Дөрвөлжин бичиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Wiki(Дөрвөлжин бичиг)

Дөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.

Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.

Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:

  1. Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй.
  2. Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ.
  3. Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.

Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Phagspa script