Jump to content

Форд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Форд Мотор Компани
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат Компани
ISINUS3453708600
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
Үүсгэн байгуулагдсан1903 оны 06-р сарын 16 (1903-06-16)
Үүсгэн байгуулагчХенри Форд
Төв байрДеарборн, Мичиган
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсМарк Фильдс, ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал
Уильям Клаи Форд Йуниор
(ТУЗ-ийн дарга)
БүтээгдэхүүнАвтомашин
Цахим хуудасhttp://www.ford.com/

Форд Мотор Компани нь америкийн Мичиган мужийн Деарборн хотод төвтэй Тоёота, Фолксваген ХК, Женерал Моторс болон Хьюндай Мотор Группийн дараа дэлхийд тавд (2014 оны мэдээ)[1] бичигддэг компани юм. Энэхүү концернийг 1903 онд Хенри Форд Детройтод анх үүсгэн байгуулсан аж. 1913 онд онд үйлдвэртээ нэвтрүүлсэн урсгал дамжлагын үйлдвэрлэл нь шинээр үүсч бий болсон автомашины үйлдвэр болох Фордод огцом үсрэлтийг авч иржээ.

Хамгийн анхны урсгал дамжлагын үйлдвэрлэлийн технологиор бүтээгдсэн загвар, Форд Модель Т (1908)

Форд Мотор компани нь Хенри Фордын өөрийн гэсэн бизнесийг бий болгох гэсэн хоёр дахь оролдлого байсан юм. 1899 онд тэрбээр Детройтын Автомашин Компанийг үүсгэн байгуулж байж. Энэ компани нь төдийлөн амжилт олоогүй учир 1901 онд Хенри Форд Компани гэх нэрээр дахин шинээр үүсгэн байгуулжээ. 1902 оны гуравдугаар сард компанийн менежментэд үзэл бодлын зөрөө гарчээ. Учир нь Форд нийтэд зориулсан автомашин үйлдвэрлэх сонирхолтой байсан бол түүнд хөрөнгө оруулагчид болох Уилъям Марфи болон Лемуэл Бовэн нар үнэтэй автомашин үйлдвэрлэх сонирхолтой байлаа. Үүнээс шалтгаалан Форд өөрийнх нэрээр нэрлэгдсэн анхны компаниа орхин гарахад хүрчээ. 1902 оны наймдугаар сард Хенри М.Леланд (сүүлд Линкольнийг хамтран үүсгэгч) тус компанийг эзэмших болсон ба нэрийг нь Кадиллак болгон өөрчиллөө.

Хенри Форд 1903 оны зургаадугаар сарын 16-нд нийт 28.000 америк долларын хөрөнгөтэйгээр өөрийн дараагийн компани Форд Мотор Компанийг Детройтод үүсгэн байгуулав. Тэрбээр үйлдвэрлэсэн автомашинуудаа эхлээд цагаан толгойн үсгээр нэрлэж байсан ба түүнд 2-3 хүний нийлүүлсэн эд ангийг угсарч өдөртөө цөөн тоотой автомашин үйлдвэрлэж байлаа. Эхний хоёр жилд Модель А, С болон АС загваруудаас ердөө л 1700 ширхэгийг үйлдвэрлэсэн байна.

1908 онд “Тин Лицци“ гэх нэрээр олонд танигдсан Форд Модель Т загварыг үйлдвэрлэсэн нь амжилттай борлуулагджээ. Ингээд зах зээлд шаардлагатай байгаа тоо хэмжээгээр нь үйлдвэрлэхийн тулд 1910 онд Highland Park Ford Plant руу үйлдвэрээ төвлөрүүлсэн ба тэндээ 1913 он хүртэл урсгал дамжлагын үйлдвэрлэлийн технологио улам боловсронгуй болгон хөгжүүлж чаджээ. Хенри Форд тухайн үедээ 100 гаран жилийн өмнө бий болсон мөн анхны үйлдвэрлэлтийн дамжлагат гудамжны зураг төслийг гаргаж байсан Эли Витнэйгийн солилцоот үйлдвэрлэлийн онолыг авч хэрэгжүүлсэн байна. Тэрбээр ажилчдынхаа ихэнхийг эдгээр технологийн гүйцэтгэлд сургасан урчраас автомашины үйлдвэрлэлтийг хямд өртөгөөр хурдан хугацаанд үйлдвэрлэх болов. Жишээлбэл автомашины их биеийг угсрах угсралтын хугацаа нь 12 цаг гаран байсныг урсгал дамжлагын үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлсэнээр ердөө л 1,5 цагийн дотор угсрах болжээ. 1918 онд АНУ-д байсан бүх автомашины яг тал нь Форд Модель Т байв. Энэ загварынхаа талаар Фордын хэлсэн дурсамждаа: «түүний хэрэглэгчид хар өнгийг хүсээгүй л бол дэлхийд байх бүх өнгөөр захиалж авах боломжтой» хэмээн 1922 онд бичсэн "Миний амьдрал болон бүтээл" номдоо бичсэн байдаг. 1927 онд Тин Лиццигийн үйлдвэрлэлийг зогсоох үед тус компани нийт 15 сая гаранг үйлдвэрлэсэн байв. Энэ тоог нь сүүлд 1972 онд Фолксваген Кэфер л давж гарсан байна.

1919 оны нэгдүгээр сарын 1-нд Фордын хүү Эдсел Форд концерний удирдлагад орж ирсэн бөгөөд тэрбээр тус концерний менежментэд нөлөөлж эхлэв. 1920-иод онд тус компани зах зээл дэх өөрийн эзлэх хувийг алдсан байна. Тэдний зорилго нь бүх л ажилчид худалдан авч чадах хямд төсөр автомашин үйлдвэрлэх байлаа. Тиймээс ч үйлдвэрлэсэн автомашиндаа нэмэлт тоног, тоноглолоос бүрэн татгалзсан байна. Гэтэл Женерал Моторс болон бусад автомашины үйлдвэрүүд өөр өөр өнгөтэй автомашин, заримдаа бүр илүү тоноглогдон тансаг загваруудыг санал болгож эхэлжээ. Дээрээс нь эдгээр компаниуд хэрэглэгчдийнхээ зээлийн хэмжээг өсгөсөн нь үнэтэй загваруудыг нь худалдаж авах бололцоог олгосон байна. Энэ талаар тухай үед Форд зээл өгч байгаа эдийн засагт муугаар нөлөөлж байна хэмээн гомдоллож байсан ч зах зээлийн шаардлагаар аргагүйн эрхэнд бууж өгсөн байна.

1917 оноос эхлэн Фордсон (Хенри Форд болон хүү гэсэн утгатай) тракторыг үйлдвэрлэсэнээр зах зээлд өөрийн бүтээгдэхүүний хүрээг нэгээр нэмлээ. Фордсон тракторыг 1964 оноос Форд гэх нэртэйгээр цааш нь үйлдвэрлэжээ. Хөдөө аж ахуйн машины бизнес нь 1986 онд Нью Холландыг худалдан авсанаар ихээхэн өргөжсөн байна. Үүн дээр нэмээд 1987 онд канадын хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэгч Версатилег ч мөн худалдан авчээ. Гэвч 1991 он гэхэд ХАА-машины үйлдвэрээ Фиат компанид зарсан байна. Гэхдээ Фиат 2000 он хүртэл үйлдвэрлэсэн тракторуудаа Форд нэрээр зарах нөхцөлтэй наймаа хийсэн юм.

1951 онд Форд хувьцаат компани болжээ. 1989 онд Форд Ягуар компанийг худалдан авсан бол үүнээс хойш арван жилийн дараа 1999 онд Вольвогийн суудлын автомашины үйлдвэрлэл болон түүнд хамаарах барааны нэрийн эрхтэй нь хамт худалдан авсан байна.

2000 оноос эхлэн автомашины загварын буруу бодлогоос шалтгаалан Форд өөрийн нутгийн зах зээл дээр хүнд байдалд орлоо. Учир нь жилийн орлогын татвар өндөртэй SUV төрлийн загварыг илүү дэмжсэн болон гадны үйлдвэрлэгчдийн нийлүүлж буй компакт ангиллын автомашины зах зээлийг үл анхааран орхисон байна. Үүнээс шалтгаалан зах зээлд бий болж буй алдагдлыг удаан хугацаанд үл тоов. Гэтэл бензиний үнэ нэмэгдсэнээр SUV болон пик-ап загваруудын борлуулалт багассанаар Женерал Моторс болон Крайслертэй адил хямдралын өрсөлдөөнд нэрвэгджээ.

Форд Мотор Компанийн маркийн нэр

[засварлах | кодоор засварлах]
Форд компаний салбар байрших улс орнууд

Форд маркийн нэрэнд мөн Линкольн болон Троллер зэрэг автомашины маркууд ч бас тус концернд хамаардаг. 1989 онд эзэмшилдээ авсан Ягуар болон 2000 онд худалдан авсан Лэнд Ровер зэрэг компаниудаа 2008 онд Тата-Группэд буцаан заржээ.[2] Түүнээс гадна Мазда компаний хөрөнгийн 2,1%-ийг Форд Мотор компани эзэмшдэг байна.

Зургийн цомог (сонголтоор)

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Форд – Викимедиа дуу дүрсний сан
  1. World Ranking of Manufacturers. хандсан 2015 оны арванхоёрдугаар сарын 13-нд
  2. Financial Times Deutschland Online, хандсан 2008.03.26