Минамата өвчин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Минамата өвчин (Япон: 水俣病, Минамата-бёо) нь байгаль орчны бохирдлоос үүдэлтэй өвчин. 1956 онд Японы Күмамото мужийн Минаматад анх илэрсэн тул уг газрын нэрээр нэрлэгдсэн. Аж үйлдвэржилтийг дагаж бий болсон байгаль орчны бохирдлын хор уршиг хүнд илэрсэн хамгийн тод жишээнүүдийн нэг билээ.

Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас болж үүсдэг хордлогын хэлбэрт төв мэдрэлийн системийн өвчин юм.

Өвчний шинж тэмдэг[засварлах]

Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөн саармагжих, нүдний харах хүрээ багасах, сонсгол муудах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах зэрэг болно.

Өвчтөнүүдэд дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарсан байдлаар илрэх бөгөөд хүнд хэлбэртээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар үхэлд хүргэдэг. Нөгөө талаар харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед толгой өвдөх, амархан ядрах, амт, үнэр мэдрэхээ болих, чих дүнгэнэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь метилийн мөнгөн усны нөлөөгөөр тархины эд эсүүд гэмтсэнтэй холбоотой. Хордлогын үед жирэмсэлбэл урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд төрнө. Ерөнхийдөө уг өвчний илрэх хэлбэр нь мөнгөн усны хэмжээнээс шалтгаалах боловч мөнгөн ус нь хүний биед тогтдоггүй ялгадсаар дамжиж гадагшилдаг тул биен дэх мөнгөн усны хэмжээгээр уг өвчнийг оношлох нь төвөгтэй. Орчин үеийн анагаах ухаанд уг өвчнийг төгс эмчлэх арга хараахан олдоогүй байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээний үр дүнд алдагдсан чадваруудыг тодорхой хэмжээгээр нөхөн сэргээх боломжтой. Мөн залуу байхад өвчний шинж тэмдэг илрээгүй хэрнээ хөгширч, бие организм сулрахтай зэрэгцэн өвчний шинж тэмдэг илрэх тохиолдол бий.

Мөнгөн усаар бохирдсон усыг ахуйн хэрэгцээнд ашиглах, бохирдсон усанд амьдардаг загас амьтдыг хүнсэндээ хэрэглэх, эсвэл ууршсан мөнгөн ус амьсгалын замаар биед нэвтрэх явдал удаан хугацаанд үргэлжилбэл хүний бие дэх мөнгөн усны хэмжээ зохих түвшнээс хэтэрч, минамата өвчин үүсдэг.

Минамата өвчин гарч байсан газрууд[засварлах]

Хятад, Японд илэрсэн нь хүнд үйлдвэрүүд хаягдал мөнгөн усаа ойр хавийн усанд хаяж байснаас үүдэлтэй бол Бразил дахь бохирдол нь алт зэрэг бодисыг олборлоход мөнгөн ус хэрэглэж байсантай холбоотой.

Монголд[засварлах]

Сэлэнгэ аймаг дахь Бороо голын сав газарт "Монголор" нэртэй нийгэмлэг анх 1913 онд алт олборлож эхэлсэн бөгөөд тэд үүндээ мөнгөн ус хэрэглэдэг байв. Гэтэл 1956 онд үйлдвэрийн алт баяжуулах тогоо хагарч их хэмжээний мөнгөн ус Бороо голд асгарсан түүхтэй. Өдгөө Бороо голын ёроолын хөрсөнд Бороогийн алтны үйлдвэрээс асгарсан 2-3 тонн мөнгөн ус байна. Бороо голын сав газрын хөрсөнд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 5-20 дахин өндөр байгааг ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судалгааны багийнхан тогтоосон.

Мөн үзэх[засварлах]