Иштар хаалга

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Иштар хаалга. Пергамон музей, Берлин
Хаалганы хэсэг. Алдагдсан тоосгоны оронд орлуулан сэргээсэн.
Ирак дахь дууриамал Иштар хаалганы арслан
Иштар хаалганы хэсэг

Иштар дааман хаалга (Англи хэл:Ishtar gate; Ассир хэл: ܕܵܪܘܲܐܙܲܐ ܕܥܵܐܫܬܲܪ  : Darwaza D'Ishtar, Араб хэл:بوابة عشتار) нь Вавилон хотын дотогш нэвтрэх 8 дахь хаалга бөгөөд МЭӨ 575 онд хаан Навуходоносор II-ын зарлигаар хотын хойд хэсгийн орчимд баригдсан.

Вавилоны дарь-эх Иштар-т зориулан босгосон уг хаалга нь мөр бүрээр луу болон үхрийн зураг ээлжлэн байрласан ба цэнхэр өнгийн гялалздаг шавар ваараар хийгджээ. Дааман хаалганы дээд хэсэгт уулын мөнх ногоон хуш моддыг дүрсэлсэн байдаг байжээ. Хаалгаар гарсан ёслолын зам нь гялалзсан өнгөлгөөт тоосгон дээр арслангууд дүрсэлсэн ханатай байв. Уг арслангуудын дүрс нь 120 орчим байсан гэдэг.

Иштар хаалга, түүнийг дайран гарсан ёслолын замаар жил бүрийн шинэ жилийн баяраар бурхдад зориулсан баярын жагсаал явдаг байжээ.

Иштарын хаалга нь эхэндээ ертөнцийн 7 гайхамшиг буюу Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэгд тооцогддог байсан боловч, манай эриний 6-р зуунд Александрын гэрэлт цамхагаар солигдсон байна. Роберт Колдовэйн малталтаар илрүүлсэн Берлиний Пергамон музейд хадгалагдаж буй материал дээр тулгуурлан Иштар хаалгыг дахин сэргээсэн бөгөөд 1930 он гэхэд бүрэн сэргээн, анх ямар байсныг нь илэрхийлэх боломжтой болсон ажээ.

Колдовэйн сэргээн босгосон тооцоогоор бол уг дааман хаалга 47 тохой өндөр, 100 тохой өргөн (ойролцоогоор 14м өндөр, 30м өргөн хэмжээстэй) байсан ажээ. 1902-1914 оны хооронд хийсэн цуврал малталтаар уг хаалганы 45 суурин хэсгийг ил гаргаж ирсэн байдаг.

Стамбулын Археологийн музейн хаалганы тасаг дахь Иштар хаалган дээрх луу болон бухнууд мөн ёслолын зам дээрх луунууд нь дэлхийн бусад музейнуудынхаас ялгаатай. Цөөнгүй музейд арслангууд байдаг боловч зөвхөн хоёр музейд л луунууд байдаг. Стамбулын археологийн музей нь арслангууд, луунууд мөн бухнуудтай хаалганы хэсэг байдаг. Харин Детройтын урлагийн институт нь нэг луутай бол Луврын музей, Филадельфи дахь Пенсильваннийн их сургуулийн антропологи, археологийн музей, Нью Йоркийн Метрополитан музей, Чикагогийн Дорно дахины институт, Род Айлэндийн загварын музей, Готенбургийн Röhsska музей, Шведийн болон Бостон дахь пайн-артын музей зэрэг нь бүгдээрээ арсланг дүрсэлсэн байдаг байна.

Хаалганы загвараар Иракийн музей рүү орох дааман хаалга барьж байсан ч өнөөг хүртэл бүрэн гүйцэд баригдаагүй байна.

2003 оны АНУ-ын цэргийн халдлагаар уг хаалгын барилгын ажил зогссон төдийгүй нилээд гэмтсэн байна.

Гадаад холбоосууд[засварлах]