Бүгд найрамдах улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

БҮГД НАЙРАМДАХ УЛС - төгс байдлаараа анх мтө. V-IV зууны Афинд тогтсон бөгөөд төрийн зохион байгуулалтын эртний хэлбэр. Resbublica буюу бүгд найрамдах засаг нь дараах нийтлэг шинж бүхий үүнд: - төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгоно. - төрийн засаглалыг эрх баригчид өөрийн үзэмж, хүсэл зоригоор бус ард түмний даалгавар, итгэлээр тэдний хяналт дор хэрэгжүүлнэ. - төр хийгээд түүний тэргүүн хуульд заасны дагуу хуулийн болон ард түмний өмнө хариуцлага хүлээнэ.

Түүх[засварлах]

Афины бүгд найрамдах улс[засварлах]

Ардчилсан шинжээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Төрийн байгууллага нь ардын хурал, таван зуугийн зөвлөл, Ареопаг хэмээн нэрлэдэг шүүхийн байгууллага бүхий цэгц зохион байгуулалттай систем байв.

Иргэд хийгээд төрийн бүх байгууллага, албан тушаалтанг Ардын хурал захирна. Хуралд хорин нас хүрсэн Афин хот улсын иргэд оролцох эрхтэй. Хууль батлах нь Хурлын гол үүрэг бөгөөд мөн хот улсын гадаад, дотоод бодлого, дайн энхийн асуудлыг тогтоож, захиргаа, шүүхийн асуудлыг шийдвэрлэдэг байв.

Харин Таван зуугийн зөвлөл нь хот улсуудын төлөөлөгчдөөс бүрэлддэг гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд төрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг байв.

Ареопаг - Ардын хурлын шийдвэрийг өөрчлөх, Таван зуугийн зөвлөл болон албан тушаалтны үйл ажиллагааг хянах эрхтэй, онцгой нөлөө бүхий байгууллага. Архонт хэмээх насан турш томилогддог өндөр албан тушаалтан нараас бүрдэнэ. Эфилтийн шинэчлэлийн дараа улс төр, хяналтын үүргээ өөрчилж, цэвэр шүүхийн байгууллага болжээ. Афины бүгд найрамдах улсад ийнхүү засаглалын эрх мэдлийг хуваарилах оролдлого гарч, сонгох, сонгогдох болон хамтын зарчим, бүрэн эрхийн хугацаа, тайлагнах, шатлан захирагдах ёс зэрэг ардчилсан ёсны зарчмууд үйлчилж байсан нь өдгөө ч судлаачдын анхаарлаг татсаар байна.

Эртний үед Афины БНУ-аас гадна Спартын болон Ромын язгууртны БНУ басхүү оршиж байв. Ахмадын зөвлөл, сенат болон төрийн бусад албан тушаалтанг язгууртнуудаас бүрдүүлдэг нь эдгээр нь улсын нэг онцлог байв. Энэчлэн Спартын БНУ-д ахмадын зөвлөлийн гишүүдийг насан туршид нь сонгодог байжээ.

Хот бүгд найрамдах улсууд[засварлах]

Дундад үеийн Европ дахь бүгд найрамдах засаглалын нэгэн өвөрмөц хэлбэр юм. Италийн Флоренци, Венеци, Генуя, Югославын Дубровник, Германы Бремен, Оросын Новгород хот ийм хэлбэрийн засаглал бүхий байсан нь угтаа хотын өөрийн удирдлагын бүрэн эрх бие даасан байдал өргөжсөний үр дүн байв.

Шинэ үе[засварлах]

Товчоор бүгд найрамдах засаглалын эрин гэж хэлж болно. Анхны бүгд найрамдах засаг Америкийн Нэгдсэн улсад тогтжээ.

Социолист хувьсгалын үр дүнд зүүн Европын болон Азийн нэлээн улс орнууд бүгд найрамдах засгийн гажсан хэлбэрийг тогтоож байлаа. Энэ хэлбэр дотроо Парижийн коммуны, зөвлөлийн, ардын ардчилсан гэсэн гурван хэв маяг бүхий бөгөөд дараах онцлог шинжтэй. Үүнд:

- улс төрийн тогтолцооны гол цөм нь төр биш, эрх баригч нам байж, нийгмийн бүхий л үйл хэргийг удирдахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

- төрийн тэргүүн, намын удирдагчийн алба нэг хүний гарт төвлөрнө.

- хууль тогтоох, гүйцэтгэн захирамжлах эрх мэдэл намын хяналтанд нэгтгэгдэж, нам, төрийн тэргүүн нь хуулиас гадуур ажиллах онцгой эрхтэй болдог.

- нам төрийн сонгууль дайчилгааны шинж чанарыг агуулдаг.

- төр, нийгмийн бүх үйл хэргийг шийдвэрлэхэд тэргүүний хэсгийг эгнээндээ нэгтгэсэн намын аппарат ард түмний нэрийн өмнөөс онцгой эрх эдэлнэ.

Төрийн засаглалын энэ хэлбэр өдгөө улам хумигдаж байна. Социалист гэгдэж байсан орнуудын ихэнхи нь 80-90-ээд оны зааг үеэс үндсэн хуульт хийгээд парламентат ёс, төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилах зэрэг төрийн засаглалын соёлжингуй хэлбэр рүү шилжсэн болно.

Орчин үе[засварлах]

Орчин үед бүгд найрамдах засаглалын: ерөнхийлөгчийн, парламентын, холимог гэсэн үндсэн гурван хэлбэр зонхилж байна.

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг[засварлах]

Төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх ерөнхийлөгчийн гарт төвлөрч байдаг засаглалын хэлбэр. ерөнхийлөгчийн албан тушаалыг анх АНУ-д бий болгожээ. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засгийн гол онцлог:

- Төрийн тэргүүн хийгээд засгийн газрын тэргүүний бүрэн эрх Ерөнхийлөгчийн гарт төвлөрнө. Ерөнхйи сайдын албан тушаалыг үгүйсгэнэ.

- Ерөнхийлөгчийг сонгоно. Сонгууль нь парламентийн бус аргаар, аль болох өргөн төлөөлөлтэй байна. Өдгөө ерөнхийлөгчийн сонгуулийн дөрвөн төрлийн систем байна:

  1. Бүх ард түмний санал асуулгаар сонгоно;
  2. Бүх ард түмний шууд сонгуулиар сонгож байна;
  3. Парламентийн болон төлөөлөгчдийн байгууллагаас сонгоно;
  4. Сонгогчдоос сонгож сонгоно.

Ерөнхийлөгчийг ихэвчлэн 1-7 жилийн хугацаатайгаар сонгодог ба зарим оронд насан туршид нь сонгодог байна.

- Засгийн газар нь ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээх бөгөөд парламентийн бус аргаар бүрэлдүүлнэ.

- Парламент засгийн газрыг огцруулах ерөнхийлөгч парламентийг тараах механизм байдаггүй. Энэхүү тогтвортой шинжээрээ бусад хэлбэрээс ялгарна.

- Парламентад өөр нам олонхи байсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд түүний намын лидерүүд улс орныг удирдана.

- Ерөнхийлөгчийн бүрэн эрх парламентийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгчтэй харьцуулбал харьцангуй давуу болон өргөн байдаг.

Ерөнхийлөгчийн БНУ-д ерөнхийлөгчийн бүрэн эрх ийнхүү өндөр ч гэсэн ардчилсан үндсэн хуульт ёс, засаглалын эрх мэдлийг хуваарилах зарчим үйлчилж байдаг учраас ерөнхийлөгч хийгээд түүний засгийн газрын үйл ажиллагаа парламентийн хяналт доор хэрэгжиж байдаг юм. Ингэхлээр ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг үндсэн хуульт ёсыг сахиж буй нөхцөлд засгийн газар тогтвортой, шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, парламентийн хууль тогтоох үндсэн эрх мэдлээс халих бололцоог бодитой хязгаарласан, парламентаас зарчмын асуудлаар гүйцэтгэх засаглалыг хянах бодитой эрх мэдэл бүхий хэлбэр юм. Төрийн тэргүүн хийгээд засгийн газрын тэргүүнийг нэг этгээдэд нэгтгэдэг засаглалын энэ хэлбэр 20-р зууны сүүлчээс дэлхийн улс түмний улс төрийн практикт өргөжих хандлага ажиглагдаж байна. Одоогоор ийм засагтай улс 70 шахам байна.

Парламентийн бүгд найрамдах засаг[засварлах]

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай харьцуулахад нийгмийн улс төрийн практикт бага дэлгэрсэн хэлбэр. Гол онцлог нь төрийн өндөрлөгүүдийг бүрэлдүүлэх, үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхойлох, хянаж шалгахад парламентийн үүрэг өндөр байхын зэрэгцээ парламентад олонхи болсон нам засгийн газрыг байгуулж, тэрхүү засгийн газар парламентийн өмнө хариуцлага хүлээж байдагт оршино. Засгийн газар парламентиийн гишүүдийн олонхийн итгэлийг алдсан тохиолдолд нэг бол огцроно, эсвэл төрийн тэргүүний оролцоотойгоор парламент тарж, ээлжит бус сонгуулийг зарлана. Үндсэн хуульт ёс засаглалын эрх мэдлийг хуваарилах зарчим хэрэгжиж буй нөхцөлд нийгмийн үйл хэргийг удирдан жолоодоход намын оролцоо, нөлөө хуулийн хүрээнд хүчтэй байдаг нь парламентийн бүгд найрамдах засгийн нэг онцлог болно. Өөрөөр хэлбэл, парламентийн засаглал олон намын тогтвортой хүчтэй системийн нөхцөлд өргөн боломжтой, үр нөлөөтэй байдаг.

Парламегтийн БНУ-ын ерөнхийлөгч - төрийн тэргүүн бөгөөд улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа байж, улс төрийн янз бүрийн хүчнүүдийн хоорондын маргааныг зохицуулах үүрэг хүлээнэ. Ерөнхийлөгчийг янз бүрээр сонгох авч ихэнхи улс оронд парламент сонгоно. Харин Австри, Монгол зэрэг улсууд бүх ард түмнээрээ сонгоно. Манай улсын хувьд ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгох авч УИХ-аар дахин баталдаг онцлог бий.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээн хязгаартай бөгөөд даруухан байна. Улс оронд онц байдал тогтоох, хуулинд хориг тавих, олон нийтийн санал асуулга явуулах эрхгүй байдаг. Засгийн газрыг бүрдүүлэхэд төдийлөн оролцдоггүй, хуулиар ногдсон эрх мэдлээ өөрийн үзэмжээр биш ихэвчлэн ерөнхий сайдтай зөвшилцөх замаар хэрэгжүүлнэ. Хууль санаачлах зарлиг захирамж гаргахдаа засгийн газартай зөвшилцөнө. Парламент, Засгийн газарт итгэхгүй тохиолдолд парламентийг тараах нь парламентийн БНУ-ын ерөнхийлөгчийн хамгийн том эрх мэдэл юм.

Иймд парламентийн БНУ-ын ерөнхийлөгч төрийн засаглалын аль өндөрлөгт хамаарагдах асуудал олог улсын практикт ихээхэн бүрхэг байдаг. Ихэвчлэн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн уулзварт, эсвэл гүйцэтгэх засаглалын хүрээнд багтаана. Гэвч парламентийн БНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайд хийгээд түүний кабинетээр толгойлуулсан засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх бүрэн эрх нь парламентийн итгэлд тулгуурлаж байдаг байна.

Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, засгийн газрын үйл ажиллагааг хянадаг нь парламент юм. Ийм учраас улс орны нийгэм эдийн засгийн асуудал, гадаад хийгээд дотоод бодлогыг тодорхойлж, төрийн төсөв санхүүгийн онцгой эрхийг хэрэгжүүлнэ. Дараахи үүргүүдийг хүлээнэ. Үүнд:

- Засгийн газрын мэдээллийг албан ёсоор сонсох, цаг үеийн асуудлаар мэдээлэл авах

- Ерөнхийлөгчийн хоригийг цуцлах, зарлигийг хүчингүй болгох, түүний мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах

- Олон улсын гэрээг соёрхох ба цуцлах, зэвсэгт хүчний талаар ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг батлах ба цуцлах

- Нийт ард түмний санал асуулга явуулах, улс оронд онц байдал тогтоох эсэхийг шийдвэрлэх

- Импичментийн үед ерөнхийлөгчийг албан тушаалаас нь зайлуулах зэрэг болно. Өдгөө Австри, Израйль, Словак, Энэтхэг зэрэг парламентийн бүгд найрамдах засаглал бүхий улсууд бий.

Холимог бүгд найрамдах засаглал[засварлах]

Энэ нь ерөнхийлөгчийн хийгээд парламентийн засаглалыг хослуулдаг дуалист хэлбэр. Зарим ном зохиолд Хагас ерөнхийлөгчийн БНУ гэж нэрлэсэн байдаг. Энэхүү хэлбэр нь цэвэр энэхүү шинжээрээ харьцангуй цөөн таарна. Тухайлбал манай улсын Үндсэн хуулинд: Монгол улс парламентийн засаглалтай гэж тодорхойлсон ч парламентийн улсын шинж чанарыг төгс илэрхийлж хараахан чадаагүй учраас зарим судлаачид холимог БНУ-ын тоонд оруулсан нь ч бий.

Ерөнхийлөгч, засгийн газар хоёр гүйцэтгэх эрх мэдлийг хувааж, засгийн газрын үйл ажиллагааг парламентаас хүчтэй хянаж, парламент ерөхийлөгчийн хяналтанд байдагт холимог бүгд найрамдах засгийн гол онцлог оршино. Засаглалын ийм хэлбэр 1958 онд Франц, 1975 онд Грек, 1976 онд Португал улсын Үндсэн хуулиар тус тус баталгаажсан байна. Холимог бүгд найрамдах засгийн үед:

- Засгийн газрыг үнэн хэрэгтээ ерөнхийлөгч толгойлно. Ерөнхий сайд сайдуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдэх асуудлыг бэлтгэж, сайд нарын кабинетийг удирдана. Сайдуудын зөвлөлийн хурлыг ерөнхийлөгч зарлан хуралдуулж даргална. Гэтэл сайдуудын хурлаар хэлэлцэж гарсан ерөнхийлөгчийн баримт бичигт ерөнхий сайдын гарын үсэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл биелэлтийг засгийн газар хариуцна. Засгийн газрын бодлогыг ерөнхийлөгч тодорхойлж байдгаараа ерөнхийлөгчийн БНУ лугаа төстэй ч ерөнхийлөгч хариуцлага хүлээх улс төрийн механизм байдаггүй байна.

Ерөнхийлөгч, ерөнхий сайд хийгээд засгийн газрын гишүүдийг томилох авч засгийн газар нь парламентийн өмнө хариуцлага хүлээнэ. Үүгээрээ парламентийн БНУ-тай адил. Засгийн газар өөрийн бодлогыг парламенттай зөвшилцөн тодорхойлж хэрэгжүүлнэ, парламентийн итгэлийг алдсан тохиолдолд огцорно. Парламентаас засгийн газрыг хянах нарийн механизм үйлчлэнэ.

Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй өндөр байна. Ерөнхийлөгчийн БНУ-ын ерөнхийлөгч парламентийг тараах эрхгүй байдаг бол холимог БНУ-ын ерөнхийлөгч ийм эрхийг эдэлнэ.

Өнөөгийн байдлаар Азербайжан, Армен, Молдав, ОХУ, Польш, Франц зэрэг холимог бүгд найрамдах засаг бүхий улсууд байна.