Jump to content

Цахим дипломат ажиллагаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цахим дипломат ажиллагаа (англи. digital diplomacy, e-diplomacy) - интернет болон мэдээлэл харилцааны технологийн чадавхийг ашиглаж дипломат үйл ажиллагааны зорилгод хүрэхэд үйл ажиллагааг хэлнэ. Цахим дипломат ажиллагааны хүрээнд дэлхийн сүлжээн дэх шинэ медиа, олон нийтийн сүлжээ, блог болон ижил төстэй медиа платформуудыг ашигладаг байна. Цахим дипломат ажиллагаанд төрийн байгууллагууд, ялангуяа гадаад бодлого хэрэгжүүлэх төрийн байгууллагууд, түүнчлэн гадаад бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд идэвхитэй оролцдог юм. Цахим дипломат ажиллагааны гол зорилго нь олон нийтийн бодол, ухамсар, улс төрийн удирдагч нарт чиглэсэн гадаад бодлогоо сурталчлах, интернет телевиз, нийгмийн цахим сүлжээ, гар утсаар дамжуулан мэдээллийн суртал ухуулга хийх явдал гэж хэлж болно.

Энэхүү ойлголт нь дипломат харилцааг явуулж буй орчин дахь интернетээс үүдэлтэй өөрчлөлтөөс эхлээд кибер аюулгүй байдал, төрийн болон хувийн нууц хадгалах гэх мэт интернетийн хэрэгслийг ашиглах зэрэгт интернет болон дипломат ажиллагаа хоёрын харилцан үйлчлэлд анхаарлаа хандуулдаг ажил юм.

Энэхүү дипломат ажиллагааны ангилалд мөн хөгжсөн платформуд болох Facebook-ийн дипломат ажиллагаа, Твиттер-ийн дипломат ажиллагаа, Google-ийн дипломат ажиллагаа гэх нэр томьёо гараад байна.

2002 онд АНУ-ын Төрийн департамент цахим дипломат ажиллагааны тусгай нэгж дотроо анх байгуулжээ. Энэхүү зорилтод нэгж нь "Цахим Дипломатын алба" нэртэй болсон бөгөөд 80 орчим ажилтантай байсанаас тал нь цахим дипломат ажиллагаатай шууд холбоотой ажилдаг байсан юм.

2022 оны 4-р сард АНУ-ын Төрийн департамент "Кибер орон зай ба цахим бодлогын шинэ товчоо" (англи. Bureau of Cyberspace and Digital Policy (CDP) байгуулжээ. Үнэн хэрэгтээ, шинэ товчоо нь Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулагдсан "АНУ-ын кибер дипломат ажиллагаа" гэсэн нэр томъёоны дор олон ялгаатай чиглэл санаачлагуудыг нэгтгэсэн бөгөөд энэ нь 21-р зуунд Хиллари Клинтоны гадаад төрийн бодлогыг хамарсан байдаг юм.

Бусад улс орнуудын Гадаад яамд ч мөн цахим дипломат арга хэрэглэж эхэлсэн. Их Британийн Гадаад яам буюу Гадаад хэрэг ба Хамтын нөхөрлөлийн алба нь олон төрлийн дипломат үйл ажиллагааг нэгтгэн эрхэлдэг Цахим дипломат алба бий болгосон. Швед улс мөн цахим дипломат ажиллагааг, ялангуяа "Твиттерийн хамгийн сайн хэрэглэгч-удирдагч" болсон Гадаад хэргийн сайд Карл Билдтын онлайн харилцааны стратегиар дамжуулан идэвхтэй сурталчилж байсан.

2012 оны 7-р сард дэлхийн олон нийттэй харилцах, харилцаа холбооны "Burson-Marsteller" фирм Твиттерийн дипломат ажиллагаа гэж нэрлэгддэг төр, засгийн тэргүүнүүдийн Twitter-ийн хэрэглээг тусгайлан судалсан байна. Twiplomacy судалгаагаар дэлхийн 125 орны төр, засгийн тэргүүн, тэдгээрийн байгууллагуудын 264 твиттер хаяг байдаг бөгөөд ердөө 30 удирдагч нь биечлэн жиргэдэг болохыг тогтоожээ. Түүнээс хойш олон нийтийн дипломат харилцааны хэрэгсэл болох цахим дипломат ажиллагаанд түлхүү анхаарал хандуулах нь улам бүр нэмэгдсээр байна. 2013 онд Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Олон Нийтийн Дипломатын Төвөөс 2013 оны олон нийтийн дипломатын шилдэг мөчүүдийн нэгээр "Фэйсбүүк Косовог улс гэж хүлээн зөвшөөрөх нь"-ийг нэрлэж байжээ.

2014 онд Шведийн Гадаад хэргийн яамнаас Стокхольмын цахим дипломат ажиллагааны санаачилгын бага хурлыг зохион байгуулсан. Энэхүү санаачилга нь "#DiplomacyUnited" байгууллагын ивээл дор албан бус онлайн кампанит ажил болж өргөжин, Вашингтон дахь олон ЭСЯ-ны ажлыг уялдуулан зохицуулдаг болжээ.

2020 оны 7-р сард нийтлэгдсэн "Twiplomacy Study 2020" судалгаагаар НҮБ-ын гишүүн орнуудын 98 хувь нь Твиттерт дипломат төлөөлөгчтэй байжээ. Олон нийтийн сүлжээнд зөвхөн Лаос, Умард Солонгос, Сан-Томе ба Принсипи, Туркменистаны төлөөлөл байгаагүй юм.