Порше

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
«Порше» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Порше»-аас олж болно.
Dr. Ing. h. c. F. Porsche Aktiengesellschaft
Др. Инж. х. др. Ф. Порше хувьцаат компани
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат Компани
Үүсгэн байгуулагдсан 1931
Төв байр Штутгарт, Баден-Вюртемберг, Герман

Удирдлага

Ажилчид ≈ 27.600 (2016)[2]
Эргэлтийн хөрөнгө 22,3 тэрбум EUR (2016)[2]
Салбар Автомашины аж үйлдвэр
Цахим хуудас www.porsche.com
Штутгарт хот дахь үйлдвэрийн төв байр, Порше
1936 онд хийгдсэн Порше Тип 60, прототип буюу туршилтын загвар

Dr. Ing. h.c. F. Porsche AG (Товчилсон үгийн утга нь: Doktor Ingenieur honoris causa Ferdinand Porsche Aktiengesellschaft буюу орчуулбал: Доктор, инженер, хүндэт доктор, Фердинанд Порше хувьцаат компани) нь германы автомашин үйлдвэрлэгч бөгөөд төв нь Штутгарт хотын Цуффенхаузен дүүрэгт байрладаг. Энэ компани нь 1931 онд Поршегийн Фердинандын Штутгарт хотод анх үүсгэн байгуулсан зохион бүтээх товчооноос үүсэлтэй бөгөөд дараа нь автомашины үйлдвэрлэлд орон спорт загварын автомашин үйлдвэрлэх болсноор эхэлсэн түүхтэй. Порше нь 2009 оноос хойш Фолксваген концернд харьяалагдах болсон.

Түүхэн замнал[засварлах | edit source]

1931-1937 он: Др. Инж. х. д. Ф. Порше ХХК[засварлах | edit source]

1931 оны дөрөвдүгээр сарын 25-нд Фердинанд өөрийн гэсэн зохион бүтээх албан байртай болон түүндээ Др. Инж. х. д. Ф. Порше ХХК, хөдөлгүүр- болон автомашины зохион бүтээц болон зөвлөгөө гэсэн нэр өгөн бүртгүүлээд, үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. Компанийн анхны ажилтнуудын тоонд түүний хүү Поршегийн Ферригээс гадна ахлах инженер Карл Рабе, хурдны хайрцаг буюу дамжуулагчийн мэргэжилтэн Карл Фроелих, дотоод шаталтын хөдөлгүүрийн мэргэжилтэн Жозеф Калес болон тэнхлэгийн хийцийн мэргэжилтэн Жозеф Цаарадник нараас бүрдэж байлаа.

Анхны захиалгат автомашины загварууд нь хэт өндөр өртөгтэй байснаас шалтгаалан цуврал бүтээгдэхүүн болж чадаагүй. Ингээд 1933 онд Авто Унионы захиалгаар уралдааны автомашин хийх гэрээ авсан бөгөөд 16 цилиндр бүхий ардаа мотортой автомашины загвар гаргасан нь маш амжилттай болсон.

1934 онд германы автомашины аж үйлдвэрийн холбооны захиалгаар Фолксваген (ард түмэнд зориулсан хямд үнэтэй автомашин) зохион бүтээх гэрээ хийсэн бөгөөд энэ нь сүүлд КдФ-Ваген буюу VW-Каефер гэсэн нэртэй болсон. Энэ захиалгын гэрээ болон түүнээс хамааралтайгаар бий болсон шинэ компани болох Фолксваген G.m.b.H.-д Фердинанд Порше нь үндсэн захирлаар ажиллан өнөөгийн Фолксваген концерны эх суурийг тавьсан юм.

1937-1972 он: Др. Инж. х. д. Ф. Порше КГ[засварлах | edit source]

Түүний инженерийн товчоо нь орлого сайтай байсан учир 1937 онд коммандит гезеллшафт (германы аж ахуйн нэгжийн бас нэг хэлбэр) болгон өөрчилсөн бөгөөд энэ компанийн хэлбэр нь 1972 он хүртэл үргэлжлэв. 1937-1945 оны хооронд Порше КГ Фолксваген үйлдвэр нь нийт 20,6 сая Райхсмаркийг автомашины хөгжүүлэлт, туршилт болон бусад үйлчилгээнд зарцуулсан байна.[3] 1937 онд германы ажилчин ангид зориулсан ард түмний трактор зохион бүтээх захиалга авсан байдаг. Дэлхийн 2-р дайны үеэр Поршегийн хийсэн бүтээлүүдэд шумбагч автомашин болон бага оврын дайны зориулалттай жип буюу бартаат замын тэрэг орохоос гадна 1939 онд хөнгөн жинтэй танк үйлдвэрлэх захиалга ч авч байж. Мөн түүнчлэн танкийн загварууд болох тигер, элефант, маус зэргийн хийцийн зураг төсөл гаргах захиалгууд авч байснаас, түүний зохион бүтээсэн бензин болон цахилгаан моторт тигер танкийн хөдөлгүүрийн найдваргүй ажиллагаа болон үйлдвэрлэлтийн өндөр өртөгөөс шалтгаалан үйлдвэрлэгдээгүй юм.[4]

Поршегийн Ферри нь 1947 онд эцгийнхээ Штутгарт дахь компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн бөгөөд учир нь тухайн үед түүний эцэг Фердинанд францын дайны хоригдлоор хоригдож байсан аж.

1951 онд Фердинанд Порше нас барсны дараа түүний хүү Поршегийн Ферри компанийн хөрөнгийн талыг өвлөн авч өнөөдрийн олны мэдэх уралдааны загварын автомашин үйлдвэрлэж эхэлсэн аж. Мөн Поршегийн эмблем болон Поршегийн тугны сүлд тэмдгийг Ферри зурж гаргасан байна. Ферригийн эгч Лоуйзе Порше нь Антон Пиёхтэй суусан бөгөөд мөн компанийн хөрөнгийн үлдсэн талыг нь өвлөн авсан юм.

1972 он: Др. Инж. х. д. Ф. Порше ХК[засварлах | edit source]

1972 онд Др. Инж. x. д. Ф. Порше коммандит гезеллшафт гэсэн компанийн хэлбэрээс хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Эгч дүүсийн хооронд нэлээд хэд хэдэн удаа удирдлагын үүрэг хариуцлагаас улбаалан маргаан гардаг байв. Тиймээс Ферри Порше болон түүний эгч Лоуйзе Пиёх нараас хойш ахин гэр бүлийн хүмүүсийг компанийн удирдлагаар томилохгүй байх шийдвэрийг эгч дүүс гаргасан байна. Үүнээс хамааралтайгаар Фердинандын ач нар болох хөгжил хариуцсан дарга Фердинанд Пиёх, үйлдвэрлэлт хариуцсан дарга Ханс-Петер Порше болон ахлах дизайнер Фердинанд Александр Порше нар ажлаа орхин гарсан байна.

1980-аад он хүртэл цөөн тооны спорт загварын автомашин үйлдвэрлэж байсан ч түүнээсээ олсон орлого нь зах зээлд амжилттай оршин тогтнох боломжийг олгож байсан гэж өөрсдөө дүгнэн үздэг аж. Харин 80-аад оны сүүлээр долларын ханшын хэт уналтаас шалтгаалан эдийн засгийн хүнд байдалд орсон. Ингээд 1991-1992 оны хооронд нийт 23.000 автомашин борлуулсан бөгөөд энэ хугацаанд 240 сая дойч маркийн алдагдалтай ажилласан байна.

1992 онд Виедекингийн Венделин ерөнхий захирлаар томилогдон 2009 хүртэл ажилласан. Энэ хугацаанд дэлхийн хамгийн өндөр орлоготой компани, Штутгарт хотын хамгийн их татвар төлөгч компани болсноор Даймлер-Бенцийг ч ардаа орхисон байна. 2006 онд Порше нь нийт 97.000 автомашин үйлдвэрлэсэн бөгөөд энэ тоогоороо германд хамгийн жижиг бие даасан автомашин үйлдвэрлэгч компани юм.

Компанийн лого[засварлах | edit source]

Kомпанийн тухай[засварлах | edit source]

Үйлдвэрлэлт явуулдаг газрууд[засварлах | edit source]

Төв байршил болох Штутгарт хотын Цуффенхаузен дахь үйлдвэрээс гадна Лайпциг хотын салбар үйлдвэр болон бусад европын улсуудад автомашины үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн түүнчлэн Финландын Валмет Автомотиве компанид Порше Каиманыг үйлдвэрлэж байгаад сүүлд буцаан германд үйлдвэрлэх болсон. SUV буюу бартаат замын тэрэг болох Каиеннег Словакид байх Фолксваген Братиславд үйлдвэрлэдэг.[6]

Эргэлтийн хөрөнгийн тоон үзүүлэлт[засварлах | edit source]

Он Татварын өмнөх
ашиг
(Сая. Евро)
Эргэлтийн хөрөнгө
(Тэрбум. Евро)
Нийт борлуулалт
(Автомашин)
1994/1995 5,8 1,333 21.124
1995/1996 27,9 1,438 19.262
1996/1997 84,5 2,093 32.383
1997/1998 166 2,591 36.686
1998/1999 357 3,161 43.982
1999/2000 434 3,648 48.797
2000/2001 592 4,442 54.586
2001/2002 828 4,857 54.234
2002/2003 933 5,582 66.803
2003/2004 1.088 6,148 76.827
2004/2005 1.238 6,574 88.379
2005/2006 2.110 7,273 96.794
2006/2007 5.857 7,368 97.515
2007/2008 1.228a 6,247a 98.652b
2010 1.736 9,232 96.473
2011 2.108 10,928 116.978
2012 2.648 13,865 143.096
2013 4.187 14,326 155.094
2014 4.320 17,205 187.208

a Энэ тоо зөвхөн Порше ХК-д хамаарна
b Охин компаниудтайгаа хамт нийт борлуулалтын тоо

Германы зах зээлд гарч байгаа суудлын автомашины эзлэх хэмжээ[засварлах | edit source]

Он Нэгж
ширхэгээр
Зах зээлд
эзлэх хувь
2014 24.365 0,80 %
2013 20.799 0,70 %
2012 20.516 0,70 %
2011 18.690 0,60 %
2010 16.257 0,56 %
2009 15.343 0,40 %
2008 16.221 0,52 %
2007 17.663 0,56 %
2006 17.490 0,50 %
2005 16.565 0,50 %
2004 16.223 0,50 %
2003 14.252 0,44 %
2002 12.212 0,38 %
2001 11.683 0,35 %

Эx үүсвэр: Холбооны германы тээврийн газар

Загвар[засварлах | edit source]

Цуврал загварууд[засварлах | edit source]

Он тооллын дараалал[засварлах | edit source]

Үйлдвэрлэсэн хугацаа Үйлдвэрлэлийн цуваа Тайлбар Зураг

Цуврал спорт загварын боксер мотортой автомашин[засварлах | edit source]

1948–1965 Порше 356 Анхны цувралаар үйлдвэрлэсэн автомашин бөгөөд Порше 911-ийн яг өмнөх загвар юм. 356, 356 A, 356 B, 356 C гэсэн нэртэйгээр борлуулагдсан. Porsche 356 front right.JPG
1954–1956 Порше 550 Порше 356 дээр суурилан хөгжүүлсэн уралдааны автомашин ба цөөн тоогоор хэрэглэгчийн захиалгаар бас үйлдвэрлэсэн. Porsche 550 Spyder.jpg
1964–1989 Порше 911 сонгодог загвар Поршегийн хамгийн алдартай, цувралаар үйлдвэрлэгдсэн спорт загварын автомашин. Анх 1963 онд Майны Франкфурт хотод болсон олон улсын автомашины үзэсгэлэн дээр Порше 901 гэсэн нэртэйгээр олонд танилцуулсан. Харин Peugeot, 901 гэсэн дугаарыг хэрэглэж болохгүй хэмээн шүүхэд өгсөний улмаас Порше 911 болгон өөрчилсөн юм. 1969 silver Porsche 911E coupé Auto Salon Singen Germany.jpg
1965–1969 болон 1976 Порше 912 911-г бодвол арай хүч багатай, 356 SC-д хэрэглэж байсан дөрвөн цилиндрт мотортой хувилбар. Моторын чадлыг 95 м.x.нээс 90 м.x. болгон багасгасан. Porsche 912 1965.jpg
1970–1976 Порше 914 VW-Порше 914 Фолксвагентай хамтран ажилласанаар бүтсэн автомашин юм. 914/4 загвар нь дөрвөн цилиндрт мотортой бол 914/6 гэсэн тэмдэглэгээтэй загвар нь зургаан цилиндрт мотортойгоор худалдаанд гарсан. Porsche 914 front view.jpg
1971 Порше 916 Порше 916 нь 914/6-загвар дээр суурилсан. Түүнд угсарсан зургаан цилиндрт мотор нь Порше 911 S-с авсан. Энэ загварыг ердөө л 11 ширхэгийг үйлдвэрлэжээ. Porsche 916 vl TCE.jpg
1975–1989 Порше 930 „911 Турбо“ гэсэн нэрээр илүү танил бөгөөд энэ турбо-техникийг эхлээд BMW цуврал үйлдвэрлэлдээ хэрэглэж эхэлсэнээс хойш хоёр жилийн дараа Порше ч мөн цувралаар ашиглаж эхэлжээ. Porsche 911 Turbo.jpg
1987–1988 Порше 959 1983 онд 911-ийн суурь дээр бүтээгдсэн загвар. Порше 959-загвараас нийт 200 ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг. Porsche 959 silver at Auto Salon Singen.jpg
1988–1993 Порше 964 Энэ загварт Порше 959-с маш олон эд анги авч ашигласан. Мөн анх удаа дөрвөн дугуй хөтлөгчтэй 911, Каррера 4, зэрэг болон 959 гаралтай техникээс ч мөн ашиглажээ. 964 нь маш олон их биеийн хувилбартай. Porsche 964 front 20080515.jpg
1993–1998 Порше 993 Порше 993 нь aгаарын хөргөлт бүхий боксер моторт 911 хувилбарын сүүлчийн загвар юм. 993 нь өмнөх загвар 964-тэй адил коупе, кабрио, турбо болон 1987 онд үйлдвэрлэгдэж байсан Тарга-с хойш анх удаа цахилгаан удирдлагатай шилэн дээвэртэй хийгджээ. Porsche 993 targa mainz.jpg
1996–2004 Боксстер/Tип 986 Порше Боксстер-ын анхны хувилбар. Энэ тэрэг нь зургаан цилиндрт-бокссер-дунд байрлалтай мотортой бөгөөд түүнийг зөвхөн родстер загвараар л үйлдвэрлэв. Porsche red 001.jpg
1997–2005 Порше 996 „Эльферс“ (911 загварыг ингэж нэрлэдэг, эльф гэдэг нь арван нэг гэсэн үг) цоо шинэ их биеийн хувилбар нь усан хөргөлттэй мотортойгоор угсрагдсан. Энэ загваруудын нэр нь: Каррера, Каррера 4 болон Каррера 4S мөн түүнчлэн эдгээрт хамааралтай кабрио хувилбарууд, цаашлаад Тарга, Турбо, Турбо S, 911 GT2, 911 GT3-с гадна 300 ширхэгээр үйлдвэрлэлтийг нь хязгаарласан 911 GT3 RS зэрэг ордог. 1999C4SCab.JPG
2004–2009 Боксстер/Тип 987 Порше Боксстер-ийн дараагийн хувилбар. Үүнийг 2004 оны арваннэгдүгээр сараас эхлэн худалдаанд гаргажээ. Porsche Boxster AME.JPG
2004-2011 Порше 997 996-ийн залгамж үе. Каррера, Каррера S, Каррера 4, Каррера 4S, Тарга 4, Тарга 4S, Турбо, GT3, GT3 RS, GT2 болон GT2 RS гэсэн загваруудаас сонгох бололцоотой байв. 2004 silver Porsche 911 Carrera type 997.jpg
2005–2012 Порше Каиман (Тип 987c) Энэ Порше Боксстерд суурилсан ба 2005 оноос 2012 оны хооронд худалдаалагджээ. 911-тэй харьцуулахад Каиман нь хоёр хүний суудал бүхий цэвэр спорт коупе загвар юм. Porsche Cayman S.JPG
2011 оноос хойш Порше 991 997-ийн залгамж үе буюу одооны 911-цуваа бөгөөд 2011 онд анх Майны Франкфуртын автомашины үзэсгэлэнд гаргасан юм. Porsche 991 silver IAA.jpg
2012 оноос хойш Боксстер/Тип 981 Порше Боксстер-ийн одооны үйлдвэрлэж байгаа хувилбар. 2012 оны дөрөвдүгээр сарын 14-с борлуулж эхэлсэн. Porsche Boxster 981.JPG
2013 оноос хойш Порше Каиман (Тип 981c) Порше Каиман (Тип 987c)-н дараах үеийн загвар нь 2013 онд худалдаанд гарсан. Porsche Cayman S (8229818242).jpg

Цувралаар үйлдвэрлэгдсэн цуваа байрлалт мотортой, спорт загварын автомашин[засварлах | edit source]

1976–1988 Порше 924 Энэ тэрэг нь анхандаа VW-Порше 914-ийн залгамж үе болгон Фолксвагенд зориулан бүтээгдсэн ба эхний загваруудад Аудигийн сайжруулсан моторыг угсарчээ. Porsche 924 front 20071231.jpg
1979–1982 Порше 931 Порше 931 нь „Порше 924 Турбо“ гэсэн нэртэйгээр 1980-аад оны эхээр борлуулагдсан Porsche 932 and 924 S.jpg
1981 Порше 937 „Порше 924 Каррера GT“ нэртэй худалдаалагдсан бөгөөд уралдааны загвартай Порше 924 Каррера GTS-ийн гудамжны зөвшөөрөлтэй хувилбар юм. Porsche 2009 49 (RaBoe).jpg
1981–1991 Порше 944 Порше 92-ийн залгамж нь коупе болон кабрио хэлбэртэй үйлдвэрлэгдэн 1980-аад оны Порше компанид хамгийн их орлого оруулсан автомашин юм. Үндсэн их бие нь Порше 924-өөс гаралтай ба харин дугуйн дээд хэсгийн хормойг өргөтгөн 924 Каррера GTS-тэй төстэй болгожээ. Porsche 944s.jpg
1985–1991 Порше 951 Порше 951 нь „Порше 944 Турбо“ нэртэй зах зээлд гарсан. Энэ тэрэг нь 944-цувралын шилдэг загвар нь байсан юм. 1987 Porsche 944 Turbo.JPG
1992–1995 Порше 968 Порше 944-ийн залгамж халаа. Коупе, кабрио болон КС (Клубспорт) загвартайгаар нийт 11.241 ширхэгийг 1992 оноос 1995 оны хооронд үйлдвэрлэжээ. Турбо-хувилбарыг 305 м.x. мотортойгоор 1993-1994 онуудад 10 ширхэгийг үйлдвэрлэв. Porsche 968 front 20071004.jpg

Цуврал спорт загварын Ү-мотортой (цилиндрийн байрлал салаа хэлбэртэй) автомашин[засварлах | edit source]

1977–1995 Порше 928 Энэ загвар нь Порше 911-ийг орлон гарч ирэх ёстой байв. Энэ автомашин нь Гран Турисмод хамаардаг. Түүнд салаа найман цилиндртэй мотор угсран 1995 он хүртэл үйлдвэрлэжээ. Шилдэг загварт 928 GTS ордог. Porsche928.jpg
2003–2006 Порше Каррера GT Тухайн үед Поршегийн үйлдвэрлэсэн хамгийн хүчтэй цуврал автомашин юм. Цувралаар үйлдвэрлэх бүрэн бололцоотой уралдааны зориулалттай автомашин. Түүний үйлдвэрлэлтийг 2006 оны тавдугаар сард 1270-ширхэгээр зогсоосон аж. 2003 Porsche Carrera GT.jpg

Дээд ангиллын лимузин, Ү-мотортой[засварлах | edit source]

2009 оноос хойш Порше Панамера Энэ дөрвөн хаалгатай спорт купье нь 2009 оноос хойш худалдаанд гарсан. Моторыг нь төв байр болох Цуффенхаузенд үйлдвэрлэсэн бол их биеийг нь Ханновер хот дахь Фолксвагены үйлдвэрт үйлдвэрлэн эцсийн угсралтыг Лайпциг хотод байрлах Поршегийн салбар үйлдвэрт хийж гүйцэтгэдэг байна. Porsche Panamera 4S front 20100428.jpg

Sport Utility Vehicles (SUV)[засварлах | edit source]

2002–2010 Порше Каиенне (Тип 9PA) Поршегийн цувралаар үйлдвэрлэсэн анхны SUV-загвар. Каиенне, Каиенне S, Каиенне Турбо, Каиенне Турбо S болон Каиенне GTS загваруудаас сонгох боломжтой. Эдгээр загвар нь Фолксваген Тоуарег болон Ауди Q7 хоёртой нэг суурь дээр хийгдэх бөгөөд ихэнхийг нь Братиславын салбар үйлдвэртээ угсардаг. Tөгсгөлийн угсралтыг Порше Лайпциг ХХК хийж гүйцэтгэдэг. Porsche Cayenne Turbo front.jpg
2010 оноос хойш Порше Каиенне (Тип 92A) Порше Каиенне (Тип 9PA)-ийн дараах үеийн загвар. Porsche Cayenne Hybrid.jpg
2014 оноос хойш Порше Макан Макан нь Поршегийн хоёр дахь SUV-загвар юм. Энэ загвар нь Каиенне-г бодвол харьцангуй жижиг бөгөөд Ауди Q5 дээр суурилан хийгддэг. Porsche Macan, Paris Motor Show 2018, IMG 0404.jpg

Зүүлт тайлбар[засварлах | edit source]

  1. Oliver Blume ist neuer Vorstandsvorsitzender, Dr. Ing. h.c. F. Porsche AG: 2016-05-24
  2. 2.0 2.1 newsroom.porsche.com: Rekordergebnis für Porsche
  3. Hans Mommsen, Manfred Grieger: Das Volkswagenwerk und seine Arbeiter im Dritten Reich. S. 643.
  4. Hans Mommsen, Manfred Grieger: Das Volkswagenwerk und seine Arbeiter im Dritten Reich. S. 471
  5. Wappen ab 1933
  6. Produktion im Ausland. Immer mehr deutsche Autos sind Mischlinge. auf SPIEGEL ONLINE vom 30. Oktober 2006