Дональд Трампын амь насанд халдах оролдлого
Доналд Трампын амь насанд халдах оролдлого 2024 оны 7-р сарын 13-ны өдрийн 18 цагийн 11 минутад (орон нутгийн цаг) АНУ-ын Пеннсилвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн команит ажлын цуглааны үеэр гарсан байна. Халдлага хийсэн этгээдийн буудсан сум АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч бөгөөд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын баруун чихний дээд хэсгийг оносон байна.
Амь насанд халдах оролдлогыг "AR-15" төрлийн винтов буугаар хамгаалалтын бүсийн гадна байрлах байшингийн дээврээс, ойролцоогоор 90 орчим метрийн зайнаас буудаж үйлдсэн гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. Буудсан этгээдийг нууц албаны ажилтан тэр даруй буудан хороож чаджээ. Батлер хотын прокурорын газрын мэдээлснээр, буудсан этгээд жагсагчдын нэгийг хөнөөж, өөр хоёр хүнийг хүнд шархадуулсан байна.
Уг гэмт хэргийг хүн амины хэрэг гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байна. Энэ хэрэг нь 1981 онд Рональд Рейганыг мөн буудаж амь насанд халдах оролдлогоос хойш анх удаа АНУ-ын ерөнхийлөгч хүний амь насанд халдах оролдлого болсон байна.
Д.Трампыг хамгаалалтын албаныхан тэр даруй Батлер хотын эмнэлэгт хүргэж, биеийн байдлыг шалгуулжээ. Трамп хэдэн цагийн дараа эмнэлгээс гарсан. Түүнийг 21:30 цагийн орчимд эмнэлгээс Питтсбургийн олон улсын нисэх онгоцны буудал руу авч явсан байна. Улмаар тэндээсээ нисч 7-р сарын 14-ний өглөө үүрээр Нью-Жерси мужийн Ньюарк Либерти олон улсын нисэх буудалд газардсан. Нууц албаны төлөөлөгч хэлэхдээ Трамп аюулгүй байдалд байгаа гэж мэдэгдэв.
Халдлага хийсэн этгээд
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Холбооны мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар халдлага хийсэн этгээдийг Пеннсилвани мужийн Бетел-Парк хотын 20 настай цагаан арьст этгээд гэж тогтоогоод байна. "New York Post" сонины мэдээлсэнээр түуний нэр Томас Мэтью Крукс ажээ.
Улс төрчдийн мэдэгдэл
[засварлах | кодоор засварлах]Америкийн улс төрчид, тэр дундаа ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар халдлага үйлдсэнийг дуу нэгтэйгээр буруушааж, АНУ-д улс төрийн хүчирхийлэл байх ёсгүй гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Түүнийг аюулгүй байдалд байгаа бөгөөд биеийн байдал сайн байгааг сонсоход баяртай байна"[баримт хэрэгтэй] гэжээ.