IV Бела

IV Бе́ла (унгар. IV. Béla; 1206 оны 11-р сарын 29-нд төрсөн- 1270 оны 5-р сарын 3-нд нас барсан) -Унгарын Ван (1235—1270), Штириин гүн (1254—1258). Унгарын Арпад удмын гаралтай II Андраш хааны хүү, III Белагийн ач хүү.

Унгарын IV Бела Вангийн цээж баримал.

Унгарын Ван (1001-1918) төрийн түүхэнд өвө эцэг III Белагийн үлгэр жишээгээр Вангийн эрх мэдлийг бэхжүүлж, 1241 онд Монголчуудын довтолгооны дараа улс орноо сэргээн босгосноороо ялгарсан алдартай Унгарын Вангийн нэг. Ийм учраас унгарчууд түүнийг "Унгарын хоёр дахь үүсгэн байгуулагч" гэж нэрлэдэг байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

IV Бела бол II Андраш Ван ба түүний анхны эхнэр Мераны Гертруда-гийн ууган хүү болж төрсөн. Түүнийг төрөхөөс нь өмнө Ромын пап III Инноцентийн хүсэлтээр Унгарын шашны удирдлага, ноёдууд түүнийг эцгийнх нь залгамжлагчаар хүлээн зөвшөөрнө гэж тангараг өргөсөн байдаг юм.

7 настай Бела 1213 оны 9-р сарын 28-нд эхийг нь хөнөөсөн язгууртан хуйвалдагчдын хэргийн гэрч байсан гэдэг. Хатан хааныг хөнөөсөний дараа эцэг II Андраш Ван зөвхөн хуйвалдагчдын удирдагчийг цаазлахыг тушааж, бүлгийн бусад гишүүдийг уучилсан нь эцэг хүү хоёрын хооронд дайсагнал үүсэх эхлэл болсон байна. Амьд үлдсэн алуурчдаас өшөө авах гэсэн Белагийн хүслийг зөвхөн түүний эгч, Унгарын алдарт Гэгээн Элизабет л барьж байжээ.

1214 оны эхээр залуу Бела Болгарын Борил Вангийн охинтой сүй тавьж удалгүй "бага хаан" гэж өргөмжилжээ.

1220 онд 14 настай Бела Никей улсын эзэн хаан Феодор I Ласкарисын охин гүнж Мария Ласкарина-тай гэрлэж, эцэг нь түүнд Славоны (өнөөгийн Хорват) удирдлагыг даатгажээ. Гэсэн хэдий ч кампанит ажлаасаа буцаж ирэхдээ Белагийн гэрлэлтийг зохион байгуулсан II Андраш хаан энэ үед Никеагийн эзэнт гүрэнтэй холбоотон болсондоо харамсаж 1222 онд хүүгээ эхнэрээс нь салгажээ. Гэвч Пап лам Гуравдугаар Гонориус гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж зарлахаас татгалзсан тул Бела эхнэрээ авч, эцгийнхээ уур хилэнгээс эмээж, гүн Леопольд Бабенбергийн ивээл хамгаалалт дор Австри руу зугтжээ. Удалгүй Пап ламын зуучлалаар хаан II Андраш хүүтэйгээ эвлэрч, түүнд Славони, Далматиа-г удирдах эрхийг өгчээ.

1234 оны 5-р сарын 14-нд хаан II Андраш өөрөөсөө гучин насаар дүү Беатрис д'Эстетэй гэрлэснээр хүү эцэг хоёрын харилцаа улам дордсон байна.

Хаан ширээнд[засварлах | кодоор засварлах]

1235 оны 9-р сарын 21-нд түүний эцэг Андраш нас барж, IV Бела Ван ширээнд суусан. Мөн оны 10-р сарын 14-нд Эстергомын хамба Роберт түүнийг Секешфехервар хотод хаан ширээнд өргөмжилжээ. Үүний дараахан IV Бела өөрийн залуу хойд эх, эцгийнхээ ахлах зөвлөхийг завхайрсан хэрэгт буруутгаж, тэднийг баривчлах тушаал өгчээ. IV Бела-гийн гол зорилго бол эцгийнхээ хаанчлалын үед ихээхэн суларсан хааны хүч, нөлөөг сэргээх явдал байв. Тиймээс тэр зөвлөхүүдийнхээ сандлыг "хааны өмнө зогсох ёстой гэх утгаар" олны өмнө шатаахыг тушаасан байна.

IV Бела Ван

IV Бела Ван өөрийн дүү Юлианыг (лат. Iulianus Hungarus OP, унгар. Julianus barát) дорно зүгт, унгарын түүхэн эх орондоо үлдсэн бусад Мажар овгуудыг хайлгахаар илгээв. 1238 онд лам Юлиан Зүүн Мажаруудтай уулзсаны дараа буцаж ирээд монгол цэргүүд Европ руу довтлох гэж буй тухай мэдээ хаанд дуулгав. IV Бела түрэмгийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдсэн тул монголчуудаас дүрвэсэн 40 мянган Половцууд буюу кипчакуудыг хааны цэргийн албанд орсныхоо төлөө Унгарын вант улсад орогнуулахыг амлав. Гэсэн хэдий ч Половцын болон кипчак ард түмний нүүдэлчдийн соёл Унгарчуудад таалагдаагүй бөгөөд дургүйцлийг төрүүлж, хаант улсын доторх үндэстэн хоорондын харилцаа улам л төвөгтэй болжээ.

Энэхүү байдлаас болж Половцууд бослого гаргаж, байнгын армийн цэргүүдийг устгаж Болгар нүүжээ.

Монголчуудын довтолгоо[засварлах | кодоор засварлах]

Половчуудыг явсны дараа IV Бела хамгийн үнэ цэнэтэй холбоотнуудаа алдсан ч монголчуудын эсрэг 100,000 орчим цэрэгтэй арми бүрдүүлж чадсан байна. 1241 оны 4-р сарын 11-нд Унгарын хаан IV Бела болон түүний дүү хорватын гүн Коломаны арми Сайо голын тулалдаанд бараг бүрэн устгагдсан.

IV Бела Загреб руу зугтаж Ариун Ромын эзэнт гүрний захирагч Хогенстауфены II Фредерик, Ромын пап IX Григорий нарт элч илгээж, монголчуудын эсрэг дайтах дэмжлэг хүсчээ. Тэрээр Унгарын хаант улсад цэргээ илгээвэл эзэн хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан ч барууны аль ч гүрэн түүнд тусламж үзүүлээгүй ажээ.

Үүний зэрэгцээ монголчууд Дунай мөрний баруун эрэг дээр орших хаант улсын нутаг дэвсгэрийг дээрэмдсэн - Пештийг шатааж, Буда хагас устгасан байна. Мөн 1-р сард хөлдсөн Дунай мөрөн дээгүүр гаталж чадсан Бат хаан түүнийг Хорватад олзлохоор цэрэг илгээснээр IV Бела монголчуудаас зугтахад хүрсэн юм. Чингисийн ач хүү Хадангийн удирдлаган дор байсан монголчууд Бела хааныг Клис цайзад нуугдсан гэж итгэж байв.

"Монголчууд Унгарт. 1241 он" гэдэг эртний зураг.

Уулархаг газар нутаг нь тэдний ердийн цэргийн тактикт саад учруулсан тул Монголчууд Далматын хот руу довтолж амжилт олоогүй байна. Тэднийг Венийн ойролцоох Австрийн гүнт улс руу довтлоход их хаан Өгэдэй 1241 оны сүүлчээр Монголд нас барсан тухай мэдээ ирж, Бат хаан шинэ хааныг сонгох сонгуульд оролцохоор нутаг буцаж дайны аянаа 1242 онд зогсоож Төв Европ аврагдсан түүхтэй.

Хоёр дахь үүсгэн байгуулагч[засварлах | кодоор засварлах]

Монголчуудыг буцсаны дараа Бела хаан дотоод асуудалд анхаарч бодлогынхоо чиглэлийг эрс өөрчилсөн байна. Дайнд эзлэгдсэн сургамжийг харгалзан тэрээр дэмжигчдэдээ эдлэн газар олгож эхэлж, үүнтэй зэрэгцэн байлдан дагуулагчдыг бодитой эсэргүүцэхийн тулд хүлээн авсан газар дээрээ цайзууд барьж бэхжүүлэхийг шаардсан байна. Тэрээр мөн томоохон хотуудыг бэхлэх ажлыг хийж, эргэн тойронд нь чулуун хэрэм барихыг тушаажээ. Бела цөлөгдсөн Половцууд, кипчакуудыг дуудаж, Дунай, Тиса голын хоорондох эзгүй газар нутгийг тэдэнд олгож суурьшуулжээ. 4 жилийн дотор IV Бела монголчуудын учруулсан сүйрлийн ул мөрийг бараг бүрэн арилгасан тул "Унгарын хоёр дахь үүсгэн байгуулагч" нэртэй болжээ.

Удалгүй 1242 онд Бела IV өөрийн алдсан Унгарын газар нутгаа буцааж авахын тулд Бабенбергийн удмын төлөөлөгч Австрийн гүн II Фредерик эсрэг цэргүүдийг удирдаж дайтав. Дайны үеэр тэрээр Сопрон, Көшэг хотыг эзэлж, Монголын довтолгооны үеэр алдсан гурван комитат буюу мужаа буцааж авчээ. 1244 оны 6-р сарын 30-нд Унгарын хаан IV Бела Венецийн Бүгд Найрамдах Улстай энх тайвныг тогтоож, Задар хотыг тэдэнд өгч Далматийн хотуудын гаалийн татварын орлогын 1/3-ийг өөртөө үлдээж чаджээ.

1246 онд IV Бела ууган хүү Иштваныг "бага хаан" хэмээн өргөмжилсөн боловч түүнтэй эрх мэдлээ хуваалцахыг хүссэнгүй. Үүний үр дүнд 1258 онд Иштван эцгийнхээ эсрэг арми босгож, Белаг Трансильванийн хяналтыг түүнд түр хугацаагаар өгөхийг ятгажээ. 1260 онд Унгар, Богемийн хаант улсуудын хооронд Энхийн гэрээ байгуулсны дараахан Иштван дахин Трансильванийг мэдэх болжээ.

1261 онд Бела болон түүний хүү Иштван Болгарын хоёр дахь эзэнт гүрний эсрэг цэргээ нэгтгэн хөдөлгөв. Гэвч IV Бела хаан бага хүү Славоны гүн Бела болон охин Анна нартай илүү харилцаатай байж Иштвантай харилцах харилцаа улам хурцдаж байв. Аав хүү хоёр бие биенийхээ дэмжигчдийг хавчиж эхэлсэн бөгөөд тэдний мөргөлдөөн зайлшгүй байжээ. Эцэст нь Эстергомын Филип, Калошийн Смарагд нар хэлэлцээр хийж, 1262 оны зун Прессбург хотод гэрээнд гарын үсэг зурснаар зөрчилдөөн өндөрлөв. Тэдний тохирсон ёсоор Иштван Дунай мөрний зүүн талын вант улсын нэг хэсгийг хяналтдаа авчээ. Гэсэн хэдий ч Бела, Иштван хоёрын эвлэрэл түр зуурынх байжээ.

Сүүлийн жилүүд[засварлах | кодоор засварлах]

1269 оны зун IV Бела өөрийн өв залгамжлагч гэж үзсэн хайртай хүү Славоны гүн Бела-гаа алдсан юм. Үүний дараа түүний хайртай охин Унгарын гүнж Анна түүнд улам бүр их нөлөө үзүүлж эхэлжээ. IV Бела өөрийн хүү Иштванд итгээгүй тул эцсийн гэрээслэлээр охин болон түүний хүргэн Чехийн хаан, Австрийн гүн Премисл Оттокар хоёрт хаант улсыг шилжүүлжээ.

Унгарын хаан IV Бела 1270 оны тавдугаар сарын 3-нд гэнэт нас барав. Түүнийг нас барсны дараа гүнж Анна Чехийн хаан Пшемысл Оттокар II-ийн хамгаалалт дор Прага руу зугтсан бөгөөд Иштван V Унгарын хааны хаан ширээнд суужээ.