Соёмбо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Соёмбо нь Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан бичиг юм.

Соёмбо үсэг[засварлах]

Соёмбо үсгийн цагаан толгой

Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

Соёмбо үсгээр Монгол хэмээх утга

Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед гоё сайхан үсгийн дурсгал болон үлдсэн юм.

Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.

Соёмбо тэмдэг[засварлах]

Mongolian AF.gif

Өндөр Гэгээний зохиосон соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.

"Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.

Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.

Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.