Франц Кафка

Франц Кафка

Франц Кафка (Англи: Franz Kafka; 1883 оны 7 сарын 3 – 1924 оны 6 сарын 3) нь бохеми гаралтай, XX зууны герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Чехийн Прага хотноо еврей худалдаачны гэр бүлд төрсөн. Эх нь эрдэмт раббайн гаралтай, эцэг нь мал нядлагчийн хүү байжээ. Эцэг нь насны эцэст хөрөнгөжиж хувийн дэлгүүрийн эзэн болсон юм. Амьдрал нь ийнхүү дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хүнийг биеэ тоосон, зөрүүд нэгэн болгон хувиргасан бололтой. Учир нь Кафка эцэг Хэрманны тухай "Эцэгтээ бичсэн захидал"-даа (1919) таагүй зүйлс бичсэн байдаг. Тухайлбал: "Та намайг амархан мохоож, надад уйтгар гуниг, дотоод зөрчлөөс өөр юу ч үлдээгээгүй. Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, өөртөө итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтай яа... Бие биеэ ойлгож, нэг нь нөгөөдөө хүч тэнхээ сэлбэж чадаагүйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгүй юм. Магадгүй та миний хамгийн эмзэг нандин зүйлд хайш яайш хандаж, түүгээрээ өөрөөсөө холдуулсан байх." гэхчлэн эцгийнхээ харгис догшин байсныг илрүүлэхийн зэрэгцээ өөрийнхөө дотоод сэтгэл бодлоо нээн гаргаж тавьсан юм. Харамсалтай нь энэ захидал эцэгт нь хүрээгүй юм байна.

Зохиолчийн ихэнх бүтээлүүд түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн юм.

Кафка гимнази төгсөөд 1901-1905 онд Прагад хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэлээр лекц давхар сонсож, 1907 онд хувийн даатгалын компанид ажилд оржээ.

1908 оноос мэргэжлээ дээшлүүлээд үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалын газарт алба хаших болсон байна. 1917 онд уушгины сүрьеэгээр өвдөж, 1922 онд тэтгэвэрт гарчээ. 1923 онд багаасаа хүсэж мөрөөдөж байсан "орголтоо" хийж Берлинд очоод чөлөөт зохиолчийн журмаар суужээ. Удалгүй бие нь муудаж, улмаар 1924 оны 6 сарын 3-нд Венийн ойролцоох Кирленг сувиллын газар 40 настайдаа өөд болжээ. Түүний шарилыг Прага руу зөөж 6 дугаар сарын 11-нд еврейчүүдийн шинэ оршуулгын газар нутаглуулжээ. Тэрбээр хэзээ ч гэрлэж байгаагүй аж.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Кафка улс төрийн аль нэг намд харьяалагддагүй байсан ч олон хүний гэрчилснээр тэрбээр анархистуудад талтай байжээ, Бакунин, Кропоткин, Прудон, Стирнер, Грэйв, Эмма Голдман нарыг уншиж, тэдний үзэл бодлыг хамгийн ойр гэж үздэг байжээ. Феррерийн либертари сурган хүмүүжүүлэх ухааны талаар болон Реклусын үзэл бодлыг мэддэг байсан. Гэсэн хэдий ч Кафка жагсаал цуглаанд бараг оролцдоггүй байсан бөгөөд Прага хотын улс төрийн амьдралаас үргэлж зайгаа барьдаг байжээ.

Кафка амьдралынхаа туршид байнга өдрийн тэмдэглэл хөтөлж, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө олон зуун захидал бичиж байсан нь түүнийг ойлгох хамгийн дөхөм зам юм. Учир нь энэ тэмдэглэлүүд, захианууд нь өөрөө өөрийнхөө тухай өчсөн дотоод амьд яриа, бусдын тухай өөрийнхөө ойлголтыг тайлбарлан бичсэн уран сайхны тэмдэглэлүүд байдаг. Энэ бүхэн нь түүний зохиолын үндэс суурь болсон ажээ.

Амьд ахуйдаа өөрийн найз О. Поллак, Х. Хессе, Т. Манн, Б. Брехт, М. Брод нарын шахалтаар Ажиглалт зэрэг 8 богино өгүүллэгийн түүвэр, мөн Галч, Хувирал зэрэг цөөн хэдэн зохиолоо л хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Энэ нь ч түүнд утга зохиолын ертөнцөд чамлахааргүй байр суурь авчирчээ. Гэхдээ л Кафка өөрийн зохиолыг бусдын хүртээл болгох тун дургүй байсан гэдэг.

Нас барахынхаа өмнөхөн 1922 онд найз Макс Броддоо "Эрхэм Макс минь, миний эцсийн хүсэлт бол миний өв хөрөнгөөс, жишээлбэл номын сан, хувцасны шүүгээ, бичгийн шрээ, ажлын байр болон хүний нүдэнд хаа хамаагүй өртөж болох миний болон бусдын захидлууд, тэмдэглэлийн дэвтрийн хуудсууд, ноорог, зурсан зургууд зэрэг чамд болон бусад хүмүүст байгаа бүх зүйлийг цуглуулж аваад устгах хэрэгтэй. Миний нэрийн өмнөс бүгдээс нь үүнийг гуйгаарай. Чамд дамжуулж өгөөгүй нэгийг нь өөрсдөө шатаана гэсэн амлалтыг нь аваарай" гэж гэрээслэл бичиж үлдээсэн байсан ч харин Брод нь Үйл явц (1926), Америк (1927), Шүүх, Цайз гээд бүх зохиолыг нь хэвлүүлснээр арга барил, дүр, өнгө аяс агуулгын шинэчлэлээрээ өрнө дахины үзэл нэгт зохиолч нөхдйинхөө уран бүтээлд гүн гүнзгий нөлөө үзүүлж, Европод ихэд хүчээ авч асан модернизм жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлж, улмаар нэгэн хүчирхэг эх сурвалж нь болсон юм.

Франц Кафкагийн бүтээл одоо 10 ботиор хэвлэгдээд байгаа ба эдгээрээс Үйл явц, Ял, Хувирал, Америк зохиолууд нь ихэд алдаршсан юм.

Шүүмж, үнэлэмж[засварлах | кодоор засварлах]

Франц Кафка бол тухайн үеийн герман хэлт 30 зохиолчийн хамгийн том төлөөлөгч билээ. Владимир Набоков нэгэн лекцдээ: “Кафкатай харьцуулахад Нобелийн шагналт зохиолч Томас Манн бол өчүүхэн одой хүн л гэсэн үг” хэмээсэн удаатай. Америкийн зохиолч У.Х.Оден харин Кафкаг “ХХ зууны Данте” хэмээн нэрийдсэн нь бий. Элиас Канетти ч мөн түүний тухай “Манай энэ эрин зууныг хамгийн тод томруун илэрхийлсэн зохиолч бол Франц Кафка юм” хэмээн бичжээ. Зохиолчийг нас барсны дараа хэвлэгдсэн, бүрэн дуусаагүй Шүүх ажиллагаа хэмээх роман мөн л зохиолчийн амьд ахуй цагт хэвлэгдэж амжаагүй “Цайз” (Das SchloB)/The Castle/ роман болон бусад өгүүллэгүүдийн хамтаар Кафкагийн гол бүтээлд тооцогддог.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Франц Кафка нь эцэг Херманн, эх Юлия нараас төрсөн гурван хүү, гурван охины ууган хүү ажээ. Түүний эрэгтэй дүү нар долоон нас хүрээгүй байхад нь нас барсан байна.