Jump to content

Steinway & Sons

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Steinway & Sons
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
Үүсгэн байгуулагдсан 1853 оны 3 сарын 5[1]
Төв байр Европ, олон улсад:
Хамбург,  Герман[2]
Удирдлага Рон/Роналд Лосби, Гидо Циммерманн
Салбар Хөгжмийн зэмсэг
Цахим хуудас Европ ба олон улс
Америк
Штайнвэй төгөлдөр хуур (загвар D-274 Хамбург дахь Штайнвэй үйлдвэрээс)
Штайнвэй төгөлдөр хуур (загвар D-274 Хамбург дахь Штайнвэй үйлдвэрээс)

Steinway & Sons (ихэнхдээ зөвхөн Steinway гэдэг; монгол хөрвүүлэг Штайнвэй энд Санс) компани нь гранд төгөлдөр хуур болон төгөлдөр хуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж юм. Тус компанийг 1853 онд Хайнрих Энгелхард Штайнвег (англиар Henry E. Steinway буюу Хенри Э. Штайнвэй) хүүхдүүдийнхээ хамтаар Нью-Йорк хотод (Манхэттен) үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш Steinway & Sons нь нийт 125 патентыг бүртгүүлсэн байна.[3][4] Steinway & Sons компани нь гранд төгөлдөр хуур болон төгөлдөр хуураа Хамбург, Нью-Йорк хотын Куинс дүүрэгт үйлдвэрлэдэг.[5]

2013 оны наймдугаар сард Жон Паулсоны Паулсон & Ко. компани нь Штайнвэй & Санс, мөн тус компанитай нэгэн дээвэр дор байх Селмер Компани, Юнайтед Мюзикал Инструментс болон бусад хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн толгой хувьцаат компани болох Штайнвэй Мюзикал Инструментсийг худалдан авснаас гадна хөрөнгийн биржээс ч гаргасан байна.[6]

Штайнвэй & Санс нь мөн Японд Бостон, Хятадад Эссекс гэх маркийн нэрүүдтэйгээр төгөлдөр хуураа үйлдвэрлэдэг.

Штайнвэйн гэр бүл

[засварлах | кодоор засварлах]
Хайнриx Энгелхард Штайнвег (Хенри Э. Штайнвэй)

Хайнриx Энгелхард Штайнвег нь германы Лангелсхайм хотын Вольфсхаген им Харц дүүрэгт төрсөн, тавилгын мужаан мэргэжилтэй нэгэн байсан ба сүүлдээ орган хийхээс гадна сүмийн орган хөгжимчин байв. Тэрбээр хөгжмийн сонирхолдоо хөтлөгдөн хөгжмийн зэмсэг хийж эхэлсэн ба сүүлд нь төгөлдөр хуур хийх болжээ. Штайнвег хамгийн анхны гранд төгөлдөр хуураа 1836 онд Зээзен дахь байрныхаа гал тогоонд бүтээсэн ба энэ бүтээл нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэнээс гадна гал тогооны гранд төгөлдөр хуур хэмээн нэрлэгдэх болжээ.

1850 онд тэр эдийн засгийн шалтгаанаас үүдэн эхнэр Юлианэ, гурван охин, дөрвөн хүүгийнхээ хамтаар АНУ руу шилжин суурьшив. Тэдний гэр бүлийнхэн Нью-Йорк хотод овгоо англижсан нэр болох Штайнвэй болгон өөрчилжээ. Анхандаа Штайнвег ба түүний хөвгүүд энд тэндэхийн төгөлдөр хуурын үйлдвэрүүдэд ажиллаж байгаад, 1853 онд бие даан гэр бүлийн компаниа үүсгэн байгуулжээ. Түүний үүсгэн байгуулсан гэр бүлийн компани нь тун удалгүй амжилтанд хүрэв. Түүний бас нэгэн хүү К. Ф. Теодор нь аавынхаа ажлыг үргэлжлүүлэн германд үлдсэн байна. Хүү нь эхлээд үйлдвэрийн цехээ Вольфенбюттел руу шилжүүлэн нүүв. Үүний дараа Фрийдрих Гротрианыг хамтран эзэмшигчээр авсан ба удалгүй Вольфенбюттелаас хөрш зэргэлдээх Брауншвайг руу нүүжээ. Хэдийгээр энэ гэр бүл нь хоёр өөр тивд алслагдсан байсан ч төгөлдөр хуурын хийцийн шинэчлэлийн талаарх мэдээлэл бүхий баримтуудыг маш ихээр нааш цааш явуулдаг байсан ажээ.

1865 оны гуравдугаар сард Штайнвегийн хоёр хүү болох Хайнрих (Хенри хүү), Карл (Чарльз) нар нас барав. Үүнээс шалтгаалан германд үлдсэн байсан ганц хүү Теодор нь Нью-Йорк дахь үйлдвэрийнхээ захирлын ажлыг авахаар болсон учраас мөн л АНУ руу шилжсэн бөгөөд герман дахь үйлдвэрээ хамтран эзэмшигч Гротрианд 20.000 талераар заржээ. Брауншвайг дахь үйлдвэрээс нь Гротриан-Штайнвег компани бий болов.

1871 оны хоёрдугаар сарын 7 Хайнрих Штайнвег 74 насандаа нас нөгчив. Түүний хамгийн том хүү К. Ф. Теодор болон удаах хүүхдүүд Вилхелм (англижсан нэр нь William буюу Уильям), Альберт нар компанийн удирлагаар очлоо. Вилхелмийн мэдэлд компанийн хөрөнгийн ихэнх нь байх учраас тэр удирдлагын зөвлөлийн дарга, дүү нь үйлдвэрийн дарга, Теодор нь зохион бүтээгчийн албатай. Штайнвэй компанийн түүхэнд Вилхелм маркетингийн сод ухаантнаар үлджээ. Учир Вилхелм Steinway Hall буюу Штайнвэй концерт ба жүжгийн танхимыг үндэслэснээс гадна, ах Теодорын хамт 1880 онд Хамбург хотод салбар үйлдвэрээ нээсэн байна.

Теодор сүүлд Нью-Йоркоос буцан германд ирэн амьдарч байгаад 1889 оны гуравдугаар сарын 26-нд Брауншвайгт нас баржээ. Вилхелм насан эцэслэх хүртлээ олон жил үйлдвэртээ бүхнээ зориулав. Тэрбээр 1891 оноос эхлэн Готтлиб Даймлертай хамтран Куинсд Даймлерийн тэргийг лицензээр хүртэл үйлдвэрлэсэн байдаг. 1896 оны нэгдүгээр сарын 21-нд австри-унгарын ван Франц Иосиф I хааны ордны нийлүүлэгчээр нэрлэв. Вилхелм 1896 оны арваннэгдүгээр сарын 30-нд насан эцэслэв. Түүний ажлыг түүний ач хүү Чарльз Херман Штайнвег үргэлжлүүлсэн байна.

Штайнвэй нь үүнээс гадна британи, итали, прусси, саксон, осман, испани, норвеги, швед, хаант орос зэрэг улсын хааны ордны нийлүүлэгч байв.[7]

Штайнвэй компани

[засварлах | кодоор засварлах]
Штайнвэй үйлдвэр, Манхэттен, Нью-Йорк 1876 он

Штайнвэй хөвгүүдийнхээ хамтаар АНУ-д үйлдвэрлэсэн анхны тафел төгөлдөр хуураа германд үйлдвэрлэж байсан үйлдвэрлэлийн дугаараа үргэлжлүүлэн тафел төгөлдөр хуур 483 дугаар гэсэн өгчээ. Тухайн үед энэхүү тафел төгөлдөр хуур нэгдсэн улсад нэлээд түгсэн төгөлдөр хуур байв.

1856 онд тэд америкт анхны гранд төгөлдөр хуураа үйлдвэрлэсэн ба тэр нь шулуун утаст хэмээн нэрлэгддэг төгөлдөр хуур байв.

1903 онд тус компани 100.000 дахь төгөлдөр хуураа үйлдвэрлэсэн нь концертын зориулалттай, гранд төгөлдөр хуур байсан бөгөөд үүнийгээ АНУ-ын ард түмэн зориулан бэлэг болгон өгсөн нь 35 жил Цагаан ордонд ашиглагдсан байна. 1938 онд тус төгөлдөр хуурыг 300.000 дугаартай мөн л концертын зориулалт бүхий гранд төгөлдөр хуураар сольсон нь өнөөг хүртэл ашиглагдаж байгаа аж.[8][9]

Дэлхийн хоёрдугаар дайны үед ачааны хөвөгч онгоц гэх модон хийц нисэх онгоцыг европын дайнд ашиглахад зориулан үйлдвэрлэв.

 Commons: Steinway & Sons – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Donald W. Fostle: The Steinway Saga: An American Dynasty. Scribner, 1995, ISBN 0-684-19318-3, S. 25 (englisch).
  2. Larry Fine: Acoustic & Digital Piano Buyer – Fall 2014. Brookside Press LLC., 2014, ISBN 978-1-929145-39-3, S. 194–195 (englisch).
  3. Steinway Changing Amid Tradition. The New York Times, 28. März 1991, abgerufen am 27. Juli 2011 (englisch).
  4. Google Patent Search. Google, abgerufen am 18. August 2011 (englisch).
  5. Einklang von Prestige und Perfektion. Westdeutscher Rundfunk Köln, 15. Februar 2012, abgerufen am 5. Januar 2016.
  6. Legendärer Klavierbauer: Steinway geht an Hedgefonds-Manager Paulson. Spiegel Online, 14. August 2013, abgerufen am 9. Juni 2014.
  7. Steinway Vienna 004. Wikimedia Commons, abgerufen am 16. September 2011.
  8. Playing the White House: Entertaining with the US president. BBC News Magazine, 30. September 2011, abgerufen am 11. Oktober 2011 (englisch).
  9. A Piano Is Born, Needing Practice; Full Grandness of K0862 May Take Several Concerts to Achieve. The New York Times, 2. April 2004, abgerufen am 12. März 2010 (englisch).