Самдангийн Төмөрбаатар

Самдангийн Төмөрбаатар
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилМонгол Улсын Баатар, АИХ-ын депутат, ахмад дайчин

Самдангийн Төмөрбаатар нь 1914 онд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. БНМАУ-ын баатар, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчин, цэргийн стратеги судлаач Дэд хурандаа, АИХ (Ардын Их Хурал)-ын депутат, улс төр цэргийн зүтгэлтэн.

С.Төмөрбаатарын олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь төр засаг өндрөөр үнэлж 1939, 1956 онд алтан гадас одон, 1947 онд Байлдааны хүндэт медаль, 1939 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1974 онд ЗХУ-ын улаан таван хошуу медаль. С.Төмөрбаатарт АИХТ-ийн 1979 оны 246-р зарлигаар БНМАУ-ын баатар цол олгосон ба улаан тугийн одон, Сүхбаатарын одон, Алтан гадас, ойн медалиар шагнажээ. ХТАЗ, дэд хурандаа цолтон. Засгийн газрын 1994 оны 142-р тогтоолоор хилийн 0198-р ангийн Эрс-Уулын заставыг түүний нэрэмжит болгожээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Архангай аймгийн Өлзийт сумын Өгийнуурын шанаа хэмээх газар төрсөн. 1947-50 онд Намын дээд сургууль төгссөн. 1936 онд цэргийн албанд татагдан Тусгай хороонд цэрэг, бага дарга, 1937-1938 онд Эрдэнэцагааны отрядад салаа сумангийн дарга, 1938-1939 онд 24-р отрядад заставын дарга, 1939-1947 онд 24-р отрядын байлдааны ангийн туслах, 24, 27, 31-р отрядын намын товчооны дарга, улс төрийн орлогч, 1950-1953 онд 20, 31-р отрядад улс төрийн орлогч, 1953-1959 онд УБТЗ-д боловсон хүчин, Батсүмбэрийн САА-н намын хорооны дарга, зохион байгуулагч, 1959-1960 онд Увсын Баруунтурууны САА-д зохион байгуулагч, 1960-62 онд НАХЯ-ы Засан хүмүүжүүлэх газрын улс төрийн орлогч, намын хорооны дарга, 1962-67 онд Архангай аймгийн Өлзийт суманд нэгдлийн дарга, 1968-1969 онд СнЗ-ийн амралтад аж ахуйн дарга, 1969-1972 онд Хэрээ-Уулын заставын дарга, 1972-1975 онд 24-р отрядын Халхын голын комендатурын дарга, 1975-1976 онд хилийн 0198-р ангийн хилийн албаны дарга, 1977-1980 онд Монгол-Зөвлөлтийн хилийг тогтоон тэмдэглэх комиссын 12-р техник ажлын группийн монгол хэсгийн даргаар ажиллажээ.[1] Нэгдлийн дарга байх үед АИХ-н 15-р их хуралд төлөөлөгчөөр, мөн ХЦ-н 0198-р ангид ажиллаж байхдаа АИХ-д төлөөлөгчөөр сонгогдож АИХ-ын депутатаар 2-удаа сонгогдож байсан юм.

Халхын голын дайн[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын баатар Норпилийн Жамбаа, БНМАУ-ын баатар Самдангийн Төмөрбаатар, БНМАУ-ын баатар Дүгэрийн Нянтайсүрэн нар

Халхын голын дайны фронтын гол чиглэлд хилийн 24-р отрядын 6-р заставыг удирдан оролцжээ. 1939 онд Ац гурван шиврээд дайсны тагнуулын томоохон бүлгийг устгасан. Мөн оны 8-р сарын 28-нд Муухайбулагт 50 гаруй дайсантай байлдан устгасан, 8-р сарын 30-д Шавартай голд 30 гаруй дайсныг мөрдөн устгасан, Эрс-Ууланд олон дахин давуу хүчтэй дайсанд бүслэгдэн бут цохисон зэрэг байлдааны онцгой тохиолдлуудыг дурдаж болно. 40 гаруй удаа байлдаанд орж, биечлэн 300 гаруй дайсныг барьсан. Хүндэт чекистийн тэмдгээр шагнагдсан.

БНМАУ-ын баатар цол

Түүний удирдаж байсан заставыг 1972 онд АИХТ-ийн цэргийн гавьяаны одонгоор шагнасан. 1945 оны Чөлөөлөх дайнд 31-р отрядад алба хааж байхдаа оролцон, хилийн чанадад байлдааны ба хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэжээ. 1946 онд НДС-д элсэн орж суралцсан ч дээд газрын шийдвэрээр 1947 онд баруун хилд гоминдан, казахын дээрэмчдийг устгахад амь биеэ үл хайрлан тусгай даалгавар гүйцэтгэхэд оролцжээ.[1]


Тэрбээр дайн дууссаны дараа Төв аймгийн Батсүмбэр, Увс аймгийн Баруунтурууны САА, Архангай аймгийн Өлзийт сумын, нэгдлийн даргаар ажиллах хугацаандаа цэрэг хүний дайчин, мятаршгүй чадварыг гарган ажилласны үр дүнд удирдлагад нь ажиллаж байсан саальчин Авирмэд, ногоочин Долгор нар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэж, тракторчин Пүрэвжав, ногоочин Должинжав, Луузан, Дамдин нар улсын аварга болсныг түүх гэрчилнэ.[2]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр Цэрэнтогтохын Цэвэлийн хамт 8 хүүхэдтэй.

Гэгээн дурсгал[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын баатар Самдангийн Төмөрбаатарын гэрэлт хөшөө

Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль нь БНМАУ-ын баатар Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит юм. 2019 оны 7-р сарын 7-ны билэгт сайн өдөр тус сургуулийн хичээлийн байрны өмнөх талбайд С.Төмөрбаатар агсны үр хүүхдүүд болон төрөл төрөгсөд, нутгийн зон олон түүний гэрэлт хөшөөг суурилууллаа.[3]

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож, алдар гавьяагаа мандуулсан Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын номын нээлт 2019 оны 07-р сарын 1-ний өдөр Монгол цэргийн музейд болсон.[2]

Номын нээлтэд ХХЕГ-ын удирдлага, Монгол Улсын баатруудын “Үхэвч үнэн холбоо” ТББ, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, хошууч генерал П.Сүндэв, баатрын удирдлага дор ажиллаж байсан ахмад хилчид, баатрын үр хүүхэд, төрөл төрөгсөд, хилчин докторуудын төлөөлөл оролцов.

"Япон, Манж-го Улсын цэргүүд Монгол Улсын хилийг удаа дараа зөрчиж, өдөөн хатгалга хийх тэр л үеэс С.Төмөрбаатар даргатай Эрс уулын 6 дугаар заставын хилчид хүч тэнцэргүй их, бага нийт 62 удаагийн тулгаралтад оролцохдоо тухай бүр нь ялалт байгуулж, алдар гавьяагаа дуурсгаж байсан байлдааны амжилт нь С.Төмөрбаатар дарга Чингис хааны байлдааны арга, тактикийг тодорхой судалж, хилийн заставын байлдааны ажиллагааг удирдахдаа ашиглаж байсан нь харагдаж байна. Дэд хурандаа С.Төмөрбаатар нь Монгол Улсын баатруудаас 45, Халхын голын дайнаас тодорсон баатруудаас 13, хилчин баатруудаас 11, Архангай аймгаас төрсөн баатруудаас гурав дахь нь бөгөөд 25 насандаа цэргийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одонгоор энгэрээ мялааж, удирдсан застав нь “байлдааны гавьяа”-ны одонгоор шагнагдаж байв." хэмээн номын зохиогч ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төвийн эрхлэгч, доктор, хурандаа Ж.Өвгөнбүргэд номдоо дурдав [2]






Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 http://bpo.gov.mn/content/39
  2. 2.0 2.1 2.2 https://www.uia.gov.mn/news-details/4
  3. https://www.montsame.mn/mn/read/195003