Jump to content

Абрахам Константин Д’Оссон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Абрахам Костантин Д'Оссон

Абрахам Константин Муража Д'Оссон (швед. Abraham Konstantin Mouradgea d'Ohsson; 1779 оны 9-р сарын 26-нд Стамбулд төрсөн- 1851 оны 12-р сарын 25-нд Берлинд нас барсан) -шведийн язгууртан, дипломат, дорно судлаач. Армян гаралтай, дипломат, түүхч Игнатиус Муража Д'Оссоны (Ignatius Mouradgea d'Ohsson) хүү.

Тэрээр 1779 онд Станбул хотод армян гэр бүлд төржээ. 1798 онд гэр бүлээрээ Швед рүү нүүж очоод шведийн хамгийн ууган Уппсала хотын Их сургуульд сурч 1799 онд төгссөн байна.

Константин Д’Оссон Их сургууль төгсөөд Шведийн Гадаад хэргийн яаманд дипломат албанд ажилд оржээ. Тэрээр төрийн ажлаа эрдэм шинжилгээнийхээ ажилтай хослуулж чаддаг байжээ. 1801–1803 онд Парист ЭСЯ-нд атташе цолтой ажиллаж байгаад эцгийнхээ дорно дахины судалгааны ажлыг үргэлжлүүлж байжээ.

Тэрээр 1805–06 онд Мадрид дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга, 1807–1809 онд Севилья дахь Пруссын хааны Элчин сайдын яаманд, 1811-1813 онд Парис хотод Хэргийг түр хамаарагч. Дараа нь угсаа залгамжлах хунтайж Карл Йоханы Засгийн газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1816 онд Голландын Хааг дахь Шведийн сайдаар томилогдсон бөгөөд 1834 онд Берлинд Элчин сайдаар ажиллаж байгаад 1850 онд эх орондоо буцсан байна.

Абрахам Константин Муража Д'Оссон 1851 оны 12-р сарын 25-нд Берлинд нас баржээ.

Д'Оссон нас барахаасаа өмнө Лундсын их сургуульд (швед. Lunds universitet, Universitas Lundensis) 300 орчим ном, арав гаруй гар бичмэл хандивлан үлдээсэн байна.

Абрахам Константин Д'Оссон "Чингис хаанаас Доголон Төмөр хүртэлх Монголын түүх" 4 боть номыг бичиж хэвлүүлсэн байна. Тэрээр монгол судлалд Рашид ад-Дин, Жувейни болон бусад дундад зууны үеийн персийн түүхчдийн бүтээлийг ашигласан анхны хүн юм. Нэмж дурдахад тэрээр армян, гүрж, польш, латин шастир, Оросын он цагийн бичгүүдийн материалыг мөн ашигласан байна. Түүний энэ ном Монголын түүхийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг болж үлдсэн байна.