Үчимэй
Ваньянь Үчимэй (хятадаар: 完顏晟 吳乞買, пиньинь: Wán yán chéng wú qǐ mǎi) (1075 оны 11 сарын 25 – 1135 оны 2 сарын 9) нь зүрчидийн Алтан улсын хоёрдугаар хаан. Түүний хаанчлалын үед 1125 онд Киданы Ляо улсыг мөхөөж, 1127 онд Сүн улсын нийслэлийг эзлэн хоёр хааныг нь олзлон, Хөх мөрнөөс хойшх нутгийг нь эзэлсэн.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Үчимэй нь ваньянь овгийн ноён Хэлибогийн дөрөв дэхь хөвүүн бөгөөд Агуда хааны дүү. 1123 онд Агуда өөд болсны дараа хаан сууринд заларч чадсан. 1125 онд Алтан улсын жанжин Ваньянь Лоушигийн удирдсан цэргүүд Киданы хаан Тяньзодиг олзлож, Ляо улсыг мөхөөсөн. 1125 оны 10 сард Сүн улстай байгуулсан холбоотны гэрээгээ зөрчиж, Сүн улс руу Ваньянь Гаогаар их цэрэг захируулж довтлов. 1126 оны 8 сард Ваньянь Зонван, Зонхан нарын захирсан Алтан улсын цэргүүд Сүн улсын нийслэл Бянжин хотыг бүслэж, 1127 онд тус хотыг эзлэхэд Сүн улсын Хуйзун, Чиньзун хоёр хааныг олзлов. Ингээд Сүн улсын ихэс ноёд Хөх мөрний урд байх Линьань хот руу нийслэлээ шилжүүлж, хааны угсааны нэг хүнийг хаан болгосноор Өмнөд Сүн улсын үе эхэлдэг. 1128 онд Үчимэй хааны зарлигаар Сүн улсын Хуйзун хаанд "Хүньдө гүн (昏德公)", Чиньзун хаанд "Чонхүнь хоу (重昏侯)" хэмээх түшмэлийн цол соёрхож тэднийг "Угучэн" (五國城; одоогийн Хармөрөн мужийн Илань шянь) гэх хотод газар заан суулгав. 1130-аад оны үеэс хойд зүгт Хамаг Монголын эсрэг хэд хэдэн удаа дайтсан ч, ялагдав.
Түүний хаанчлалын үед Алтан улсын төрийн тогтолцоо бэхжиж, эзэнт гүрний шинжийг олсон. 1135 онд 60 насандаа таалал төгссөний дараа Агуда хааны ач хөвүүн Хэла залгамжлав.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх:
- Эцэг: Хэлибо
- Эх: Налан овгийн Ижянь хатан (翼簡皇后 拏懒氏)
Хатад, хүүхдүүд:
- Чиньрэнь хатан, Танкуо овгийнх (欽仁皇后 唐括氏)
- Пүлүхү (蒲魯虎), хятад нэр нь Ваньянь Зонпань (完顏宗磐), Сүн ван (宋王), ууган хөвүүн
- Тодорхойгүй:
- Хулу (胡魯), хятад нэр нь Ваньянь Зонгу (完顏宗固), Бинь ван (豳王)
- Хулубу (斛魯補), хятад нэр нь Зоня (完顏宗雅), Дай ван (代王)
- Алудай (阿魯帶), хятад нэр нь Зоншүнь (完顏宗順), Сю ван (徐王)
- Алубу (阿魯補), хятад нэр нь Зонвэй (完顏宗偉), Ю ван (虞王)
- Хушаху (斛沙虎), хятад нэр нь Зонин (完顏宗英), Тэн ван (滕王)
- Алин (阿鄰), хятад нэр нь Зони (完顏宗懿), Сюэ ван (薛王)
- Алу (阿魯), хятад нэр нь Зонбэн (完顏宗本), Юань ван (原王)
- Гулань (鶻懶), И ван (翼王)
- Хулижя (胡里甲), хятад нэр нь Зонмэй (完顏宗美), Фэн ван (豐王)
- Шэнтүмэн (神土門), Юнь ван (鄆王)
- Хубошу (斛孛束), Хуо ван (霍王)
- Волиэ (斡烈), Цай ван (蔡王)
- Гуша (鶻沙), хятад нэр нь Зонжэ (完顏宗哲), Би ван (畢王)
Өмнөх Агуда |
Алтан улсын хаан 1123-1135 |
Дараах Хэла |