Jump to content

Фолксваген ХК

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Volkswagen Aktiengesellschaft
Фолксваген Хувьцаат Компани
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат Компани
ISIN DE0007664005
Үүсгэн байгуулагдсан 1937 оны 5 сарын 28
Төв байр Вольфсбург, Герман
Удирдлага Матхиас Мюллер
(Удирдлагын Зөвлөлийн дарга)

Ханс Дийтер Пөч
(ТУЗ-ийн дарга)[1]

Ажилчид 626.715 (2016)[2]
Эргэлтийн хөрөнгө 217,3 тэрбум EUR (2016)[2]
Салбар Автомашин, санхүү- болон тээвэр зуучийн үйлчилгээ, мах боловсруулалт
Цахим хуудас volkswagenag.com
1938-05-26: Германы эзэнт гүрний канцлер Адольф Гитлер Фолксваген үйлдвэрийн тулгын чулууг тавьсан нь. Баруун урд талд Фердинанд Порше
Германы эзэнт гүрний хурдны зам дээр явж буй КдФ-Ваген, 1943 оны нэгдүгээр сар

Фолксваген Хувьцаат компани (герм. Volkswagen Aktiengesellschaft, орч. Фолксваген хувьцаат компани буюу товчоор: VW AG) нь германы Вольфсбург хотод төвтэй, дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч ба Тоёота болон Женерал Моторс түүний хамгийн том өрсөлдөгч нар юм.[3][4] Фолксваген хувьцаат компани нь 1937 оны тавдугаар сарын 28-нд Фолксваген хязгаарлагдмал хариуцлагатай компани нэрийн дор үүсгэн байгуулагдсан ба тус компани бий болсоноор Вольфсбург хотын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Фолксваген ХК нь автомашины маркууд болох Фолксваген суудлын автомашин, Ауди, Сеат болон Шкодагийн эх концерн болохоос гадна мөн түүнчлэн үнэтэй автомашины загварын маркууд болох Бентлеи, Бугатти, Дукати (мотоцикл), Ламборгини болон Порше ч бас харьяалагдана.[5] 2007 оноос 2011 он хүртэл тус концерн хэрэглээний тээврийн хэрэгслийн салбар (ачааны автомашин, автобус) болох Фолксваген хэрэглээний тээврийн хэрэгсэл гэсэн маркаа MAN болон Сканиагаар өргөтгөжээ.

Фолксваген ХК-ийн үндсэн бизнесийг аж үйлдвэрийн гурван хэсэгт хуваах ба үүнд автомашин болон бага оврын ачааны автомашин, ачааны автомашин болон автобус, эрчим хүчний инженерчлэл (том оврын дизель хөдөлгүүр, турбо машинууд, тусгай зориулалтын дамжуулагч хөтлүүр, хөтлөгчийн эд анги болон шалгах систем) ордог. Санхүүгийн үйлчилгээний талбарт худалдаач- болон хэрэглэгчийг санхүүжүүлэх, лизингийн үйлчилгээ, даатгал болон албаны байгууллагуудад тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх зэрэг багтана.

2013 оны эхний хагаст Фолксваген ХК нь 98,7 тэрбум евроны эргэлтийн хөрөнгөөс 4,8 тэрбум евроны ашиг олсон ба үүний эргэлтийн хөрөнгө нь 3,5 хувийн өсөлттэй байсан байна.[6][7]

Концерний гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

Өнөөдрийн Фолксваген концерний гарал үүсэл нь Фердинанд Поршегийн зохион бүтээсэн Фолксваген гэх автомашины загвараас гаралтай. Энэ автомашиныг үйлдвэрлэхийн тулд үндэсний социалист намын харьяа байгууллага болох "Крафт дурх Фройде" (орч. хүчийг баяр хөөрөөр) нь 1937 оны тавдугаар сарын 28-нд Берлин хотод Фолксвагений бэлтгэлийн нийгэмлэг ХХК-ийг үүсгэн байгуулжээ. 1938 онд Брауншвайг хотод анхны үйлдвэрийг барьж эхэлсэн ба үүний дараа үндсэн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус аж ахуйн нэгж нь их британийн зэвсэгт хүчний захиргааны мэдэлд Фолксваген Мотор Воркс нэрийн дор үргэлжлүүлэн үйлдвэрлэлээ явуулж байв.

Баруун Герман үүссэний дараа 1960 оны наймдугаар сарын 22-нд Фолксвагенверк ХХК нь Доод Саксон мужийн эзэмшилд байх үедээ үйл ажиллагааныхаа хэлбэрийг хувьцаат компани болгон өөрчилсөн аж. 1985 онд болсон удирдлагын зөвлөлийн хуралдаанаар компанийн нэрийг Фолксваген ХК болгон өөрчлөх шийдвэрийг гаргаснаас хойш энэ нэртэйгээ үйл ажиллагаагаа явуулж байна.

1934 оны гуравдугаар сарын 8-нд Берлин хотод нээлтээ хийсэн Олон Улсын Автомашины Үзэсгэлэн дээр Адольф Хитлер нийт ард түмэнд зориулсан автомашин үйлдвэрлэхийг шаардсан байна.[8] Түүний хүслээр бол хурдны замд 100 км/цагийн байнгын хурдтай явахад бат бөх байх, гэр бүлд зориулсан дөрвөн хүний суудалтай, түлшний хэрэглээ багатай болоод дан ялангуяа үнэ өртөг нь 1000 Райхсмаркаас (РМ) хэтрэхгүй байх автомашины хийцийг гаргах шаардлагатай байв.

Штутгарт хотод зохион бүтээх товчоо ажиллуулж байсан Фердинанд Порше 1934 оны зургаадугаар сарын 22-нд Германы эзэнт гүрний автомашины аж үйлдвэрлэлийн холбооноос урьдчилсан хийцийн загвар гаргаж өгөх гэрээг хүлээн авчээ. Гитлерийн захиалсан автомашиныг хийх бололцоог судалсан судалгааны баг нь 1000 РМ-аас бага үнэтэй автомашиныг үйлдвэрлэн гаргах боломжгүй хэмээн эргэлзэж байв. Түүнээс өмнө фолксваген нэрийн дор хийгдэж байсан хийц загварууд нь хэт өндөр материалын өртөг болоод үйлдвэрлэлтийн технологи нь цувралаар үйлдвэрлэхэд тохиромжгүйгээс шалтгаалан үйлдвэрлэлтийн өртөг өндөртэй байснаас шалтгаалан «ард түмний автомашин» болж чадахгүй байлаа. Үүний жишээнд Жозеф Ганцын автомашины үзэсгэлэнд гаргасан Фолксваген Майкаефер гэх нэртэй загварыг нэрлэж болно.

Автомашины аж үйлдвэрүүд Фолксвагенийг хөрөнгө мөнгөөр дэмжих сонирхол байхгүй байсан учир Гитлер Германы ажилчдын фронтод (ГАФ) европын хамгийн том автомашины үйлдвэр барих үүрэг өгчээ. Ингээд 1937 оны тавдугаар сарын 28-нд ГАФ-ын дарга Роберт Леигийн хяналтан дор Фолксвагений бэлтгэлийн нийгэмлэг ХХК-ийг Берлин-Груневалд-д төвтэйгээр үүсгэн байгуулжээ. Тэдний анхны бөгөөд цорын ганц бүтээгдэхүүн нь КдФ-Ваген байх ёстой байв. Фолксвагений үйлдвэрийг барих санхүүжилтийг 1933 онд татан буулгаж, худалдсан үйлдвэрчний эвлэлийн хөрөнгө болон ГАФ-ын бэлтгэсэн борлуулалтын урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлжээ.

Ерөнхий захирал Бодо Лафферентц аяллаар явж байхдаа санаандгүйгэээр урьдны “Фаллерслебен” буюу өнөөгийн Вольфсбург хотын ойролцоох хүн амын нягтшил багатай газрыг сонгон үйлдвэрээ барих болов. Үйлдвэрийн анхны багцаалсан төслийн зураг болоод түүнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зургийг инженер Фритц Кунтце хийсэн байна. Үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт нь тухайн үедээ хамгийн орчин үеийн автомашины үйлдвэрт тооцогдож байсан Деарборнд байрлах Форд Мотор Компани байлаа.[9]

  1. Pötsch ist neuer Aufsichtsratschef, dpa: 7. Oktober 2015, nzz.ch, 2015-10-7
  2. 2.0 2.1 "VW Group 2016 results". Эх хувилбараас архивласан: 2017-03-03. Татаж авсан: 2017-08-10.
  3. http://www.oica.net/wp-content/uploads//ranking-2013s-2.pdf
  4. VW ist zweitgrößter Autobauer der Welt Ndr: ndr.de 2014-01-30, хандсан 2015-02-17
  5. Die Modellpalette des Volkswagen Konzerns – Ein Überblick und Links zu den internationalen Websites der Marken[permanent dead link] хандсан 2011-06-15
  6. Der VW-Gewinn sinkt, dpa: Frankfurter Allgemeine Zeitung 2013-07-30, хандсан 2015-02-17
  7. Volkswagen Konzern. "Volkswagen Konzern Halbjahresfinanzbericht 2013". volkswagenag.com. Эх хувилбараас архивласан: 2016-03-04. Татаж авсан: 2015-09-26.
  8. Jürgen Lewandowski: VW Typen und Geschichte, Steiger Verlag, Augsburg 1998, ISBN 3-89652-126-8, S. 8.
  9. Hans Mommsen, Manfred Grieger: Das Volkswagenwerk und seine Arbeiter im Dritten Reich. S. 251.