Чимидийн Долгорсүрэн
Чимидийн Долгорсүрэн | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Амьдарсан нь | 1922-2002 он (80 наслав) |
Төрсөн газар | Монгол орон, одооныхоор Өвөрхангай аймгийн Бүрд сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Нөхөр | Чадраабалын Лодойдамба |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1940-өөд он — 2002 он |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын ардын жүжигчин (1980) Монгол улсын гавъяат жүжигчин (1946) |
Чимидийн Долгорсүрэн (1920 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт төрсөн-2002 онд нас барсан) — Монголын тайз, дэлгэцийн эмэгтэй жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Чимидийн Долгорсүрэн нь 1920 онд малчин ард Чимидийн гэрт мэндэлжээ. 1930 онд Улаанбаатар хотод ирж Үлгэр жишээ бага сургуульд орж суралцсан. Тэрбээр 1932 онд бага сургуулиа төгсөж мөн Үлгэр жишээ дунд сургуульд орж суралцсан байна.
1936 онд Театрын жүжгийн ангид дагалдан жүжигчнээр орж ажиллажээ. Түүний жүжигчин болсон анхны алхам «Шөнийн буг», «Хонины булаг» зэрэг жүжгийн нийтийн хэсэгт оролцож үзэгчдийн өмнө гарсанаар эхэлсэн. Ч.Долгорсүрэн «Яг 18» жүжгийн Гаваасүрэн, Д.Намдагийн анхны уран бүтээл болох «Тэмцэл» жүжгийн Хурц, «Сүрэг чоно» жүжгийн Дарьдулам, Киргизийн ардын аман зохиолоос үндэслэн К.Джанторишиевийн бичсэн «Алтан ай хүүхэн» жүжгийн гол дүрээр үзэгч түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн билээ. «Тэмцэл» жүжигт Ч.Долгорсүрэн эрэгтэй хүүхэд болж жүжиглэсэн нь хэн ч үзсэн итгэмээр, цогтой сэргэлэн, жавхаалаг дүрийг бүтээжээ.
Түүний шилдэг уран бүтээлийн нэг бол Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын «Ийм нэгэн хаан байжээ» жүжгийн Бээжийн дүр болно. Тэрбээр Бээжийн дүрийг гаргахдаа түрүүчийн бүтээсэн дүрүүдээсээ дотоод сэтгэлийн баялагийг давуутай нээж, нэгэн хэсэгт хүсэл мөрөөдөлдөө тэмүүлсэн сэтгэл, нөгөө хэсэгт баяр баясгалангийн бадрангуй оргилуун сэтгэл, удаах хэсэгт уйтгар гунигийн эмгэнэлт сэтгэл, дараачийн хэсэгт тэсвэр хатуужлийн сургамжит, ухаалаг байдлыг эрэмбэ дараатайгаар илэрхийлэн гаргасан юм. Ч.Долгорсүрэн зөвхөн драмын жүжигчин төдийгүй кино жүжигчин юм. Тэрбээр «Хил дээр», «Цогт тайж», «Алтан өргөө» зэрэг кинонд оролцож, манай кино урлагийн түүхэнд хэд хэдэн сайхан дүрийг бүтээсэн жүжигчин юм.
Эдгээрийн дотроос зөвхөн нэг дүрийн тухай товч өгүүлье: 1945 онд Монголын кино үйлдвэрээс бүтээсэн «Цогт тайж» уран сайхны киноны Хуланд жүжиглэснийг үзэгчид шагшин магтдаг. «Цогт тайж» киног зохиогчдын нэг доктор Ренчин гуай ярихдаа:
„Жүжигчин Ч.Долгорсүрэн Хулангийн дүрээр жинхэнэ цэвэр ичимтгий Монгол охины дүрийг бүтээж чадсан юм. Энэ нь жүжигчин Ч.Долгорсүрэн дүрийнхээ цаад учрыг сайн ойлгосных бөгөөд миний илэрхийлэх гэж зорьсон санааг бүрэн гүйцэд гаргаж чадсанаараа онцлогтой. Бараг бидний бичсэн зохиолоос ч илүү сайн дүр болсон. Сүрхий сайн тоглосон шүү“
хэмээн ярьж байсан нь түүний хэр авьяастай, чадалтай жүжигчин байсны нотолгоо мөн билээ.
Тэрбээр Монгол үндэсний түүх домгийн буюу орчин үеийн Монгол бүсгүйн олон сайхан дүрээрээ манай улсын жүжигчний урлагийг баяжуулан хөгжүүлсэн хүн. Түүний бүтээсэн Дарьдулам, Бээж, Гэрэл гуа Рогмогуа, Дэжид, Хулан, Оролмаа, Чихэр хатан, Цэвэлмаа зэрэг Монгол бүсгүйн яруу сайхан дүр нь манай жүжигчдийн урлагийн түүхэнд байнга оршин хойч үеийн жүжигчдэд үлгэр дууриалал болон мандаж байх болно. Түүний хамгийн сүүлд тоглосон кино бол Мичидийн зургаан гялаан (1992) бөгөөд уг кинонд Ишгэний дүрийг чадварлагаар бүтээжээ.
Тэрбээр нэрт зохиолч Ч.Лодойдамбын гэргий юм.
Хүртсэн цол, шан
[засварлах | кодоор засварлах]- 1946 он — БНМАУ-ын Гавьяат жүжигчин
- 1980 он — БНМАУ-ын Ардын Жүжигчин
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- Жүжигчний эцгийн нэрийг Чимид, Чимэд гэж хоёр янзаар бичсэн нь тохиолдоно.