихээр хураасан байна.
Хувраг гэлэнмаа нар түүнийг хойд төрөлдөө эр хүн болж төрөөд бурхны сургаалыг дэлгэрүүлэгч болохын ерөөл тавъя гэхэд гүнж хоосон чанарын огторгуйд эр ба эм хүйс аль нь ч үгүй, иймээс би бүсгүй төрөлдөө дахин төрж, хамаг амьтанд туслан бурхны хутгийг олон, Төгс гэгээрэлд хүртэл нь бодийн замаар хамаг амьтныг хөтлөх болно гэж хариулсан байна.
Дүрслэл
[засварлах | кодоор засварлах]Тара Тантрагийн III бүлэгт, Цагаан Дарь Эхийн мэндэлсэн тухай сансрын чанартай эхийн домогт, Жанрайсиг Бурхны нулимснаас бадамлянхуа дэлгэрч, энэ лянхуанаас Цагаан Дарь Эх төржээ гэсэн байна. Жанрайсиг бурхан хорвоо ертөнц дэх амьтны зовлонг мэлмийгээрээ болгоон уйлахад зүүн мэлмийний нулимснаас амирлингуй Цагаан Дарь Эх, баруун мэлмийн нулимснаас Ногоон Дарь Эх бурхан мэндэлсэн гэдэг. Цагаан Дарь эхийг долоон мэлмийтэй дүрсэлсэн байдаг - хоёр алга, хоёр хөлний улан дээр нийт дөрөв болон духаны голд нэг мэлмийтэй. Иймд "Долоон мэлмийтэй бурхан" гэж мөн нэрэлдэг байна.
Цагаан Дарь Эхийг лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр онгон охины, мишээсэн амгалан дүртэй, саран дэвсгэр: цагаан лянхуа дээр, саран түшлэг налан заларсан, үнэт эрдэнэсийн чимэг зүүсгэлтэй, эрдэнэсийн толгойн хормойвчтой, зүүн мутартаа цагаан лянхуа барьж, баруун мутраараа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж, насыг сэтгэлчлэн уртасгаж, өвчний зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрсэлдэг.
Дээрхийн Гэгээн Далай лам 1989 онд Нигүүлсэхүй үйлс бага хурал дээр (Нью порт): “Буддизм дэх фэминист хөдөлгөөнд хамаарах алхмыг Цагаан Дарь Эх үйлдсэн байдаг. Цагаан Дарь Эх бурхны зэрэгт хүрсэн эмэгтэй хүн цөөн буйг үзээд Би бүсгүй төрөлд байхдаа бодь сэтгэлийг үүсгэж эхэлсэн. Удаах бүх төрөлдөө би эмэгтэй хүн болж, бурхны зэрэгт хүрэн хүртлээ бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг хэмээн хэлжээ.