Jump to content

Мандухай сэцэн хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мандухай сэцэн хатанд зориулан босгосон хөшөө, Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газар

Мандухай сэцэн хатан[1] (ᠮᠠᠨᠳᠤᠬᠠᠢ
ᠰᠡᠴᠡᠨ
ᠬᠠᠲᠤᠨ
; * 1448 одоогийн Өвөр Монгол1526) нь Монгол түмний хамгийн хүндтэй хатан юм. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.

Амьдрал

Мандухай сэцэн хатан нь Түмэд аймгийн Энгүд отгийн Цоросбай Төмөр чинсан (Цоросын Баянтөмөр чинсан[баримт хэрэгтэй]) хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ. 1467/1479 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх Даян хаан нь Баянмөнх жонон болон Шихэр тайху төрсөн хөвгүүн юм.

Батмөнхийг их сууринд залсан нь

Балгачны Багай гэдэг хүн өнчин хүү Батмөнхийг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангудын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хавт Хасарын хойч, Хорчин аймгийн Өнөболд ван элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:

„Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
Хасарын үр чиний өвийг бид иднэүү?
Өргөж үл болох үүдтэй билээ.
Алхаж үл гарах босготой билээ.
Хааны минь үр байтал
Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ?“

гэж хариу барив.

Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын Сатайгаас: “Өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? гэвэл Сатай: Өнөболд ванд зусардан “Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна” гэж хариулжээ.

Мандухай сэцэн энэ тухай дахин бодолхийлж Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:

„Хасарын үрд очвол
Хар мөр татаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдана.
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт автагдаж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэрээ алдаршуулна.
Цагаан хөвүүнд очвол
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршина“

гэж хэлжээ.

Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг өөрөө ойлгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны Алтан урагтнаас Хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээн авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж, өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сатайд:

„Хааны үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг үгүй гэж
Хасарын үрийг их гэж
Хаашаа үг хэлэх буй“

хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ.

Тийнхүү 1470 оны Цагаан бар жил Батмөнхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн даяар улсаа хурааж яв хэмээн даян хаан цол өргөмжлөв. 22 настай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, Ордос дахь эзэн Чингисийн найман цагаан гэрийн өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:

„Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв.
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би,
Айх амь минь алдрав.
Ичих нүүр минь эвдрэв.
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өнөбалад энд эчихүл
Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уургалж ав
Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул
Өнөбалад унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж,
Хан хөвгүүн чи халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс хаа гуяа ханзруулсу
Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ
Эзэн хөвгүүнийг минь алдав гэж
Эм биеэ мэдэж эчвээс
Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би“

гэж хэлжээ хэмээн тэмдэглэгдсэн нь буй. Энэ нь "Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг" хэмээгдэн судлагдан үлдсэн байна.

Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргийн үгээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндэлсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ үжин нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарын алдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой.

Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох “Асараху” ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь бэлэвсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авъя гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг даган нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавихад хүрчээ.

Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтоос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг, хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо: “Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эвдэв” гэж хэлжээ. Үнэхээр ч суут богд Чингис хаан, сутай хатан Бөртэ үжиний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмын үүднээс бол өргөж болохгүй үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ.

Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чинь халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн.

Мөн Мандухай сэцэн хатан Батмөнх даян хаанд биеэ залуулах энэ үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:

„Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье“

гэсэн бөлгөө хэмээн түүх, судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ.

Батмөнх даян хаан төр барих чадвартай болоогүй балчир байсан тул Мандухай сэцэн хатан түүний хатан нь болж “Эрхт Боржигины унтарч байсан галыг асаасан” байна.

1471 оны цагаагчин туулай жил Мандухай хатан Батмөнхийг үхэр тэргэнд суулган цэрэглэн мордож, самуун үймээн тарьж амар заяа үзүүлэхгүй байсан дөрвөн Ойрадыг Тас бүрд хэмээх газар тосч байлдав.

1473 оны харагчин могой жил Мандухай хатан төрийн хэргийг 10 настай Батмөнхөд шилжүүлэн өгснөө зарласан байна.

Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.

Гэр бүл

Хүүхэд

Мандухай хатан бээр Даян хаанаас 7 хөвүүн, 1 охин төрүүлснийг Лу.Алтан товч, Хураангуй Алтан товч, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг 1607-1677 оны хооронд адил бус цаг үед бичигдсэн монголын түүхийн сурвалж бичигт:

Эрдэнийн товчид: "Төрболд Улсболд хоёр хар бар жилтэй (1482), Төрөлт гүнж Барсболд хоёр хөх луу жилтэй (1484), Арсуболд улаагчин хонин жилтэй (1487), Очирболд Алчуболд цагаан нохой жилтэй (1490), Арболд шарагчин туулай (1495?) жилд ганцаар төрөв"[4] гэж тэмдэглэж байна.

Үзэл бодол, бүтээсэн үйл

Монголын томоохон ноёдын дунд Их Монгол улсыг алтан ургийнхан удирдаж чадахгүй хагарган буталж байна гэсэн үзэл ихээр дэлгэрч Эсэн хааны үед алтан ургийнхныг хоморголон устгаж байжээ. Тэр үеэр Мандухай сэцэн хатан төрсөн ба Их Монголын төрийг их хааны удам Алтан ургийнхан л удирдан захирч чадна, өөр хэн ч нэгтгэн залж чадахгүй хэмээн үзэж амь биеэрээ тасарч байсан алтан ургийг сэлбэн, оюун ухаанаараа төр улсыг төвхнүүлсэн гайхамшигт монгол эмэгтэй байлаа. Тэрээр Чингис хааны сургааль үзэл бодлыг бат баримталдаг байсан байна. 100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан дотоодын хямрал, дайн тулалдааныг зогсоож, энх тайвныг цогцлоохын тулд Мандухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм. Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдаж эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. Мөн Мин улсыг цэрэглэн довтолж, цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч энхийн гэрээ байгуулсан байна.

Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:

„Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,
Богд эзний үрийг тэтгэж
Буруу гэмтнийг гишгэн оруулж
Бутарсан төрийг нь хашиж өглөө.
Эзэн хаан өссөн тул
Эрхэм түшмэл танд тушаасугай
Үүнээс цаашид та нар засгаа баригтун[баримт хэрэгтэй]

Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна. Мандухай, Батмөнх нарын үед феодалын дажин хямрал түр дарагдаад, сурвалж бичигт тэмдэглэсэнчлэн хүн ард нэг хэсэгтээ “Гар газар, хөл хөсөр” харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон, тусгаар тогтнолыг хамгаалах бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.

Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх Даян хаан бүх Монгол улсаа 40 жил нэгтгэн захирч, “...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ. Тэрбээр монгол хүн бүрийн бахархал, монгол эмэгтэйчүүдийн үлгэр жишээ их Монголын алдарт удирдагч байсан. Дайны талбарт баатрыг орлон их жанжин, энхийн цагт хааныг орлон төрийг баригч, гэртээ 8 хүүхдийн элбэрэлт эх байж 19 наснаасаа эхлэн 40 нас хүртлээ их Монголын төрийг төвхнүүлэн барьсан гайхамшигт эмэгтэй байв.

Мандухай цэцэн хатан Ойрадуудын эсрэг дайнд ялаад таван дүрэм гаргасан:

  1. "Гэрээ орд гэж бүү хэл, өргөө гэж хэл
  2. Малгайн залаагаа хоёр хуруунаас илүү бүү хий
  3. Завилж бүү суу, сөгдөж суу
  4. Айргаа цэгээ гэж хэл
  5. Махыг хутгаар бүү ид, амаараа зулгааж ид"[5] гэжээ.

Мандухай хатан хэзээ нас барсан нь нилээн бүрхэг байдаг.

Соёл урлагт дүрсэлсэн нь

Түүний дурсгалыг хүндэтгэн монголчууд 1989 онд "Мандухай сэцэн хатан" хэмээх кино бүтээсэн. Мөн төрийн соёрхолт ардын жүжигчин Жанцанноров "Мандухай сэцэн хатан" аяз зохиосон.

Билэг танхай яруу найрагч Чойном "Монгол бүсгүй" шүлэгтээ Мандухай хатанг дүрслэн

„... Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудсууд эргэж байхад
Халуун тэмцлийн тоосон дунд
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм
Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм
Хар хилэн гэзгээ шууж
Хаж мөнгөн дуулгаар даруулж
Найр наадмын гоёлын дурданд
Нарийн гялтан хуяг тааруулж
Саалийн хувин барьдаг гартаа
Саран дугараг бамбай атгаж
Исгэрээд ирэх гилбэрт сумыг
Ирмэгч үгүй сөрж явсан юм...“

Ренчиний Чойном: «Монгол бүсгүй» шүлэг

хэмээн шүлэглэсэн байдаг.

Холбоосууд

Эшлэл

  1. Мандухай хатны тухай Монголын бичгийн сурвалж бичигт хамгийн анх дүрсэлсэн нь 1607 онд зохиосон Чакраварди Алтан ханы тууж, 1630-аад онд бичсэн Лу.Алтан товч, Хураангуй Алтан товч, 1662 онд Саган сэцний бичсэн Эрдэнийн товч, 1660-аад онд бичигдсэн Шар тууж, 1677 онд зохиосон Асрагч нэртийн түүх зэрэг болно.
  2. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. Улаанбаатар. 2006. p. 70.
  3. ., Лувсанданзан (2006). Алтан товч. Улаанбаатар. p. 261.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. Эрдэнийн товч. Улаанбаатар. 2006. pp. 126–127, 133.
  5. Эртний хаадын үндэслэсэн Их шар тууж оршвой. Улаанбаатар. 2006. pp. 69–70.