Чимэдийн Гочоосүрэн
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1952 он |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын заан |
| Улсын заан | 1981 |
| Улсын начин | 1975 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 6 (1975, 1979, 1981, 1983, 1985, 1988) |
Чимэдийн Гочоосүрэн (1952) нь Монгол улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер юм. Тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт төрсөн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гочоосүрэнгийн аав нь Цэнд мээрэнгийн Чоёнгийн Чимэд гэдэг хүн байв. Цэнд мээрэн гэдэг эрдэм номтой, түүх шаштир их уншдаг хүн байж. Өвөө аав Чоён нь цэргээс бичиг үсэг сураад ирсэн Өндөрсант сум гэж байхад сум-нэгдлийн дарга, багийн дарга хийдэг хүн байжээ. Эднийд эцэг Цэнд мээрэнгийн ном судар үлдсэн байх учиртай аж. Аав нь өөрийн төрсөн дүү Зундуйтайгаа хоёул хар модон тэрэг, хушин банз, авдар, гэрийн мод гээд хийхгүй юмгүй мужаан байсан аж. Хийсэн энэ мэт зүйлээ ой модгүй Хотонт, Хашаат, Могод, Өгийнуур, Гурванбулаг, Авзага сумд хүргэж борлуулдаг, оронд нь мал авдаг байсан байна.
Энэ мэт мужааны ажилдаа хэрэглэх модыг Хийдийн даваанаас бэлддэг байж. Аав нь өндөр цавчим уулнаас модоо цагаална, бяцхан хүү Гочоо ахтайгаа мод хөрөөдөж, үхэр тэрэг хөтөлдөг байж.
Арван хүүхдээ тэжээх гэж ийн зүтгэж байсан сайхан аав нь 1969 онд цагаан сарын өмнөхөн 54 насандаа бурхан болсон аж. Хот хүртэл явж үзүүлээд 2 жил гэртээ хэвтээд өөд болсон энэ өвчний учир шалтгааныг лам нар, хөгшид лусын хорлол буюу газар усны юм болсон гэдэг байжээ.
Малаа услах худаг ухсан нь догшин газар байж таарсан гэдэг. Газар, усны шалтгаантай өвчний онош олддоггүй явдал одоо ч байсаар байна. Дашрамд газар усны буюу лус, савдгийн хорлол гэдэг нь газар савдаг гэдэг, ус лус гэдэг эзэдтэй байдаг, тэдгээрийн уурлуулж догшруулбал ямар нэг гай зовлон тохиолддог гэсэн үг юм . Харин баярлуулбал хур бороогоо хайрлахаас эхлээд эерэг сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Бурханы сургаал ёсоор 6 зүйлийн хамаг амьтны нэг нь адгуус амьтан бөгөөд үүнд хүний нүдэнд харагдаж үзэгддэг, мөн жижгээсээ болоод үзэгддэггүй бодит биетэй өчүүхэн нэг эст амьтнаас заан, халим хүртэлх бүх амьтан байдаг бол ерөөс бодит биегүй лус, савдаг тэргүүтэн амьтад бас ордог байна. Бодит биегүй ийм амьтдын сайн муу нөлөө маш хүчтэй байдаг тул лус, савдгийг сайн аргадаж, аль болох уурлуулж, хилэгнүүлэхгүйг хичээх ёстойг манай ухаант дээдэс сургасаар ирсэн билээ. Лус, савдгийг баярлуулахыг тухайд хамгийн энгийн арга нь цай, идээнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөх, уул усаа бузарлаж буртаглахгүй байх, ухаж төнхөхгүй байх, ан амьтдыг зугаа цэнгэлээр олноор нь алж хядахгүй байх, нутаг усаа магтсан дуу, шүлэг зохиох, зохиолгох, зохиосныг унших, дуулах, ус нутгаа байнгад магтсан сайн үгсийг хэлэлцэж байх зэрэг хүн бүрийн чадах зүйл байдаг. Хүмүүс том том уулаа илүүтэй ярьж, шүтдэг бөгөөд усаа нэг их шүтдэггүй талтай. Гэтэл усны эзэн буюу лусын хүч, хорлол илүү байдгийг ямагт анхаарч усаа их хайрлаж, магтаж, ариун сайхнаар нь байлгах учиртайг дашрамд өгүүлсү.
Харин овоо тахих, наадам үйлдэх зэргээр хамтаараа тусгай журмаар үйлдэх ёслол бол байгаль дэлхийгээ баясгах илүү шинжлэх ухааны үндэстэй томоохон ажил юм... Гэвч энэ тухай өгүүлэх нь энэ бяцхан номын сэдвээс доторх асуудал биш тул гурван цэг тавиад орхиё. Юм ярьж чадахгүй болсон үедээ аав нь хүүгээ ажил хийгээд ирэхэд нь (мод бэлдэх, хашаа барих гэх мэт дараах бүлэгт өгүүлсэн ажлууд) ээжид нь нэг юм дохиогоор хэлээд байдаг байсан нь “Ажил сайн хийж байна, их сайн байна. Хоолыг нь нэмж өг” гэсэн санаа байсныг ээж нь ойлгодог байжээ.
Ингээд аав нь өөд болж, ах нь дээд сургуульд явсан тул ээждээ нэмэр болох, хэдэн дүү нараа тэжээх үүрэг Гочоо хүүд ноогдсоноос Орост ч, Баянхонгорт ч явалгүй 15 наснаасаа үйлдвэр бригадад ороод хүнд ажилд зүтгэж эхэлсэн байна. Энэ тухай дараах бүлэгт тодорхой өгүүлнэ.
Аав нь Зундуй, Осор, Гомбосүрэн, Долгор, Дарьсүрэн гэсэн дүү нартай хүн байснаас одоо дүү Долгор нь 90, Гомбосүрэн нь 80 наслаад нийслэлд хүүхдүүдтэйгээ эрүүл саруул сайхан амьдарч байна.
Ах шигээ ажилсаг Гомбосүрэн дүү нь тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож ирээд “ Нэг ийм юм өглөө” гээд өврөөсөө одон гаргаж үзүүлж байсан гэдэг юм билээ. Эндээс энэ удмынхны ерөнхий төлөв бас харагдах л байх даа. Ээж Лхамсүрэн нь Зундуй гэдэг хүний охин бөгөөд өвөө аав Очир нь аян жин тээдэг, их бяртай, том биетэй хүн байсан аж. Нэг удаа, тэр үеийн жишгээр бодвол одоогийн Хятадын нутаг Бор тал, Цонжинд аян хийж явсан болов уу, пүүсийн данжаадууд Монгол эрчүүдийн бяр тэнхээ, тэсвэр тэвчээр, бас ухааныг сорьж өөрийн бараагаараа элдэв мөрий тавьдаг байсан зангаараа (энэ тухай нутаг бүрд шахам сонин хачин яриа, домог их түгээмэл байдаг) хунз цайг шүдээрээ зууж өргөөд майхан нэг тойрвол уг цайг үнэгүй өгөхөөр мөрий тавихад хүлэгнээс нь шүдээрээ зуугаад майхан хоёр тойрч байсан гэдэг яриаг хөгшчүүд үе дамжуулан ярьсаар иржээ. Энэ хүн бас нутгийнхаа, хожим зээнцэр охин Дугарсүрэнгийн нь хань болсон Ёндонгийн дээдэс болох нэг хүчтэн эртэй сарлагийн бухны доогуур хоёр гар оруулж гар гараасаа атгалцаад өргөж нэлээн хол алхацгаагаад тавьсан тухай энэ хүний ойрын садан Чойсүрэн (Чойсоо хэмээх) гуай ярьж байсныг миний бие өөрийн чихээр дуулсан бөлгөө.
Тэгэхээр Гочоо зааны бөхийн удам ээж талаасаа гэдэг нь тодорхой байна. Энэ удмаас гэрлэсэн Чимэд гэдэг айлаас энэ цаг үед буюу нутгийн дээс алхаж хот хүрээнд ирж барилдах боломжтой болсон үед улсын заан , сумын начин таван хүү төрөн гарсан байна. Дээр өгүүлсэн дээд өвөг Очир, түүний ах дүүс бүгд том биетэй, бяр ихтэй улс байсан тул хол явж барилдсан бол ямар ямар цолтон тодрох байсныг таахад бэрх ажгуу. Мөн Очир гэдэг хүний ганц эрэгтэй зээ дүү З. Дамбадаржаа ах хүндийн өргөлтийн 67-82 кг жинд 1960-аад оноос хүч үзэж МБАТС-д 1 удаа, УАШТ-нд 2 удаа, Улаанбаатар хотын АШТ-нд 2 удаа тус тус түрүүлж, Казакстанд болсон АТАШТ-нд шалгаран оролцож 5 дугаар байранд орж, мөн Хятадад болсон томоохон тэмцээнд оролцож байсан спортын мастер цолтой тамирчин байна.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1975 онд 5 давж улсын начин болсон
- 1979 онд 5 давсан
- 1981 онд 6 давж улсын заан цол хүртжээ
- 1983 онд 5 давсан
- 1985 онд 5 давсан
- 1988 онд 6 давж шөвгөрчээ