1973 оны Парисын энхтайвны хэлэлцээр

Парисын энхтайвны хэлэлцээр (англ. Paris Peace Accords, Вьетнам хэл: Hiệp định Paris về Việt Nam) буюу албан ёсоор Вьетнам дахь дайныг зогсоож энхтайвныг тогтоох тухай Парисын Хэлэлцээр (англ. Agreement on Ending the War and Restoring Peace in Viet Nam, Вьетнам хэл: Hiệp định về chấm dứt chiến tranh, lập lại hòa bình ở Việt Nam) - Вьетнамын дайнд оролцогч талуудын 1969 оноос 4 жил үргэлжилсэн яриа, хэлэлцээний үр дүнд 1973 оны 1 дүгээр сарын 27-нд Парис хотноо гарын үсэг зурсан, олон талт дипломат хэлэлцээр юм.

Хэлэлцээрт Ардчилсан Бүгд Найрамдах Вьетнам Улс (Умард Вьетнам), Бүгд Найрамдах Вьетнам Улс (Өмнөд Вьетнам), АНУ, Бүгд Найрамдах Өмнөд Вьетнам Улсын Хувьсгалт түр Засгийн газрын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан байна.

1973 оны Парисын энхийн хэлэлцээр.

Парисын хэлэлцээрийн үндсэн заалтууд[засварлах | кодоор засварлах]

  • Өмнөд Вьетнам дахь зэвсэгт үйл ажиллагаа 1 дугаар сарын 27-ны Гринвичийн цагаар шөнө дунд (Сайгоны цагаар 1 дугаар сарын 28-ны өглөөний 8 цагт) зогсоно. Мөн Умард Вьетнамын эсрэг АНУ-ын бүх цэргийн үйл ажиллагаа зогсоно.
  • 60 хоногийн дотор тэнд байгаа гадаадын бүх цэргийг Өмнөд Вьетнамын нутаг дэвсгэрээс гаргаж, тус улс дахь АНУ-ын цэргийн баазуудыг татан буулгана. Үүний зэрэгцээ талууд дайнд олзлогдогсдыг солилцох ёстой.
  • АНУ болон Умард Вьетнамын Засгийн газрууд Өмнөд Вьетнамын ард түмний өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэхээ амлаж, Өмнөд Вьетнамын ирээдүй олон улсын хяналт дор чөлөөт, ардчилсан сонгуульд тулгуурлана гэдэгт санал нэгдэв. Сонгуулийг зохион байгуулахын тулд Эв нэгдэл, зөвшилцлийн Үндэсний зөвлөлийг байгуулах ёстой.
  • 1954 оны Женевийн хэлэлцээрийн Умард болон Өмнөд Вьетнамыг зааглах шугамын түр зуурын шинж чанартай, хоёр орны төвийг сахих тухай заалтыг баталлаа. Вьетнамын хоёр хэсгийг нэгтгэх нь тэдний хооронд байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр энхийн замаар явагдах ёстой гэж тэмдэглэв.
  • Гэрээний хэрэгжилтэд хяналт тавихыг Канад, Унгар, Индонез, Польш улсын төлөөлөгчдөөс бүрдсэн Олон улсын хяналт, ажиглалтын комисст даалгав.

Хэлэлцээрийн хэрэгжилт[засварлах | кодоор засварлах]

Парисын хэлэлцээр нь 1950-иад оны сүүлээс хойш Вьетнамын хоёр хэсгийн хооронд иргэний дайны хэлбэрээр үргэлжилж, сүүлдээ АНУ, ЗСБНХУ болон хэд хэдэн улсууд хөндлөнгөөс оролцсон Вьетнамын дайныг зогсоох зорилготой байсан юм. Гэсэн хэдий ч 1954 оны Женевийн хэлэлцээрийн нэгэн адил тэдний хэрэгжилтэд хяналт тавих механизм хангалтгүй байсан тул дайтаж буй талууд гарын үсэг зурсан уг Хэлэлцээрийг удаа дараа зөрчсөн. Энэхүү Хэлэлцээрийн гол үр дагавар нь АНУ Вьетнамын дайнаас гарсан явдал байв. Гуравдугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Вьетнам Улсаас Америкийн цэргийг гаргах ажил дуусаж, 4 дүгээр сарын 1-нд Умард Вьетнам дайнд олзлогдогсон америк цэргүүдийг эх оронд нь буцаах ажлыг дуусгав. Гэсэн хэдий ч дараа нь Бүгд Найрамдах Вьетнам улсад зарласан чөлөөт, ардчилсан сонгууль хэзээ ч болоогүй. Мөргөлдөөн удалгүй дахин эхэлсэн бөгөөд өмнөх шигээ том хэмжээний шинж чанартай болсон. Хойд Вьетнам өмнөд нутгаас цэргээ татсангүй, харин ч эсрэгээрээ тэднийг эзэлсээр байв. Талуудын хэлэлцээр мухардалд орж байв. 1975 оны 3-р сард Умард Вьетнамын арми Бүгд Найрамдах Вьетнам Улс руу довтолж, хоёр сарын дотор хяналтаа тогтоосон нь Парисын хэлэлцээрийн энх тайвнаар нэгтгэх тухай заалттай зөрчилдсөн юм.

Хэлэлцээнд оролцсон АНУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Хэнри Киссинжер, Умард Вьетнамын тэргүүн Ле Дык Тхо нарын Парисын хэлэлцээрийг биелүүлэхэд оруулсан үүргийг нь үнэлж Нобелийн энх тайвны шагнал хүртээжээ. Ле Дык Тхо Вьетнамд жинхэнэ энх тайван тогтоогүй байна гэж тайлбарлаад шагналыг хүлээн авахаас татгалзсан байдаг.