Өмнөд Вьетнам
Өмнөд Вьетнам нь одоогийн Вьетнам улсын өмнөд хэсэгт 1955-1975 оны хооронд оршин тогтносон улс юм. 1950 онд "Вьетнам Улс" (1949–55) гэгдэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус улс нь хожим "Бүгд Найрамдах Вьетнам Улс" (1955–75) гэдэг албан ёсны нэртэй болжээ. Нийслэл нь Сайгон буюу 1975 оноос Хошимин хот болсон. "Өмнөд Вьетнам" болон "Умард Вьетнам" гэх нэршил нь 1954 онд тогтсон, Вьетнамыг 17-р өргөргөөр коммунист болон коммунист биш бүсэд хуваасан Женевийн хурлаар хэвшсэн нэр томъёо болно.
- 1954—1955: Вьетнам Улс (Quốc gia Việt Nam) — (1949-1954 Вьетнамын бүх нутагт байсан улс)
- 1955—1975: Бүгд Найрамдах Вьетнам Улс (Việt Nam Cộng Hòa)
- 1975—1976: Өмнөд Вьетнамын Бүгд Найрамдах Улсын түр Засгийн газар (Chính phủ Cách mạng lâm thời Cộng hoà miền Nam Việt Nam).
Өмнөд Вьетнам нь Францын колоничлолын үед Францын Энэтхэг-Хятадын бүрэлдэхүүн дэх Вьетнамын өмнөд хэсэгт, гуравны нэгийг нь эзлэн орших Кошичина колониос улбаатай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хо Ши Минээр удирдуулсан Вьет Минчүүд Ханойд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1949 онд Вьетнамын коммунист биш улс төрчид Сайгонд хуучин эзэн хаан Бао Дайгаар удирдуулсан сөрөг Засгийн газрыг эмхлэн байгуулжээ. 1955 онд ерөнхий сайд Нго Дин Дьем Бао Дайг засгийн эрхээс зайлуулж, хуурамч тунхаглал гарган өөрийгөө Ерөнхийлөгч болгож авсан. Дьем 1963 онд цэргийн эргэлт-ээр албан тушаалаа алдсан бөгөөд түүний дараа богино настай хэд хэдэн Цэргийн Засгийн газар тогтож байлаа. Ингээд 1967 онд генерал Нгуен Ван Тьеу засгийн эрхэнд гарч, 1975 он хүртэл захирчээ. 1959 онд эхэлсэн Вьетнамын дайн болон Хойд Вьетнамын дэмжлэгтэй партизаны арми болох Вьет Конгийн хүч Өмнөд Вьетнамыг туйлдуулж байлаа. Дайн байлдааны явц 1968 онд оргилдоо хүрсэн бөгөөд мөн онд болсон Тетийн давшилтад Өмнөд Вьетнамын 1.5 сая гаруй, АНУ-ын 500,000 гаруй цэрэг оролцсон гэдэг. Оролцогч талуудын хооронд 3 жил үргэлжилжсэн яриа хэлэлцээний эцэст 1973 онд байгуулсан Парисын энхтайвны хэлэлцээрээр дайн зогссон хэдий ч тулалдаан үргэлжилсээр Умард Вьетнамын арми 1975 оны 4 сарын 30-нд Сайгоныг эзлэн авснаар Өмнөд Вьетнам улс үгүй болжээ.
Парисын энхтайвны Хэлэлцээр байгуулсан гавьяаг үнэлж Х.Киссинжер, Ле Дык Тхо нар Нобелийн шагнал хүртсэн боловч Умардын талыг төлөөлөгч Ле Дык Тхо энхтайван гүйцэд тогтоогүй гээд шагналаас татгалзсан байна.