Амарнагийн бичиг

Амарнагийн шавар хавтан дээр бичиг

Амарнагийн бичиг (/əˈmɑːrnə/; заримдаа Амарнагийн захидлууд буюу Амарнагийн хавтан гэж нэрлэдэг ба "Эль-Амарна" гэсэн утгатай ЭA товчлолоор эш татдаг, англи. The Amarna letters, Amarna correspondence, Amarna tablets) МЭӨ 1360–1332 оны үед Египетийн эрх баригчид, Канаан, Амурру дахь төлөөлөгчид болон хөрш зэргэлдээх хаант улсуудын удирдагчид хоорондын захидал харилцаа болж байсан шавар хавтан дээр бичсэн баримт бичиг юм.

Уг бичгийг Египетийн 18-р гүрний үед буюу МЭӨ 1350-1330-аад онд Фараон Эхнатоны байгуулсан эртний Египетийн нийслэл Ахетатен хотын (орчин үеийн Эл Амарна суурин) тууриас олсон байна. Амарнагийн бичгүүдийг орчин үед олдоод буй хамгийн анхны улс хоорондын дипломат баримт бичиг гэж эрдэмтэд үздэг.

Амарнагийн бичиг нь эртний Египетийн хэлээр биш, харин эртний Месопотамийн бичгийн систем болох дөрвөлжин үсгээр бичигдсэн тул Египет судлалд ер бусын байгаа юм. Тэдгээрийн ихэнх нь янз бүрийн аккадын хэлээр бичигдсэн байдаг бөгөөд заримдаа канаан-аккадын холимог хэлээр ч байгаа юм. Үүнд нэг онцгой урт үсэг буюу товчилсон EA 24 нь хурриан хэлний хожуу аялгаар бичигдсэн бөгөөд энэ хэлээрх хамгийн урт үргэлжилсэн текст юм. Өнөөгийн байдлаар 382 шавар хавтан олдоод байна.

Амарнагаас олж илрүүлсэн энэхүү бичгүүд нь Египетийн фараонуудын 18 дахь үеийн гүрний III Аменхотеп ба IV Аменхотеп (Ахенатон) нарын хаанчлалын үеэс эхтэй гэж эрдэмтэд үзэж байна. Үүнд төрийн шинж чанартай, фараоны III Тутмосын Египетийн улсын бүрэлдэхүүнд багтсан Газар дундын тэнгисийн зүүн нутгийн захирагч нар болон гадаадын бүрэн эрхт хаадтай харилцсан захидал харилцааны тухай тэмдэглэл байдаг юм.

Судалгаа[засварлах | кодоор засварлах]

Захидлууд олдсон газарт системчилсэн судалгааг 1891-1892 онд хийсэн анхны хүн бол Английн археологич Уильям Мэттью Флиндерс Петри (англи. William Matthew Flinders Petrie; 1853—1942) юм. Түүний удирдлага дор 21 уг захидал харилцааны хэлтэрхий олдсон байна. Каир дахь Францын Дорно дахины археологийн хүрээлэнг удирдаж байсан Францын Египет судлаач Эмиль Гастон Чассина (Émile Gaston Chassinat, 1868-1948) 1903 онд дахин 2 хавтан олжээ. Ассири судлаач, Норвегийн эрдэмтэн Йорген Кнудсон Амарнагийн захидал харилцааны бичвэр бүхий хоёр боть ном хэвлүүлснээс хойш (1907, 1915 онд) дахин 24 шахмал хавтан олдсон байна.

Эртний энэхүү баримт бичгийн өнөөгийн байрлалууд[засварлах | кодоор засварлах]

Нутгийн оршин суугчдын олж илрүүлсэн Амарнагийн бичгүүд эхэндээ Египетэд үлдэлгүй гадаадын эртний эдлэлийн зах зээл руу гарч явсан байна. Иймд эдгээр олдворын ихэнх нь Европ, АНУ-ын музейнүүдэд тархан байрлажээ.

  • Берлин хотын Баруун Азийн музейд 202 буюу 203 хэлтэрхий;
  • Британийн музейд-99:
  • Каирын Египетийн музейд-49 эсвэл 50;
  • Францын Луврын музей -7;
  • ОХУ-ын Пушкиний нэрэмжит Улсын дүрслэх урлагийн музейд-3;
  • АНУ-ын Чикаго дахь Дорно дахины хүрээлэнд-1.