Хүйтэн дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
ЗХУ болон бусад коммунист улсуудыг улаанаар, хөх буюу ногоон өнгөөр НАТО-гийн гишүүд болон капиталист улсуудыг үзүүлэв. 1959 он

Хүйтэн дайн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй, дэлхийн хоёрдугаар дайны дараа үргэлжилсэн олон улсын улс төрийн үйл явц бөгөөд энэ нь ЗХУ-ын тэргүүлсэн социалист систем, АНУ тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөн байв. Хүйтэн дайныг 1940-өөд оны дунд үеэс эхлэн, ЗХУ-ыг задартал 1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг.

Хүйтэн дайн гэж нэрлэх болсон нь энэ дайн нь өмнөх цаг үеүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин нүүр тулан дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ. Хэдийгээр ЗХУ болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист Германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Энэ нь дайн дууссаны дараа улам бүр ил гарч ирсэн.

Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны Берлиний бүслэлт, 1950-1953 оны Солонгосын дайн, 1961 оны Берлиний хямрал, 1959-1975 оны Вьетнамын дайн, 1979-1989 оны Афганистаны дайн, 1962 оны Кубын пуужингийн хямрал зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ цөмийн дайн болбол тэндээс ялагч үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. Михайл Горбачев ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон. ЗХУ оршин тогтнож байсан жилүүдэд зөвлөлтжүүлэх үзэл суртал болон социализмын нөлөө, стратегийн зорилгын үүднээс зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн ангиуд монголд удаа дараа байрлаж байсан байна.