Jump to content

Болонья

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Болонья хотын газрын зураг дээрх байрлал

Болонья (итали. Bologna [boˈloɲːa], латин. Bononia, Bolonia, Felsina) -Итали улсын умард хэсэгт орших хот. Италийн мужтай адилтагсан Эмилья-Романья засаг захиргааны төв. 1088 онд байгуулагдсан Дэлхийн ууган Болонийн Их сургуль байралдаг хот.

Хүн ам нь 2016 оны байдлаар 388.367 байсан. Аж үйлдвэр хөгжсөн, тээврийн гол уулзварт таатай байршилтай учраас тус хотын амьжиргааны түвшин Италид хамгийн өндөрт тооцогддог. Аж үйлдвэр сайн хөгжсөн, тээврийн замын уулзвар зангилаа болсон таатай байршилтай учраас тус хотын оршин суугчдын амьдралын түвшин Италид хамгийн өндөрт тооцогддог байна. Болонья хотыг мөн Италийн "хоолны нийслэл" гэж нэрлэдэг байна.

Болонья хот Падана тал дээр, Умард Апеннин нурууны зүүн өмнөд бэлд, Рено, Савена голуудын хөндийн хооронд байрладаг. Хотын газар нутгийн талбай 140 км². Болонья хот далайн түвшнээс дээш 54-300 м-ийн хооронд хэлбэлздэг байна.

Болонья хотыг МЭӨ 510 онд этрускчууд байгуулсан гэж судлаачид үздэг. Энэ хот анх Фельсина гэдэг нэртэй байжээ. МЭӨ 189 онд Ромын Бүгд Найрамдах улсын Сенат Валериус Флаккусын санаачилгаар Фельсина хотод 3000 хүн амтай Бонониа (Бой омгийн нэрээр нэрлэгдсэн) хэмээх Ромын колони байгуулжээ. Ромын Эзэнт гүрний ид цэцэглэлтийн үед Болонья хотод 10,000 орчим хүн амьдардаг байсан бөгөөд энэ нь Италийн хамгийн баян хотуудын нэг байв; өнөөдөр тус хотод цөөн тооны эртний дурсгалууд хадгалагдан үлджээ.

Улаан дээвэртэй Болонья хот

XI зуунд хагас бие даасан чөлөөт хамтрал статустай болсон Болонья хот хөгжиж байжээ. 1088 онд Европ дахь анхны Их сургууль-Студио байгуулагдсан байна. 1256 онд Болоньяд боолчлолын буюу хамжлагын эрхийг халсан «диваажингийн хууль» (итал. Legge del Paradiso)-тай болсон байна.

17-р зуунд Болонья хот Европын оюун ухааны төв болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд математик, одон орон судлал болон бусад шинжлэх ухааныг судлахаар ирдэг (Николай Коперник Болоньягийн их сургуульд суралцаж байв) байсан. Их сургуулийн онцлог нь багшлах боловсон хүчнийг оюутны хамтрал томилдог байсан бөгөөд тэд таалагдаагүй багшийг халах эрхтэй байжээ.

1796 онд Болонья хотыг Францчууд эзлэн авч Сицилийн Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүн хэсэг болж, дараа нь шинээр сэргэн байгуулагдсан Италийн Вант Улсын Рено мужийн нийслэл болжээ. 1815 онд Ромын Папын хаанчлалд буцаж ирснээр XVI Григорийгийн эсрэг хувьсгалт тэмцлийн өлгий болсон түүхтэй. Энд түр засгийн газар, үндсэн хууль зэргийг тунхаглаж байсан ажээ. Гэвч Австричууд хотыг эзэлж, босогчдыг хөөж, Их сургуулийг хаасан (1831-1832) байна. Сүүлд нь Болонья дахин Папын дөрвөн эзэмшил нутгийн нэгний нийслэл болжээ. 1860 онд тус хот Романья мужийн хамт Италийн хаант улсад нэгдсэн байна.