Jump to content

Дэлхийн агаар мандал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Агаар мандлын давхрагууд (Хэмжээ харгалзаагүй) [1]

Дэлхийн агаар мандал (Дэлхийн атмосфер) гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78.08% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ[1].

Агаар мандалд бага хэмжээтэй байх хүлэмжийн хийнүүд (Greenhouse gas) газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн дулааны тэнцвэрийг хангана. Хэрэв эдгээр хийнүүд агаар мандалд байхгүй бол гадаргуугийн дундаж температур -18 °C болох бөгөөд Дэлхий дээр амьдрал байх нөхцөлгүй болно. Нүүстөрөгчийн давхар исэл, метан, усны уур, озон нь агаар мандал дахь үндсэн хүлэмжийн хийнүүд юм.

Агаар мандлын температур нь өндрөөс хамаарах бөгөөд үүн дээр нь тулгуурлан үндсэн 6 давхаргад хуваана[1].

Агаарын дээд давхрага
  1. Тропосфер: Газрын гадаргуугаас дээшхи 7 (туйл орчим) - 17 (экватор дээр) км хүртэлх агаар мандалыг хамааруулна. Газрын гадаргуугаас ойсон дулааны энерги агаарыг халаах ба халсан агаар тэлэн, нягт нь буурна. Уг нягт багатай, халуун агаар дээш шилжих ба тодорхой өндөрт хүйтэн, нягт ихтэй агаараар солигдоно. Уг процессийн үр дүнд агаарын урсгал үүсэх бөгөөд уг урсгал дулааны энергийн хувиарлалт, улмаар Дэлхийн уур амьсгал, цаг уурыг тодорхойлогч үндэс болно[2].
  2. Стратосфер: Тропосферийн гадна талаар, ойролцоогоор 50 км хүртэл өндөрт оршино. Стратосферийн доод хэсэгт озоны давхрага байрлана.
  3. Мезосфер: 50 км-ээс 80-85 км өндөрт байрлана.
  4. Термосфер: 80-85 км-ээс 640+ км-т.
  5. Ионосфер: Нарны туяаны нөлөөгөөр иончлогдсон байдаг тул ионосфери гэж нэрлэнэ.
  6. Экзосфер: 500-1000 км-ээс 10,000 кмт байрлана. Уг давхрагын гадна талд магнетосфер байрлана. Магнетосферид Дэлхийн соронзон орон ба Нарны шуурга харилцан үйлчлэлцэнэ.[3].

Дээр дурьдсан агаар мандлын давхрагуудын хооронд тропопауз, стратопауз, мезопауз, термопауз, экзобазе зэрэг завсрын бүсүүд байна.

Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.

Бусад холбоотой сэдвүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.0 1.1 Staff (October 8, 2003). "Earth's Atmosphere". NASA. Archived from the original on 2020-04-27. Татаж авсан: 2007-03-21.
  2. Moran, Joseph M. (2005). "Weather". World Book Online Reference Center. NASA/World Book, Inc. Archived from the original on 2010-12-13. Татаж авсан: 2007-03-17.
  3. Staff (2004). "Stratosphere and Weather; Discovery of the Stratosphere". Science Week. Татаж авсан: 2007-03-14.