Умард Жоу

560 он

Умард Жоу улс нь (хят: 北周; пиньинь: Bĕi Zhōu) 557-581 оны хооронд хятадын Умард ба Өмнөд улсуудын үед умард хятадын баруун, баруун хойд нутгуудыг эзэгнэн тогтнож байсан Сяньби угсааны Юйвэнь Жюэ жанжны байгуулсан улс юм. Баруун Вэй улсын эзэн хаан Юань Куог огцоруулж, төрийн дээд эрх мэдэлтэнүүдийг сольсон ч, газар нутаг, засаг захиргааны зохион байгуулалт, хууль дүрэм, цэргийн хүчийг шууд өвлөн авсан улс юм.

Тойм[засварлах | кодоор засварлах]

535 онд Тоба Вэй улс нь төрийн хэргийг атгаж байсан сайд, жанжид хоорондын тэмцэлээс болж Зүүн Вэй, Баруун Вэй болж задарсны дараа 550-иад оноос эхлэн хоёр Вэй улсын төрийг эзэгнэж байсан жанжид Тоба овгийн тоглоомын хаадыг хаан сууринаас нь огцоруулж, өөрсдийн шинэ улсыг байгуулсны нэг нь Баруун Вэй улсын жанжин Юйвэнь Тай 556 онд хорлогдож үхсний дараа хүү Юйвэнь Жюэ 557 онд төрийн эргэлт хийж, Юань Куо хааныг алж, өөрөө эзэн хаан сууж, улсын нэрийг Жоу болгож өөрчилсөн нь хожмын түүхэнд Умард Жоу гэж нэрийдэв. Умард Жоу улсын нь Чанань хотод төвлөрч, зүүн зүгт Гао овогтоны Умард Ци улсыг эзлэхээр дайтаж, 577 онд тус улсыг эзлэв. 578 онд Умард Жоугийн 3 дахь хаан Юйвэнь Ён өөд болсны дараа залгамжлагч Юйвэнь Сюань хааны ёс бус үйлдэл нь түүнийг хаан сууриа алдахад хүрсэн. 579 онд түүний хадам эцэг Ян Жянь төрийн эргэлт гаргаж, Юйвэнь Сюанийг алж, Юйвэнь Жиныг хаан сууринд өргөмжлөж байснаа 581 онд Юйвэнь Жиныг түлхэн зайлуулж, өөрийн биеэ эзэн хаанд өргөмжлөн, улсын нэрийг Сүй хэмээн тунхаглав. Ингээд хятад хойд нутаг дахь Хүннү, Сяньби угсааны хаант улсуудын 270 гаруй жилийн ноёрхол төгсөж, хань үндэстэн дахин улс төрийн байр сууриа эргүүлэн авч чадсан.