Jump to content

Улаанбаатарын номын баяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Номын баярт уншигчид хүрэлцэн ирснээр, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, номдоо гарын үсэг зуруулах боломж олддог. Сурч боловсрох, өсөж дэвжихийн үндэс бол унших явдал билээ. Илүү олон хүн унших үйлд шамдах тусам тухайн нийгэм улам бүр ахиж, хөгжиж байдгийг бид түүхийн хуудаснаас бэлхнээ харж болно. Олон зуун жилийн турш хүн төрөлхтний ертөнцийг харах "ганц цонх" байсан ном өнөө цагт "олон цонхны нэг" мэт болоод байгаа боловч мэдээллийн хэт илүүдэл, хүчтэй урсгал дунд номын гүнзгий агуулга улам бүр үнэ цэнээ нэмээд буй. Тийм ч учраас ном бүтээгчид ба уншигчид номын баяраа хүсэн хүлээдэг.

Тус номын баярыг 14 жилийн турш Номын соёлт ертөнц ТББ-ын санаачлага дор зохион байгуулсаар ирсэн. Олон асуулт, эргэлзээг дагуулсаар анхны жилдээ 20 орчим номын зохиогч, байгууллагын бүрэлдэхүүнтэй эхэлж 5000 орчим үзэгчтэй байсан уг арга хэмжээ номд хайртай хэн бүхний талархлыг хүлээн, жил бүр цар хүрээгээ тэлж ирэв. Энэ өргөжилтөд 2012 онд гарсан “Номын баярын өдөр”-тэй болох ерөнхийлөгчийн зарлиг ч хөшүүрэг болсон юм.

Номын баярыг номын зохиогч, орчуулагчид яг л цагаан сар, наадам мэт хэмээн догдлон хүлээдэг нь учиртай. Энэ үеэр номын зохиогч, орчуулагчид, хэвлэлийн компаниуд нэг дор чуулж, ном бүтээлээ нэмүү өртөг шингээгүй үнээр борлуулан, уншигчидтайгаа шууд харилцаа тогтоодог. Тэд шинэ номуудаа энэ баяраар "нээдэг" болсон нь өөрсдөд нь ч ашигтай, уншигчдад ч таатай байдаг. Түүнчлэн ном бүтээгчид цугласан газар шинэ шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдах нь ойлгомжтой.

Харин уншигчид төрөл бүрийн номуудыг хямдралтай үнээр худалдан авахын сацуу уншдаг хүндэлдэг зохиогчидтойгоо уулзаж, санал сэтгэгдлээ хэлэх, хөтөлбөр үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг. Ялангуяа ЕБС-ийн сурагчдын “Номын аялалд гарцгаая” хэмээх уриалж, тусгай аялалын автобусаар хотын дүүргүүдээс авчран номын баярт оролцуулж, номын бэлгийг гардуулан өгдөг. Энэ нь иргэнд хүүхэд насанд нь номтой холбоотой дурсамж үлдээх нөгөөтэйгөөр номд дурлуулах зорилготой.

Номын баярын оролцогч, үзэгчид иргэдийн санаачлагаар шинээр байгуулагдаж буй номын санд номын хандив өгдөг нь уламжлал болсон бөгөөд олон олон номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад хувь нэмрээ оруулсан.

Ийнхүү тогтмол зохиогдож буй номын баяр нь иргэдийг соён гэгээрүүлж, номын зах зээлийг тэлж байна. Номын зах зээл өдгөө 80 тэрбум орчим төгрөгөөр хэмжигдэж байгаад энэ баяр нөлөөлсөн нь эргэлзээгүй билээ.

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор 2020 онд гадны улсын олон номын баяр, үзэсгэлэн яармаг тасалдсан явдал тохиов.

Харин Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл догдлон хүлээдэг номын баярыг зохиогч байгуулагчид 27, 28 дахийг тасалдуудаагүй, хорио цээрийн дэглэмээ сайтар сахин зохион байгуулсан нь иргэдийн унших хэрэгцээг хангахыг чухалчилсан явдал байв.

Номын баяраар дамжуулан Монголын ирээдүй болсон хүүхэд залууст өөрийн болон дэлхийн алдартай зохиолч уран бүтээлчдийн бүтээл туурвилаас уншиж судлан оюун сэтгэлгээгээ хөгжүүлэх алтан боломжийг нээн өгдөг төдийгүй номын салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, салбарын хөгжилд санаа өгөх илтгэл хэлэлцүүлэг өрнөдөг.

Бид номын соёлтой ард түмэн. Зохиолч, сэтгэгчид нь хөндлөнгөөс харж бичдэг болгохын төлөө. Зохиолчдын бичсэн номоос өөрсдийгөө анзаарч, түүнийг уншиж сэргэдэг ард түмэн болох төлөө хичээж байна.

Улаанбаатарын номын баяр
Улаанбаатарын номын баяраар уншигчид номтой танилцаж байгаа нь
Улаанбаатарын номын баяраар шинэ номоос гадна хуучин номын худалдаа солилцоо өргөн явагддаг
Улаанбаатарын номын баяраар уншигчид номтой танилцаж байгаа нь
Улаанбаатарын номын баяраар уншигчид номтой танилцаж байгаа нь

Улаанбаатарын номын баярыг жил бүрийн хавар 5 сард болон намар 9 сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвллийн компани ба номын салбарын байгууллагууд оролцож нийслэлийн болон бусад бүс нутгийн олон мянган уншигчид оролцдог соёлын гол арга хэмжээний нэг юм. Номын баярт уншигчид хүрэлцэн ирснээр, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, номдоо гарын үсэг зуруулах боломж олддог. Номын баярыг 14 жилийн турш Номын соёлт ертөнц ТББ зохион байгуулсаар ирсэн. [1].

Энэ баяраар Монгол улсын бусад аймгийн төвүүд болон хотуудад салбар номын баярыг тэмдэглэж уншигчдад шинэ номыг танилцуулах болон холбогдох боловсролын болон соёлын байгууллагууд иргэдтэй ойртож хамтран ажиллаж орон нутгийн томоохон арга хэмжээ болдог.

Улаанбаатарын номын баяр 2019

[засварлах | кодоор засварлах]

Энэ жил 25 дахь номын баяр 2019 оны 5 сард, 26 дах номын 2019 оны 9 сард зохиогдлоо. Хаврын баярыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж буй “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд, хүүхдийн зохиолч, хэвлэлийн байгууллагыг бодлогоор дэмжих, хүүхэд залуучуудын номтой нөхөрлөх соёлыг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ-аас тодорхой зардлыг шийдэж дэмжин хамтран ажиллав.

Энэ удаагийн номын баярын үзэсгэлэн худалдаанд ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, "Мир ном" 20 хувь, "Интерном"-ын монгол хэлээрх ном 10-70 хувь, англи, япон ном 20 хувь, герман сурах бичиг 30 хувь, "Сэлэнгэ пресс" 30-70 хувь, "Соёмбо принтинг" 30-50 хувиар номоо хямдруулсан байв. Номын баяр гурван өдөр үргэлжиллээ.

Улаанбаатарын номын баяр 2018

[засварлах | кодоор засварлах]

2018 оны номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниуллаа.

БСШУ яамны Соёл, урлагийг дэмжих сан 2018 онд тэгш ой нь тохиож буй төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн, төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн ойг тохиолдуулан зохиолчдын бүтээл туурвилыг хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж уншигч олондоо их зохиолчдын ном, бүтээлийг барьсан нь энэ жилийн номын баярын нэгэн бэлэг боллоо.

2 өдрийн үйл ажиллагааны хүрээнд ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, жил бүр зохион байгуулдаг “Хүүхдүүдээ дэлгэцээс аварья” аян, шинэ номын нээлт, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай тэмцээн, уралдааныг өргөн хүрээнд улс орон даяар зохион байгуулав.

 Commons: Улаанбаатарын номын баяр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан