Jump to content

Альберт Эйнштейн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Альберт Эйнштейн
Альберт Эйнштейн, 1921
Төрсөн огноо1879.03.14
Германы эзэнт гүрэн, Вюртембергийн Хант Улс, Улм
Нас барсан огноо1955.04.18
АНУ, Нью-Жерси Муж Улс, Принстон
Оршин суугаа улсГерман, Итали, Швейцар, АНУ
ИргэншилВюртемберг/Герман (1879–96)
Харьяалалгүй (1896–1901)
Швейцар (1901–55)
Австри (1911–12)
Герман (1914–33)
АНУ (1940–55)[1]
Угсаажүүд
Салбарфизик
БайгууллагаШвейцарын патентын алба (Берн)
Цюрихийн Их Сургууль
Праг дахь Карлын Их Сургууль
ETH Цюрих
Пруссийн Шинжлэх ухааны академи
Кайзэр Вилхэлмийн хүрээлэн
Лайдэний Их Сургууль
Дэвшилтэт судалгааны хүрээлэн
Төгссөн сургуульETH Цюрих
Цюрихийн Их сургууль
Эрдмийн ажлын зөвлөхАлфрэд Клайнэр
Эрдмийн бусад зөвлөхХайнрих Фрийдрих Вэбэр
Нэр хүндтэй шавиудЭрнст Г. Штраус
Натан Розэн
Лео Шилард
Алдаршсан зүйлхарьцангуйн ерөнхий онол
харьцангуйн тусгай онол
гадаад фотоэффектийн хууль
Брауны хөдөлгөөн
масс-энергийн тэнцэтгэл
Эйнштейний орны тэнцэтгэлүүд
нэгдсэн орны онол
Бозе-Эйнштейний конденсаци
Нэр хүндтэй шагналуудНобелийн шагнал (1921)
Коплийн медаль (1925)
Макс Планкын медаль (1929)
Тайм сэтгүүлийн Зууны хүн
Гарын үсэг
Альберт Эйнштейн, 1947 он

Альберт Эйнштейн (Albert Einstein, герман дуудлага нь Айнштайн, * 1879 оны 3 сарын 14-нд Германы Ульм хотод төрсөн- †1955 оны 4 сарын 18-нд АНУ-ын Принстонд нас барсан) нь Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн байв. Зөв дуудлага нь Айнштайн боловч социализмын үед орос хэлээр дамжин ийнхүү олон нийтэд буруу дуудаж хэвшжээ. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.

Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол Харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны 11-р сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн. Мөн тэрээр Буддизмын шашны үзэл суртал шинжлэх ухаантай хамгийн ойр хэмээсэн байдаг.

Эйнштейн бол физикийн чиглэлээр 300 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, философи, шинжлэх ухааны түүх, сэтгүүл зүй болон бусад чиглэлээр 150 орчим ном, нийтлэлийн зохиогч юм.

Түүний эцэг еврей Херманн Эйнштейн (1847-1902) өдний чихмэл гудасны жижиг үйлдвэрийн хамтран эзэмшигч байв. Эх Паулин Эйнштейн (төрөхдөө Кох, 1858–1920) чинээлэг эрдэнэ шишийн худалдаачин Юлиус Дерцбахер (тэр 1842 онд овгоо Кох болгон өөрчилсөн) болон Йетта Бернхаймер нарын охин болж төржээ.

Альберт эйнштейн, 1906 он

Альберт Эйнштейн бага боловсролоо орон нутгийн католик шашны сургуульд сурч авсан. Өөрийнх нь дурсамжаас үзэхэд тэрээр хүүхэд байхдаа гүн гүнзгий сүсэг бишрэлтэй байсан боловч 12 настайдаа шашинд итгэхээ больжээ. Шинжлэх ухааны алдартай номуудыг уншсанаар тэрээр Библид дурдсан зүйлсийн ихэнх нь үнэн байж чадахгүй, төр нь залуу үеийг зориудаар хуурч байна гэдэгт итгэл үнэмшилтэй болсон байна. Энэ бүхэн нь түүнийг чөлөөт сэтгэлгээтэй болгож, эрх баригчдад эргэлзэх хандлагыг төрүүлсэн байна.

1880 оны зун гэр бүл нь Мюнхен хот руу нүүж, эцэг Херманн Эйнштейн ах Жейкобын хамт цахилгаан тоног төхөөрөмж зардаг жижиг компани байгуулжээ. Альбертын дүү Мария (Маяа, 1881-1951) Мюнхенд төрсөн байна.

Эйнштейн хожим нь хамгийн хүчирхэг нөлөө үзүүлсэн нь болох луужин, Евклидийн "Эхлэл" (1889 онд), Иммануэл Кантын "Цэвэр ой ухааны шүүмж" (герман. Kritik der reinen Vernunft) ном байсан гэж дурссан байна. Үүнээс гадна эхийнхээ санаачилгаар 6 настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн. Эйнштейний хөгжимд дурлах хүсэл насан туршдаа үргэлжилсэн юм.

1900 онд Эйнштейн Цюрих дахь Швейцарийн Политехникийн сургуулийг математик, физикийн багш мэргэжлээр төгссөн. Тэр шалгалтаа амжилттай өгсөн ч гайхалтай биш. Оюутан Эйнштейний чадварыг олон профессорууд өндрөөр үнэлж байсан ч хэн ч түүнд шинжлэх ухааны карьераа үргэлжлүүлэхэд тулаагүй байна.

Эйнштейн 1901 онд Швейцарын иргэн болж 1902 оны 7-р сараас 1909 оны 10-р сар хүртэл патентын албанд ажиллаж, патентын мэдүүлгийг үнэлдэг байжээ. 1903 онд тэрээр Товчооны байнгын ажилтан болжээ. Ажлын зав байдал Эйнштейнд чөлөөт цагаа онолын физикийн чиглэлээр судалгаа хийх боломжийг олгосон байна.

1905 онд германы «Annalen der Physik» («Физикийн Анналууд») сэтгүүл А.Эйнштейний гурван гайхалтай бүтээлийг нийтэлсэн нь шинжлэх ухааны шинэ хувьсгалын эхлэлийг тавьсан юм. Үүнд:

  1. «Хөдөлгөөнт биеийн электродинамикийн тухай» (герм. Zur Elektrodynamik bewegter Körper). Үүнээс Харьцангуйн онол эхэлсэн юм.
  2. «Гэрлийн үүсэл ба хувирлын талаарх нэгэн эвристик үзэл бодлын тухай» (герман. Über einen die Erzeugung und Verwandlung des Lichts betreffenden heuristischen Gesichtspunkt). Квантын физикийн суурь болсон ажлуудын нэг юм.
  3. «Дулааны молекул кинетик онолд шаардлагатай тайван байдалд байгаа шингэнд дүүжлэгдсэн хэсгүүдийн хөдөлгөөний тухай» (герман. Über die von der molekularkinetischen Theorie der Wärme geforderte Bewegung von in ruhenden Flüssigkeiten suspendierten Teilchen) —Броуны хөдөлгөөнд зориулагдсан ажил бөгөөд статистик физикийг урагшлуулсан ажил.

1920 оны 5-р сард Эйнштейн Берлиний Шинжлэх ухааны академийн бусад гишүүдийн хамт төрийн албан хаагчийн тангараг өргөж, хууль ёсны дагуу Германы иргэн гэж тооцогдов. Гэсэн хэдий ч тэрээр амьдралынхаа эцэс хүртэл Швейцарийн иргэншлийг хадгалсан юм. 1920-иод онд урилга хүлээн авч Европ даяар (Швейцарийн паспорт ашиглан) маш их аялж, эрдэмтэд, оюутнууд болон сонирхогч олон нийтэд лекц уншиж байв. Тэрээр мөн АНУ-д айлчилж, нэр хүндтэй зочны хүндэтгэлд зориулж Конгрессоос тусгай баярын тогтоол гаргасан (1921). 1922 оны сүүлээр тэрээр Энэтхэгт айлчилж Рабиндранат Тагортай уулзсан бөгөөд Хятадад мөн очжээ. Эйнштейн Японд өвөл очсон байх үеэр Нобелийн шагнал хүртсэн тухайгаа мэдсэн байна.

Нобелийн шагнал

[засварлах | кодоор засварлах]

Альберт Эйнштейн физикийн салбарын Нобелийн шагналд удаа дараа нэр дэвшсэн юм. Анхны нэр дэвшилт (харьцангуйн онолоор) Вильгельм Оствалдын санаачилгаар аль 1910 онд болсон боловч Нобелийн хороо харьцангуйн онолын туршилтын нотолгоог хангалтгүй гэж үзжээ. Үүнээс хойш 1911, 1915 оныг эс тооцвол Эйнштейний нэр дэвшүүлэх нь жил бүр давтагдаж байв. Олон жилийн турш Хэндрик Лоренц, Макс Планк, Нильс Бор, Вильхелм Вин, Орест Хволсон, Вандер де Хаас, Макс фон Лауэ, Питер Зееман, Хейке Камерлинг-Оннес, Жак Адамар, Артур Эддингтон, Арнольд Соммерфельд, Свантэ Аррениус зэрэг алдартай физикчид түүнийг уг шагналд нэр дэвшүүлж байсан юм.

Эйнштейн өөрөө эзгүй байсан тул түүний нэрийн өмнөөс 1922 оны 12-р сарын 10-нд Германы Швед дэх Элчин сайд Рудольф Надольни шагналыг нь хүлээн авчээ. Үүнээс өмнө нь Эйнштейн Герман эсвэл Швейцарийн иргэн мөн эсэхийг баталгаажуулахыг хүссэн байна. Пруссын Шинжлэх Ухааны Академи Эйнштейнийг Германы харьяат болохыг албан ёсоор баталгаажуулсан боловч түүний Швейцарийн иргэншил мөн хүчинтэй гэж хүлээн зөвшөөрсөн юм. Эйнштейн Берлинд буцаж ирэхдээ шагналын дагалдах тэмдгийг Шведийн Элчин сайдаас биечлэн хүлээн авчээ.

1929 онд Эйнштейний 50 насны төрсөн өдөр дэлхий нийтээр шуугиан дэгдээж байв. Гэвч эрдэмтэн өөрөө баяр ёслолд оролцоогүй бөгөөд Потсдамын ойролцоох байрандаа нуугдаж, тэндээ сарнай ургуулж байжээ. Энд тэрээр эрдэмтэд Рабиндранат Тагор, Эмануэль Ласкер, Чарли Чаплин зэрэг найз нөхөдийгөө хүлээн авч уулздаг байжээ.

1934 онд АНУ-д Принстон хотод Альберт Эйнштейн нацист Германаас зугтан цагаачилж анх ирсэн эрдэмтэн, соёлын зүтгэлтнүүдийг дэмжиж Моцартын хийл хөгжим дээр хийсэн хандивын тоглолтоо хийж байсан түүхтэй.

АНУ-д цагаачилж ирсэний дараа Альберт Эйнштейн шинээр байгуулагдсан Ирээдүйтэй судалгааны хүрээлэнд (Принстон, Нью Жерси) физикийн профессороор ажиллахаар болжээ. АНУ-д Эйнштейн хамгийн алдартай, нэр хүндтэй хүмүүсийн нэг болж, түүхэн дэх хамгийн гайхалтай эрдэмтэн гэдгээрээ алдаршсан. Дараа нь 1934 оны 1-р сард түүнийг Ерөнхийлөгч Франклин Рузвельт Цагаан ордонд урьж, түүнтэй найрсаг яриа өрнүүлж, тэр ч байтугай тэндээ хоносон байна. Эйнштейн өдөр бүр янз бүрийн агуулгатай олон зуун захидал хүлээн авдаг бөгөөд тэр (хүүхдийнх ч гэсэн) хариулах гэж оролддог байв. Дэлхийд нэр хүндтэй байгалийн эрдэмтэн байсан тэрээр ойр дотно, даруухан, эелдэг хүн хэвээр үлджээ.

Альберт Эйнштейн Германд (1879—1895, 1914—1933), Швейцарт (1895—1914), 1933 оноос АНУ-д нас барах хүртлээ амьдарсан байна.

Альберт Эйнштейн 1955 оны 4-р сарын 18-ны Даваа гарагт 1:25 цагт 77 насандаа Принстон хотод таалал төгсөв; үхлийн шалтгаан нь аортын аневризм байсан юм.

Физикийн нээлтүүд

[засварлах | кодоор засварлах]

Альберт Эйнштейн нь физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлтүүдийг хийсэн бөгөөд түүний хамгийн гол 5 нээлтийг дурдвал:

Эдгээр бүх нээлтүүд нь өдгөө нобелийн шагнал хүртэх хэмжээний ажлууд хэмээн үнэлэгдэж буй бөгөөд түүний хамгийн чухал нээлт хэмээн тооцогддог харьцангуйн тусгай ба ерөнхий онолоороо биш харин Гадаад фотоэффектийн хуулиараа 1921 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.

 Commons: Альберт Эйнштейн – Викимедиа зургийн сан
  1. Hans-Josef, Küpper (2000). "Various things about Albert Einstein". einstein-website.de. Эх хувилбараас архивласан: 2011-07-22. Татаж авсан: 2009-07-18.