Баатар-хот
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Баатар-хот (Орос хэл: Город-герой,Украйн хэл: Місто-герой, Беларусь хэл: Горад-герой) нь 1941-1945 онд болсон "Аугаа их эх орны дайн" (Дэлхийн хоёрдугаар дайны хүрээнд болсон Зөвлөлт-Германы дайн)-ы үеэр Германы армийн түрэмгийллийг шаргуу эсэргүүцэж, баатарлагаар тэмцсэн Зөвлөлт Холбоот Улсын хотуудад олгосон цол юм. Нийт 12 хотод олгосон бөгөөд Брест цайзад "Баатар-цайз" цол олгогджээ. Энэхүү цол нь хувь хүнд олгогддог Зөвлөлт Холбоот Улсын баатар цолтой дүйцэхүйц шагнал юм.
Хуульд зааснаар Баатар-хотуудад ЗХУ-ын дээд одон Лениний шагнал, Алтан таван хошуу одон, баатар цолны батлахын хамт ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдээс олгогддог байв. Мөн хотод баатар-хот гэдгийг нь илтгэх дурсгалын багана босгогдоно.
Агуулга |
[Засварлах] Баатар-хотууд
Оросын Холбооны Улс Санкт-Петербург (Хуучнаар Ленинград) - Ленинградын бүслэлт
Оросын Холбооны Улс Волгоград (Хуучнаар Сталинград) - Сталинградын тулалдаан
Оросын Холбооны Улс Москва - Москвагийн тулалдаан
Оросын Холбооны Улс Новороссийск
Оросын Холбооны Улс Тула
Оросын Холбооны Улс Мурманск
Оросын Холбооны Улс Смоленск
Украйн Севастополь - Севастополийн тулалдаан
Украйн Одесса - Одессын тулалдаан
Украйн Киев - Киевийн тулалдаан
Украйн Керчь
Беларусь Минск
Беларусь Брест цайз (Баатар-цайз)
[Засварлах] Түүх
"Баатар-хот" гэдэг хэллэг 1942 онд Правда сонинд хэрэглэгдэж байв. Албан ёсоор "Баатар-хот" гэдэг хэллэгийг хэрэглэсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл ойртсон 1945 оны 5 сарын 1-нд Иосиф Сталин Ерөнхий командлагчийн 20-р тушаалдаа "Баатар-хот Ленинград, Сталинград, Севастополь, Одессад ёслолын буудлага үйлдэх тухай" тушаасан байдаг.
Мөн Эх орны дайн эхэлсний 20 жилийн ойгоор 1961 оны 6 сарын 22-нд Киев хотод Лениний одон олгож, Киевийн тулалдаанд гавъяа байгуулсан хүмүүсийг "Киевийг хамгаалсны төлөө" одонг бий болгон шагнажээ.
1965 оны 5 сарын 8-нд Эх орны дайн дууссаны 20 жилийн ойгоор ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор "Баатар-хот" гэдэг цолыг албан ёсных болгож, Ленинград, Волгоград, Киев, Севастополь, Одессагаас гадна Москва хот, Брест цайзыг шагнасан байна. Харин эдгээр хотууд "баатар-хот" болсон дурсгалын өдрөө 5 сарын 8-нд биш, анх уг нэр хэрэглэгдсэн 5 сарын 1 буюу 6 сарын 22-нд тэмдэглэдэг байна.
1973 оны 9 сарын 14-нд Керчь, Новороссийск, 1974 оны 6 сарын 26-нд Минск, 1976 оны 12 сарын 7-нд Тула, 1985 оны 5 сарын 6-нд Мурманск, Смоленск хотууд уг цолыг хүртсэн юм.
1988 онд ЗХУ-ын засгийн газар "Баатар-хот" гэдэг цол олгохыг зогсоосон тул ийнхүү 12 хот, 1 цайз ийм цолтой болон үлджээ. Гэхдээ 2005 оны 4 сарын 5-нд ОХУ-ын Төрийн Дум шинээр "Дайчийн алдарт хот" (Город воинской славы) хэмээх цолыг бий болгох тухай хуулийн төслийг баталсан. Одоогоор Орёл, Ржев, Воронеж, Вязьма зэрэг хотууд нэр дэвшээд буй.
[Засварлах] Зургийн цомог
1965 онд ЗХУ-ын баатар-хотуудад зориулсан марк хэвлэгдэж гарсан аж.
[Засварлах] Югослав улсад
ЗХУ-аас гадна Югослав улсад "Баатар-хот" гэдэг цолыг хэрэглэж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Италийн армийн эзэрхийллийг баатарлагаар эсэргүүцэж тэмцсэн Любляна (одоогийн Словений нийслэл) хотод 1955 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын удирдагч Иосиф Броз Титогоос "Баатар-хот" цол олгожээ.