1894-1895 оны Хятад-Японы дайн
1894-1895 оны Хятад-Японы дайн буюу Хятад-Японы 1-р дайн (хятад. 甲午戰爭, хялбар. 甲午战争, пиньинь Jiǎwǔ zhànzhēng; япон. 日清戦争 Нисинсенсо:; солон. 청일 전쟁?, 淸日戰爭?) —Солонгост эрх мэдлээ тогтоох зорилготой Манж Чин улсын эсрэг Япон улсын хийсэн дайн.
Дайны өмнөх нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]Солонгос нь газарзүйн хувьд Японтой ойр оршдог тул "Японы зүрх рүү чиглэсэн хутга" гэж үздэг байв. Солонгост гадаадын, ялангуяа европынхны нөлөө, хяналтаас сэргийлэх, болж өгвөл хяналтандаа авах нь Японы гадаад бодлогын гол зорилго байв. Өмнө 1876 онд Солонгос улс Японы цэргийнхэний дарамт шахалт дор Канхвадо арал дээр "Солонгос-Японы энхийн гэрээ" байгуулж, Солонгосын өөрийгөө тусгаарлах байдалд эцэс болгож өөрийн боомтуудаа японы худалдааныханд нээж өгчээ.
Дараагийн хэдэн арван жилд Япон, Чин гүрэн Солонгосыг хяналтандаа авахын тулд ээлж дараалан амжилтанд хүрч байсан. 1884 онд Японы Мэйжийн эрин үеийн сэргээн босголтын дараа Японы шинэчлэлийн амжилтад урамшиж, Японы дэмжлэгийг ашиглан Солонгосын шинэчлэгчид Солонгост ижил төстэй шинэчлэлийг эхлүүлэхийн тулд төрийн эргэлт хийжээ. Бослогын үеэр Сөүлд байрлаж байсан Чин улсын цэргийн гарнизон 3 хоногийн дараа бослогыг дарж, Японы дипломат төлөөлөгчийн газрын байрыг шатааж, 40 гаруй япон хүн амь үрэгджээ. Үйл явдал Япон, Чин гүрнийг зэвсэгт мөргөлдөөний ирмэгт аваачсан бөгөөд 1885 онд Тяньжины энх тайвны гэрээ байгуулснаар энэ аюулыг зогсоож чадсан бөгөөд энэ гэрээний дагуу хоёр талд цэргээ Солонгосоос гаргасан байдаг. Үүнээс хойш бодит байдал дээр Солонгос Япон-Манжийн хамтарсан эрх мэдэл дор орсон байна.
1894 оны 6-р сард тариачдын бослогыг дарахын тулд Солонгосын засгийн газрын хүсэлтээр Чин гүрэн армийн сонгомол ангиудыг Солонгос руу илгээжээ. Эдгээр цэргийн ангиуд Сөүлээс өмнө зүгт орших Асан-Гонжу бүсэд суурьшихад босогчид хэсэг хугацаанд ухарчээ. Үүнийг далимдуулан Япон ч мөн энд Чин улсын цэргийн ангиас гурав дахин олон цэргээ илгээсэн бөгөөд үүний дараа Солонгосын хаанаас "шинэчлэл" хийхийг шаардсан нь үнэндээ Солонгост Японы хяналт тогтоосон байна.
1894 оны 7-р сарын 23-ны шөнө Японы цэргүүд Сөүл хотод төрийн эргэлт хийсэн юм. Улмаар 7-р сарын 27-нд Солонгосын шинэ засгийн газар Чин улсын цэргийг Солонгосоос гаргахыг Японд "хүсэлт" гаргажээ. Ингээд 1894 оны 8-р сарын 1-нд Япон албан ёсоор дайн зарлав. 8-р сарын 26-нд Япон Солонгосыг цэргийн эвслийн гэрээнд гарын үсэг зурахыг албадсан бөгөөд үүний дагуу Солонгос Японы талаас Чин улсын цэргийг нутаг дэвсгэрээс нь гаргахыг "даатгасан" байна.
Солонгост болсон дайны ажиллгаанд Япончууд ялжээ. Улмаар далайд болон хуурай газар Чин улс ялагдсан тухай мэдээ Бээжин дэх эзэн хааны ордонд хүчтэй цохилт болсон байна. Энд тэд Цыши хатны 60 жилийн ойг тэмдэглэхээр эрчимтэй бэлтгэж байсан бөгөөд урьд өмнө байгаагүй тансаг баярт зориулж төрийн сангаас 10 сая мөнгөн лан хуваарилжээ. Хуай арми болон Бэйян усан флотыг ялсан нь Аньхойгийн улс төрийн бүлэглэлийн байр суурь, нэр хүндэд хүнд цохилт болсон юм.
Хятад улс хил дээрээ дайсныг зогсоох оролдлого хийсэн. Ялу голын аманд хамгаалалтын шугамыг яаравчлан байгуулж, Хуай армийн 24 мянган цэрэг төвлөрүүлжээ. 10-р сарын 25-нд генерал Ямагатагийн удирдсан Японы 1-р армийн довтолгоо эхэлсэн. Ширүүн эсэргүүцсэний дараа Чин улсын цэргүүд ухарч эхлэв. Ялу голыг гатлан довтлогчид Өмнөд Манжуур руу дайрч, дайныг Чин гүрний нутаг дэвсгэрт шилжүүлэв. Үүний дараа Японы 1-р арми хоёр хэсэгт хуваагдав. Дэслэгч генерал Кацүра Таро-гийн удирдлаган дор нэг хэсэг ухарч буй хятадын ангиудыг үргэлжлүүлэн мөрдөж, Лүшүнтэй зэргэлдээх нутгийг тусгаарлаж байсан бол дэслэгч генерал Оку Ясуката-гийн удирдлаган дор өөр нэг хэсэг хойд зүгт гарч Мүгдэн рүү довтлов.
Дайн Чин улсын сан хөмрөгийг бүрэн хоослосон байна. Бээжин 1894, 1895 оны 1-р сард Англиас нийт 28 сая лангийн хоёр зээл авахаас өөр аргагүйд хүрчээ. 1894 оны 11-р сараас Их гүн Гон, Ли Хунжан нар Японтой энхийн хэлэлцээ хийхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд 1895 оны 1-р сард тэнд албан ёсны төлөөлөгчдийг илгээв. Япон дайнаас хүлээж байсан бүхнээ авч амжаагүй байсан тул Хирошимад эхэлсэн хэлэлцээг Японы тал зогсоожээ.
3-р сарын 30-нд Манжуурт 20 хоногийн хугацаатай түр эвлэрэл зарлав. Токио Тайвань болон Пэнху арлыг эзлэхийн тулд дайныг үргэлжлүүлэх сонирхолтой байв. Хэлэлцээнд Хятадыг төлөөлөн Ли Хунжан оролцуулахыг Япончууд Шимоносэки хотод шаардав. Өвгөн эрхмийг гутаан доромжлолоос нь яаран зайлуулж, бүх шагнал, зэрэг дэвийг нь түүнд буцааж өгч (Жили мужийн захирагчийн албан тушаалаас бусад), өөрөө 3-р сард эхэлсэн энхийн хэлэлцээг явуулах Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдов. Бараг нэгэн зэрэг Японы цэргүүд Пэнху арлууд дээр буужээ.
Ерөнхий сайд Гүн Ито Хиробуми хэлэлцээрийг зориудаар хойшлуулж, 750 сая лан мөнгөн нөхөн төлбөр төлөх, Тяньжин, Дагу, Шанхайгуаныг Японы талд шилжүүлэх зэрэг гайхалтай бөгөөд доромжилсон шаардлагуудыг дэвшүүлжээ. Ли Хунжан эдгээр шаардлагыг няцаахад түүний амь насанд халдах оролдлого гарчээ: шархадсан Элчин сайд арав хоногийн турш хэлэлцээнд оролцож чадаагүй. Япон энэ хугацаанд Пэнху арлыг эзлэн авчээ. 1895 оны 4-р сарын 17-нд Шимоносэки хотод Япон, Хятадын төлөөлөгчид Шимоносэкийн гэрээнд гарын үсэг зурсан нь Хятадыг доромжилж хэрэг болов. 1895 оны 5-р сард Чин улсын засаг захиргааны төлөөлөгчид Пэнху, Тайвань, Ляодун хойг арлуудыг япончуудад албан ёсоор шилжүүлсэн боловч Тайваньд Японы эзлэн түрэмгийлэгчдийн шийтгэх хүчин болон орон нутгийн партизан бүлгүүдийн хоорондох дайсагнал 1902 он хүртэл зогссонгүй. Гэрээнд гарын үсэг зурсан нь Хятадад олон тооны эсэргүүцлийг төрүүлэв, ялангуяа эрдэмтдийн томоохон хэсэг "Хамтын санамж бичиг" гаргаж, дайныг цаашид үргэлжлүүлэхийг шаарджээ. Удалгүй Орос, Франц, Герман улсууд эсэргүүцэж, Япон улс нөхөн төлбөрөө нэмэгдүүлсэнээр Ляодун хойгийг өөртөө нэгтгэхээс татгалзахад хүрсэн байна.