Энх ургийн гэрээ
Хэцинь хэмээх Энх ургийн гэрээ (хятадаар: 和親, пиньинь: Heqin) бол анх Хятадын нутагт оршиж байсан Байлдаант улсуудын үеэс эхлэн хөрш зэргэлдээх хүчирхэг улс аймагтай энх тайван оршиж, дайныг зогсоох найрамдалын баталгаа болгож тухайн улсуудын хаад ноёдын гүнж охидыг харилцан солилцон, хатан болгож байлаа. Энх Ургийн гэрээ нь НТӨ 198 оноос эхлэн НТ XX зуун хүртэл үргэлжилсэн. Хамгийн анхны тохиолдол нь Хүннү-Хань улсын хооронд байгуулагдсан найрамдлын гэрээ юм. Энэхүү гэрээ нь хятадын төрт улсуудын хувьд гутамшигт ялагдаж, зэрлэг балмад харь улсад буулт хийсний баталгаа болдог. Хүннү, Түрэг, Монгол зэрэг нүүдэлчин улсын хувьд хөрш улс орнуудаар өөрийн газар нутгийг захирсан төрт улс, эзэн хааных засаглалыг хүлээн зөвшөөрүүлж, гадаад орнуудтай харилцаагаа нийтэд батлан харуулах нэгэн арга хэлбэр, энх тайвнаар зэрэгцэн орших, утга агуулгатай гэрээ юм.
Хүннү улс-Хань улсын Энх Ургийн Гэрээ
[засварлах | кодоор засварлах]Хүннү улс улам хүчирхэгжин бэхжихийн хэрээр Хань улс тэднийг зэвсгийн хүчээр дийлэхгүй гэдгээ ухаарч эв найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулан энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг эрэлхийлж эхэлжээ.
НТӨ 201 онд Хүннү-Баруун Хань улсын хооронд болсон тулалдаанд Баруун Хань улсын хаан ялагдал хүлээжээ. Хань улсын хаан Хүннүгийн Модун шаньюйд ураг холбон найрамдлын гэрээ байгуулах амлалт өгсөн. НТӨ 198 онд Хань улсын хаан Лю Бан өөрийн түшмэлээр Хүннүгийн Модунь шаньюйд ордны сайд ноёны охиныг гүнж хэмээн их бэлэг сэлттэй хүргүүлж, энх ургийн гэрээг байгуулжээ. НТӨ 179 онд Хан улсын шинэ хуанди Сяо Вэньди Хүннү-Хань улсын хооронд байгуулагдсан энх ургийн гэрээг сэргээн баталсан байна. НТӨ 162 онд Хань улсын Вэнь хуанди, Хүннүгийн Лаошан шаньюйд илгээсэн захидалдаа "Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана... Хань улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм" хэмээн дурдсан нь НТӨ 198 онд байгуулсан гэрээний эхийн хэсэг мөн гэж Г.Сүхбаатар үзсэн байдаг.
Эл гэрээг байгуулагч хоёр тал харилцан хүлээн зөвшилцсөн хэд хэдэн зүйлийн дотор Хан улсын хааны гүнжийг Хүннүгийн шаньюйд хатан болгон илгээх, жилд хэд хэдэн удаа Хан улсаас Хүннүд тодорхой хэмжээний бөс торго, дарс сархад, хүнсний зүйл зэрэг янз бүрийн зүйлээс бүрдсэн бэлэг сэлт барьж байх, Хүннү бол Хань улстай эн зэрэгцэхүйц улс мөн гэж хүлээн зөвшөөрөх, нөгөө талаар Хүннү нар өөрийн зүгээс хүлээх үүрэг болгож Хань улсыг үл довтлох зэрэг заалт орсон байжээ. Энэхүү гэрээ зарим үед тасалдаж, зарим үед сэргэн лавшруулан батлагдаж, 200 гаруй жилийн турш хэвээр мөрдөгдөж иржээ.
Хань улсаас Энх ургийн гэрээгээр харь улсад илгээсэн гүнж нар
[засварлах | кодоор засварлах]- НТӨ 200 онд Гаоди хуандигийн гүнжийг Модун шаньюйд өгөв.
- НТӨ 192 онд Хуйди хуандигийн гүнжийг Модун шаньюйд өгөв.
- НТӨ 176 онд Сяо Вэньди хуандигийн 3-р гүнжээ Модун шаньюйд өгөв.
- НТӨ 174 онд Сяо Вэньди хуанди өөр нэг гүнжээ, Хүннү улсын шинэ эзэн Лаошан шаньюйд өгөв. Тус гүнжийг дагаж Жунхан Юэ нэр тайган Хүннүд очиж, цагийн уртад Лаошан шаньюйгийн зөвлөх болсон.
- НТӨ 162 онд Сяо Вэньди хуандигийн өөр нэг гүнжийг Лаошан шаньюйд өгөв.
- НТӨ 160 онд Сяо Вэньди хуанди өөрийн гүнжээ Хүннүгийн шинэ эзэн Жюнчэн шаньюйд өгөв.
- НТӨ 156 онд Жинди хуанди Жюнчэн шаньюйд гүнжээ өгөв.
- НТӨ 155 онд Жинди хуанди 3-р гүнжээ Жюнчэн шаньюйд өгөв.
- НТӨ 152 онд Жинди хуанди 4-р гүнжээ Жюнчэн шаньюйд өгөв.
- НТӨ 140 онд Хан улсын шинэ эзэн Уди хуанди өөрийн гүнжээ Жюнчэн шаньюйд өгөв.
- НТӨ 108 онд Уди хуандигийн зарлигаар Жяньдүгийн И вангийн ач охин Лю Шижюнийг (刘细君 130–101) эзэн хааны гүнжээр өргөмжилж, Үсүнь аймгийн эзэн Лежяомид өгөв.
- НТӨ 103 онд Уди хуандигийн зарлигаар Лю Жеёуг гүнжид өргөмжилж, Үсүний хаан Жюньшюмид өгөв. Жюньшюми нь НТӨ 93 онд өөд болсны дараа түүний залгамжлагч Вэнчюмигийн хатан болов. НТӨ 60 онд Вэнчюйми өөд болсны дараа Үсүний шинэ хаан Нимигийн хатан болсон.
- НТӨ 33 онд Хань улсын Юаньдигийн зарлигаар хааны ордны эм Ван Жаожюнийг Хүннүгийн Хуханье шаньюйд өгөв. Тэр Хуханье шаньюйд Итужясы гэдэг нэг хүү төрүүлсэн. НТӨ 31 онд түүний хүү Фүжүлэй-роди шаньюйгийн хатан болж, 2 охин төрүүлсэн.
V-VII зууны үеийн Энх Ургийн гэрээ
[засварлах | кодоор засварлах]Умард Янь
[засварлах | кодоор засварлах]- Умард Янь улсын Фөн Ба хаан Табгачийн Вэй улсын эсрэг тэмцэлд Жужан улсыг холбоотноо болгохыг зорьж өөрийн охин Лөлан гүнжийг Хулюй хаанд хатан болгон өгчээ.
Тоба Вэй
[засварлах | кодоор засварлах]- 428 онд Тоба Вэйгийн хоёрдугаар хаан Минюаньди, Умард Ляны ван Жюцю Мужяньтай найрамдал байгуулж, өөрийн охин Увэй гүнжийг гэрээний баталгаа болгож, вангийн хатан болгон өгсөн. Түүнээс хоёр охин төрсөн.
- 533 онд Тоба Вэйгийн сүүлчийн хаан Сяоудигийн зарлигаар Тоба улсын хааны холын садан Чаншан ван Юань Жигийн охин дүү Лө-ань гүнжийг Ланьлин гүнж хэмээх цолоор өргөмжилж, Жужаны Анагуй хааны ууган хүү Анлуочэнгийн хатан болгож, энх ургийн гэрээ байгуулсан. Жужаны Анагуй хаан 1000 адууг хуримын бэлэг болгон өгчээ.
- 545 онд Баруун Вэй улсын Гао Хуан хаан дорно зүгт байсан Зүүн Вэй улсын эсрэг тэмцэлд Жужаны Анагуй хааныг холбоотноо болгож, өөрийн талд татахын тулд Анагуй хааны Руру гүнжийг Гао Хуан өөрийн хатнаа болгон, Жужантай энх ургийн гэрээ байгуулж, худ ураг болсон. 547 онд Гао Хуан өөд болсны дараа түүний хүү Гао Чэний хатан болж, 1 охин төрүүлсэн.
Хань улс мөхснөөс хойш хятадын нутагт оршиж байсан улс орнууд тус гэрээг хүчирхэг улс аймагтай албан шахалтаар байгуулж байсан. Харин Тан улс 618 онд байгуулсднаас хойш Тан улс оршин тогтнох 280 гаруй жилийн хугацаанд нийт 20 эмэгтэйг харь улсад илгээсэн. Үүнээс 3 нь хааны гүнж, 4 нь вангийн охид, 7 нь сурвалжит ноёдын охид, 3 нь харь угсааны жанжидын охид, 3 нь угсаа гарал нь тодорхойгүй охид байсан.
Эдгээр 20 гүнжийн 6 нь Уйгурын хаанд, Киданы Дахэ овогт 4, Кумоси аймагт 3, Түгүхүнь улсад 3, Түвэд улсад 2, Давань улсад 1, Наньжао улсад 1 гүнжийг илгээж, Энх Ургийн гэрээ байгуулж байсан. Гэхдээ тухайн цаг үеийн дайн дажин, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч гэрээний нөхцөл шаардлага нь өөр байжээ. Эдгээр гүнжээс хамгийн алдартай нь Вэньчэн гүнж юм.