"Түмэн эх" чуулга

"Түмэн эх" чуулга (англи. Tumen Ekh National Song and Dance Ensemble) анх 1989 онд тухайн үеийн "Хүүхдийн парк"- ийн захирал С.Лунаа-гийн санаачилгээр, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсаны нарын зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьжээ.

Уламжлалт Өв Соёлын ”Түмэн Эх” чуулга нь эрхэм зорилгоо “Монгол үндэстэн угсаатны ардын язгуур урлаг, өв соёлыг нээн илрүүлж, судлан сурталчилж, хөгжүүлэх, түүний төрөл зүйлийн гайхамшгийг эх орондоо болон дэлхий дахинаа эрхэм чанартай хүргэн таниулж, ур чадвараараа манлайлан оюуны эрэлт хэрэгцээг хангахад оршино” хэмээн тодорхойлжээ. Тус чуулга нь эртний Монгол хаадын зочлол ёслолын гэр өргөөг санагдуулам урлаж чимсэн өөрийн тохилог байрандаа дуу чимээний элдэв техник, өсгөгч зэргийг ашиглалгүй анхдагч төрхөөр нь сонордуулан толилуулдаг, эрхэм заншлаар үзэгч, зочид, гийчидтэйгээ нүүр тулан уулзаж, өргөн барьдаг онцлогтой юм.

Тус чуулга нь 1989 оноос эхлэн 2022 оны байдлаар Франц, ХБНГУ, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Голланд, Бельги, Испани, Их Британи, БНХАУ,Энэтхэг, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ, Тайвань, Хонконг, Сингапур, Кувейт, Австри, Канад, АНУ зэрэг тив дэлхийн 60 гаруй улс оронд айлчилан тогложээ. Ийнхүү “Түмэн Эх” чуулга жилээс жилд өөрийн уран бүтээлээ шинэ соргогоор баяжуулахаас гадна уран бүтээлчид өөрсдийн бие даасан уран бүтээлүүдийг туурвиж, олон улсын болон өөрийн орны улсын чанартай уралдаан тэмцээн, наадамд удаа дараалан амжилттай оролцон шагнал хүртэж, гадаад орнуудад урилга, хэлэлцээр, хамтын ажиллагаа зэргээр тогтмол айлчлан тоглолт хийж ирсэн байна.

Ардын богино болон уртын дуу, үндэсний хөгжмүүд, бий биелэг, олон ястны бүжиг, цамын бүжиг, хөөмэй, язгуур урлаг, уран нугаралт зэргээс бүрдсэн арвин урын сантай, дөч орчим уран бүтээлчидтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус чуулгын үндсэн бүрэлдэхүүнээс Монгол Улсын Гавъяат Жүжигчин 3, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан 15 төрөн гарчээ. 

2005 онд “Монголын үндэсний бахархалт байгууллага”, 2006 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгодог “Монголын дүр төрх байгууллага” өргөмжлөл зэрэг шагналуудаар шагнагдсан байна.