Jump to content

Алун Гуа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алунгуа (латин галиг: Alan Qo-a​[1], ханз: 阿闌-豁阿, пиньинь: Ā lán- huō ā) нь Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний их хатан Баргудай мэргэний охин Баргужингуа нарын дундаас төрсөн охин бөгөөд Бөртэ чонын 11 дэхь үеийн ач Добун мэргэний гэргий, мөн Чингис хааны өндөр өвөг Бодончирийг төрүүлсэн эх юм. Монголын нууц товчоонд өгүүлснээр Хорь түмэдийн газраа Ариг уснаа төрж, эцэг Хорилардай мэргэн бээр нутаг орноосоо дайжин Бурхан халдунаар нутагтай урианхайн Шинч баяныг түшихээр ирэх замдаа Добу мэргэнд богтлогдон очоод Бэлгүнүтэй, Бүгүнүтэй гэх хоёр хөвүүн төрүүлсэн гэжээ. Харин Абул Газыгийн Монголчуудын түүх, Судрын чуулганд Бухату Салжи, Буху Хатаги гэх хоёр хөвгүүнтэй гэсэн байна. Эндээс харвал нөхөрт гараад хоёр хөвгүүнтэй болсон гэсэн дүгнэлтэд хүрч болно. Добу мэргэн өнгөрсний дараа эр нөхөргүй байтал Бухату Салжи, Буху Хатаги, Бодончарыг төрүүлсэн бөгөөд эд хөвгүүдээс Нирун Монголын олон овог аймаг салбарлан үүссэний нэг нь Хиад Боржигин овог гарсан билээ.

Монголын нууц товчоонд хоёр хөвүүндээ гурван хөвүүн хэрхэн төрүүлсэн тухай тайлбарласан нь:

Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй. Үүнд Алун-гуа эх нь өгүүлрүүн: "Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв. Гэвч, та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин өгүүлнэ та. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гээд бас Алун-гуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: "Та таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь үгүй болов.[2]

Алун гэдэг нь Ариун гэсэн гэсэн утгатай. Гоо хэмээх нь нэгд, гоо сайхан, хоёрт, ухаа зүсийг илэрхийлсэн байх магадгүй юм.[баримт хэрэгтэй]

  1. Т, Дашцэдэн (2009). "Монголын нууц товчоон"-ы галиг (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар: МУИС. p. 17.
  2. "Монголын нууц товчоо: 19-22-р зүйл".