Jump to content

Зэв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Зэв жанжин-с чиглүүлэгдэв)

Зэв (бас Джэбэ-нойон, Чжебе гэх мэтээр бичсэн нь бий) (нас барсан он: ойролцоогоор 1224 он) бол Чингис хааны хамгийн алдартай ноёдын (жанждын) нэг байв. Тэрээр Чингис хааны үед Таргудай Хирилтугийн удирдлага доорх Тайчууд аймгийн нэг хэсэг болох Бэсүд овогт харьяалагддаг байсан. Хэдийгээр Зэв анх дайсны талд хүчин зүтгэж байсан ч Чингис хаан түүнийг өөртөө элсүүлсэн ба улмаар Чингис хааны гарамгай жанждын нэг болжээ. Зэв Чингис хааны эзэнт гүрний нутаг дэвсгэрийг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Чингис хааны төлөө жанжны хувиар томоохон үүрэг гүйцэтгэсэн хэдий ч түүний амьдралын тухай эх сурвалж юм уу намтар харьцангуй цөөхөн байдаг. Зэвийг уламжлалт бус, зоримог маневруудынх нь улмаас "түүхэн дэх хамгийн агуу морин цэргийн жанжин" гэж тодорхойлжээ.

1201 онд, Хүйтэний тулалдааны үеэр Чингис хааны байлдааны морины аман хүзүү суманд оногджээ. Ялалт байгуулсныхаа дараа тэр ялагдсан талынхнаас мориных нь аман хүзүүг хэн харвасныг илчлэхийг хүссэн байна. Тэгэхэд Зургаадай гэгч сайн дураар хэргээ хүлээсэн бөгөөд цааш нь нэмж хэлэхдээ түүнийг алах нь Чингис хааны сонголт, гэхдээ Зургаадайд амьд үлдэхийг зөвшөөрвөл тэр Чингис хаанд үнэнчээр хүчин зүтгэх болно гэв. Чингис хаан эрчүүдийн үзүүлэх ур чадвар болон тэдний үнэнч байдлыг үнэлдэг байсан. Тэр ийм байдлаар өршөөсөн ба энэ ойлголтоор Зургаадайг магтан сайшаажээ. Тэгээд дараа нь тэр Зургаадайд Зэв хэмээх шинэ нэр өгсөн нь монголоор "сум", "зэвсэг" гэсэн утгатай юм. Гэхдээ Ил хаадын улсын захиргааны түшмэл, түүхч Рашид ад-Дины өөр нэгэн тэмдэглэлд энэ үйл явдал огт өөр байдлаар өрнөсөн байна. Үйл явдлын энэ хувилбарт Зэв зугтаж чадсан бөгөөд хожим Чингис хааны хүмүүс араас нь хөөжээ. Зэв Чингисийн морийг хөнөөж амжсан ба аргагүйн эрхэнд бууж өгч, амийг нь өршөөхийг гуйв. Амийг нь өршөөхөд Зэв шинэ эзэндээ сумаар харваж алсан нэг морины хариуд олон морь өгнө гэж амлажээ.

Зэв хожмын байлдан дагуулалтын он жилүүдэд Чингис хааны хамгийн үнэнч, шилдэг жанждын нэг болж, богино хугацааны дотор Чингис хааны тэргүүлэх жанждын нэг болсон ба 1211 онд Алтан улсын эсрэг дайтахад армийн чухал зүүн жигүүрийг удирдаж байв. Сүн улсын элч Чжао Хун Зэвийг гуравдугаар шатны захирагчтай ижил төвшний эрх мэдэлтэй бөгөөд Чингис хааны арми дахь элит цэргүүдийг удирдан зохион байгуулж байсан гэж тэмдэглэжээ. Энэ нь тэрээр Чингис хааны доор алба хааж байхдаа цэргийн олон амжилт гаргасантай холбоотой гэж үзэж болно.

Алтан улсын эсрэг дайн

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Алтан улсын эсрэг хийсэн анхны дайнд (1211-1214) онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү анхны аян дайны үед Зэв Сүбээдэйн хамт зүүн жигүүрийг удирджээ. Түүний анги хэрмийг (Цагаан хэрэм) зүүн талаар нь тойрч, хоёр цайзыг эзлэн авав. Дараа нь тэр Ушапу цайз дахь Алтан улсын хоёр дахь армийг устгахын тулд урьд явсан замаараа хэрмийг дахин тойрсон ба Чингисийн гол армитай холбогдож, дараа нь Ехулингийн тулалдаанд ялалт байгуулав. Энэхүү бут ниргэсэн ялалтын дараа монголчууд Бээжингийн тал нутаг руу ордог давааны удирдлагыг гартаа авсан ба нутаг дэвсгэр даяар хяналтаа тэлсээр байлаа. Зэвийг гинжилсэн байрлал бүхий олон тооны цайзыг эзлүүлэхээр илгээсэнд тэрээр хамгаалагчдыг нь өдөөхийн тулд хуурамч ухралт хийх замаар энэ даалгаврыг биелүүлжээ. Чингис хаан алсын хараатай жанжных нь хувьд Зэвд найдаж байсан бололтой: 1211 оны өвөл Зэвийг Ляояныг эзлүүлэхээр илгээх үед Монголын цэргийн хүч Чжунду орчмын их тал нутгийг хараахан хамгаалалтдаа авч амжаагүй байв. Тулалдааны гол фронтоос хол хэдэн зуун мил явсны дараа Зэв 100 гаруй милийн зайд хуурамчаар ухарч Ляояны хамгаалагчдыг мэхлэн араасаа нэхүүлсэн бөгөөд монголчуудын их хэмжээний олзыг явсан газар дээрээ үлдээжээ. Хятадын цэргүүд түүнийг тонон дээрэмдэхээр түр зогссон ба энэ үеэр хойд нутгийн өвлийн урт шөнийг ашиглан Зэвийн цэрэг 24 цагийн дотор 100 мил газрыг туулж, эмх замбараагүй байдалд орсон Алтан улсын хүчийг бут ниргэж, Ляоян хотыг эзлэн авав.

1213 онд Чингис хаан Зэвийг хүчтэй хамгаалалт бүхий Цзюйюнгуань давааг эзлүүлэхээр илгээжээ. Зэв Алтан улсын бэхлэлтүүдээр бүрхэгдсэн уулын давааг олж, хамгаалагчдыг нь задгай талбайд гарахад хүргэв. Тэгээд Зэв, Сүбээдэй нар эсрэг зүгт албаар хийсэн замаар явж, тэдний ирсэн замаар буцсан ба дайсны ар талд гарч, энэхүү шийдвэрлэх ач холбогдолтой армийг бүслэн устгалаа. Манжуурт бослого өдөөн гаргаж, цайзуудын тоог бууруулсны дараа Чингис хаан цэргээ таван хэсэгт хувааж Алтан улсын өргөн уудам нутаг дэвсгэрийг дайрав. Зэвийг Сүбээдэйн хамт Мухулайн доорх элит хүчний бүрэлдэхүүнд оруулсан ба тэд Алтан улсын олон хот тосгоныг устгах юм уу эзлэн авахын зэрэгцээ далай хүртэлх газар нутгийг амжилттай довтлон дайрчээ.

Хүчүлүгийн эсрэг тулаанууд

[засварлах | кодоор засварлах]

1218 онд Зэвд Монголын олон жилийн дайсан Хүчүлүгийг бут ниргэж, Хар Хятан улсыг эзлэх даалгавар өгөв. Зөвхөн 20,000 цэрэг өгсөн тул Зэв Хар Хятан улсын доторх эрх баригч буддистууд болон дарлагдсан лалынхны хоорондох шашны бослого тэмцлийг өдөөж, дэмжин ажилласнаар хүн хүчээ хэмнэж байв. Түүний талын хүчнүүд гайхалтай урам зоригтой хөдөлснөөр тэр Хүчүлүг болон түүний 30,000 цэргийг дарж чаджээ. Дараа нь уулсын дунд удаан хөөцөлдсөний эцэст Хүчүлүгийг барьж алав. Зэв Хар Хятаны Хүчүлүгийг ялсны дараа Чингис хаан санаа зовж байсан гэдэг. Хэдийгээр Чингис хаан жанжныхаа ялалтад сэтгэл хангалуун байсан ч тэрээр Зэв илүү их санаа зорилгод тэмүүлж, миний эсрэг бослого гаргах болуузай хэмээн эргэлзэж байв. Энэ тухай мэдээ Зэвд хүрмэгц тэр даруй Чингис хааны байгаа газарт буцаж ирсэн ба үнэнч байдлын тэмдэг болгон 100 цагаан морь өргөж эргэлзээг нь тайлжээ.

Хорезмын эзэнт гүрний эсрэг довтолгоон

[засварлах | кодоор засварлах]

1219 онд Хорезмын эзэнт гүрний эсрэг довтлох үеэр, Зэвийг үржил шимтэй Ферганы хөндийг сүрдүүлүүлэхээр өвлийн цагаар Тяньшань уулс руу дайсны анхаарлыг сатааруулах зорилго бүхий цэргийн хүчний хамт илгээв. Зэв таван фут гаруй зузаан цастай өндөр уулын давааг давж чадсан бөгөөд тэрээр шах II Мухаммедын элит 50,000 хүнтэй морин цэргийн нөөц хүчийг өөртөө татжээ. Зэв энэхүү элит хүчний эсрэг нэг бол ялалт байгуулах, нэг бол ядаж ялагдал хүлээхээс зайлсхийх байдлаар ажиллаж байсан ба алс холын мужуудыг нь шахын мэдлээс таслах тушаалын дагуу Хорасаныг сүрдүүлэхээр цааш өмнө зүгт маневрлав. Тэгээд Хорезмын нийслэл Самаркандад Чингисийн гол армитай нэгдэхээр буцан явж, Хорезмыг үр дүнтэйгээр хоёр хуваасан байна. Шах Хорасан болон баруун Иранд хүчээ цуглуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Чингис хаан шахыг өөрийнх нь эзэмшдэг эзэнт гүрэн даяар ангуучлуулахаар Зэв, Сүбээдэй нарыг илгээв. Эцсийн дүндээ тэд түүнийг барьж чадаагүй ч тэдний хатуу чанга мөрдөн хөөлт нь шахыг ямар нэгэн шинэ арми цуглуулахад саад болсон ба шах араас нь ойрхон нэхэх Зэв, Сүбээдэй хоёрыг дагуулан Иран руу дүрвэхээс өөр аргагүй болсон байна. Үр дүнд нь Хорезмын хүчнүүд тархан бутарч, аажмаар устгагджээ.

Зэв Каспийн тэнгисийг тойрон домогт довтолгоон хийсэн ба тэрээр Сүбээдэйн хамт Загалмайтны тавдугаар аян дайнд нэгдэх гэж байсан гүржүүдийг, мөн Кавказын тал нутгийн овог аймгуудыг бут ниргэжээ. Дараа нь тэр Калка голын тулалдаанд Киевийн оросууд болон кумануудыг ялав. Энэ тулаан Киевийн Оросыг байлдан дагуулахаас өмнө болсон бөгөөд тэрээр ойролцоогоор 1224 онд Киевийн Оросын байлдан дагуулалтаас буцаж ирэх үедээ нас барсан байж болзошгүй. Түүний сураггүй алга болсон болон үхсэнтэй холбоотой нөхцөл байдал нууцлаг юм. Нэгэн судлаач Стивен Поу (Stephen Pow) Зэвийг Хортица арлаас холгүй байдаг булшны (курган) ойролцоо Оросын холбоотон кипчакуудын хүчинд алагдсан байж магадгүй гэж таамаглаж байна. Түрэг хэлээр ярьдаг кипчакууд Зэвийг Гемябек гэж нэрлэснээс хойших хэл зүйн алдааны үр дүн нь энэ мэдээллийн цаана байгаа зөрүү байж магадгүй юм. Харин Оросын судлаачид Д.М.Тимохин, В.В.Тишин нар түүний үзэл бодолд эргэлзэж, Стивен Поугийн хувилбар нь бичмэл эх сурвалжуудын үндсэн дээр батлагдаагүй бөгөөд хэл шинжлэлийн ямар ч нотолгоо байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр түүний үхлийн эргэн тойрон дахь нөхцөл байдал нууцлаг боловч Зэв Хятад, Төв Ази, Киев болон Орос дахь Европт хийсэн байлдан дагуулалтаараа түүхэнд арилшгүй ул мөр үлдээжээ.