Шакира

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Шакира АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр

Шакира (исп. Shakira) хэмээн алдаршсан Шакира Изабель Мебарак Риполл (исп. Shakira Isabel Mebarak Ripoll, 1977 оны 2 сарын 2-нд төрсөн)[1] нь 1990-ээд оны дундуур Латин Америкийн хөгжмийн тавцанд тодрон гарч ирсэн Колумбийн дуучин, ая зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, филантроп (сайн үйлстэн) юм. Колумбын Барранкилла хотод төрж өссөн Шакира дунд сургуулийн сурагч ахуйгаасаа өөрийн хоолойн чадавхи, рок-н-ролл, латин, Ойрх Дорнодын нөлөө орсон өөрийн араб бүжгийн гайхалтай хөдөлгөөнөөрөө бусдыг татдаг байв. Түүний төрөлх хэл нь испани хэл бөгөөд түүнээс гадна англи, португали, итали хэлээр чөлөөтэй ярьдаг[2].

Орон нутгийн продюсеруудын дэмжлэгтэйгээр гаргасан эхний 2 цомог нь Колумбаас гадна бараг мэдэгдэлгүй өнгөрсөн багаад Шакира өөрийн хөгжмийн брэндийг бий болгохоор шийдэж, 1996 онд Pies Descalzos цомгоо гаргасан нь Латин Америк болон Испанид алдаршиж, түүнд алдар хүндийг авчрав. 1998 онд гаргасан ¿Dónde Están Los Ladrones? цомог нь Роллинг Стоун, Олл Мюзик Гайд, Биллборд зэргээс маш өндөр үнэлгээ авч, испаниар ярьдаггүй улсууд, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсад түүнийг сонсогчдын тоо хурдацтай өсчээ. 2001 онд англи хэлээр гаргасан Laundry Service цомгийнхоо "Whenever, Wherever" дууны клипийг хийлгэж, цомог нь ч амжилттай борлогдож, дэлхий даяар 20 сая гаруй хувь худалдаалагджээ[3]. 4 жилийн дараа Шакира Fijación Oral Vol. 1 болон Oral Fixation Vol. 2 хэмээх 2 ч цомгоо зэрэг шахуу гаргав. Эдгээр цомгууд нь ч амжилтад хүрч, ялангуяа "Hips Don't Lie" хэмээх дуу нь 21-р зууны эхэн үеийн хамгийн хурц хитүүдийн нэг нь болсон билээ[4]. Тэрээр одоо 2009 оны 9 сард гаргах 8 дахь цомгоо бичүүлж байгаа аж[5].

Шакира 2 удаа Грэммийн шагнал, 8 удаа Латин Грэммийн шагнал хүртэж, Алтан Бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байв. BMI компанийн тооцоолсноор түүний 60 сая гаруй цомог дэлхий даяар борлогдсон бөгөөд тэрээр Колумбын түүхэн дэх хамгийн амжилттай дуучин юм[6]. Мөн тэрээр АНУ-ын Биллбордын Шилдэг 100, Канадын Шилдэг 100, Австралийн АРИА, Нэгдсэн Вант Улсын хит парадыг тэргүүлсэн Өмнөд Америкийн цорын ганц дуучин болно.

Түүнчлэн Шакира нь Холливудын Алдрын Гудамжинд өөрийн нэрийг мөнхлүүлж, ийм хүндлэлийг хүлээсэн Өмнөд Америкийн анхны хүн болжээ[7].

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Shakira – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]