Алага Бэхи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бөртэ хатныг гучин нас хүрч байхад Алага бэхи төржээ. Чингис богдын хайртай гүнж энэ охин Монголын тэгш өндөрлөг нутгаас гарч Хятадын суурин соёл иргэншилд Монгол удирдлагыг хэрэгжүүлсэн Боржигон аймгийн анхны хүн нь байв. Тэрээр орь залуудаа хаан эцгийн зарлигаар харийн зуун сая шахам хүний ертөнцтэй учирсан болой.

Дашрамд дурдахад Бөртэ хатан Монгол уламжлалаа чанд баримтлан үр хүүхдээ өсгөх үүргийг дан биеэрээ үүрсэн бөгөөд зарц шивэгчинд даатгаагүй. Алага бэхийг мөн тийм замаар хүмүүжүүлжээ. Эр нөхрөөсөө илүүтэйгээр охиддоо улс үндэстнийхээ төлөө хүчин зүтгэх ухамсар суулгажээ. Аав нь (Чингис) охиндоо олон чухал сургаал захиас хэлсэн байдаг. “Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй. Хайрлах юм олон боловч халуун амийг хамгаас хайрлалтай. Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү” Эдгээр үнэт сургаалыг Чингис хаан охиддоо хандаж айлдсан бүлгээ. Эхийн ухаан, эцгийн сургаалыг баримтлан өсч хүмүүжсэн Алага бэхи бол Монгол үндэстэн тал нутгаа Азийн түүхэн дэх хамгийн том газар нутаг болгон өргөжүүлэн тэлсэн их байлдан дагуулалтын анхны алхмыг хийсэн түүхтэй.

Хазайхад түшиг минь

Хальтрахад тах минь

Харайхад хөл минь болохоо

Хайрт охин минь мэдтүгэй… хэмээн хэлсэн аавынхаа үгийг чандлан мөрдсөн хүн бол Алага бэхи юм.

Бөртэ хатнаас Зүчи, Цагадай, Өгөдэй, Тулуй нэрт дөрвөн хүү, Түмэлү, Алага бэхи, Алалтун бэхи, Цэцэйхэн хэмээх дөрвөн охин төрсний 2 дахь гүнж нь Алага юм.

Бие өсч, билэг ухаан тэгшрэх насандаа цэрэг удирдан, төр захирч эцгийн сургаалыг хүндлэн дагах болсон Алага эцэгтээ элч явуулж Онгуд аймагт дэгдсэн үймээнийг даруулах, бүх зүйлийг зохицуулахад ухаан зарсны учир Онгудыг дахин хурааж Жинхүүд хан цол өргөмжлөн Онгуд аймгийг захируулжээ. Өөрөө ч Жинхүү хантай залган сууж тус аймгийн хүндэт эзэгтэй хэвээр үлдсэн юм. 1219 онд Чингис хаан дундад Азид морилохдоо Алага бэхи, дүү Отчигон ноён хоёрт төрийн хэргийг захируулан үлдээв.

“Өдөр бүр ном уншиж, эмэгтэйчүүд хэдэн мянган хүнээр сувилуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг биеэр шийдвэрлэнэ”, “Монгол-Татарын бүрэн тэмдэглэлд” ийн дурдсанаас үзэхүл Алага бэхи нь төрийн хэрэг захирах чадвартай төдийгүй, бичиг цэргийн эрдэм хосолсон хаан угсааны эрхэмсэг гүнж байжээ. Ер нь Чингис хааны гүнж нар нь уужим тэнүүн ухаан бодолтой, эх оронч, хүнлэг энэрэнгүй, эцэг эхийнхээ сургаалыг ёсчлон дагаж байсан охид бүсгүйчүүд ажгуу.

Алага бэхи нь “Төр захирагч гүнж” хэмээн алдаршиж, түүхнээ тэмдэглэгджээ. Алага бэхийн хаант улс асар уудам нутгийг эзэлж байв. Энэ нь эдүгээгийн Өвөрмонголын нутаг аж. Түүний хаант улс нь Монгол, Түрэг, Хятадыг өөртөө багтаасан олон үндэстний орон байжээ.

Хоёр мянган жилийн турш Хятадын хойд хил орчмын түүхэнд дангаараа ноёрхож байсан Түрэг хэлтэн овог аймгуудын нэг болох Онгуудын удирдагчийн үүргийг сайтар гүйцэтгэж байснаараа Алага бэхи түүхэнд тодорхой байр эзэлдэг.

Чингис хаан говийн өмнө орших өргөн уудам соёл иргэншилт хаант улсууд руу хаяагаа улам тэлж байлаа. Энэ хүнд хүчир үйлсэд Алага бэхи монгол цэргийг бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавьяатай хүн.

Онгуудыг захирах болсноор монгол цэргийг хоол, хүнс, сэлгээний мориор хангах, өмнө зүгийн улсуудын дайралтаас хамгаалж байлаа.

Чингис хааны нэг зуун мянган цэрэг өмнө зүгийн Зүрчидийн Чин гүрний цэргийн аравны нэгтэй л дүйж байсан тул тэрээр дайрахаасаа илүү ухрах тактиктай төлөвлөгөө боловсруулав. Энэ төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд ухарч буцаад найдвартай хамгаалалтад байх байрлал хэрэгтэй байв. Алага бэхи тэрхүү нууц байрлалаар хангажээ. Тэрээр монгол цэргийн хошуучлагч нь, бас хамгаалагч нь ч болж байсан юм. Нэн удалгүй Алага бэхийн араас хоёр хүү нь түрэг үндэстний хатан болов. Харийн довтолгооноос хамгаалж, харь дайсныг хөөн зайлуулах хаалт болж байснаараа Алага бэхи бол дундад эртний монголын түүхэнд чухал байр эзлэх хүн билээ. Түүний удирдаж байсан Онгуудын нутаг Чингис хааныг Хятадын олон эзэнт улсыг байлдан дагуулахад бааз болж өгөв. Уйгарын хаант улс түүнд Торгоны замд тавьсан хяналтаа чангатгах боломж олгов. Чингис хаан охидоо Монголын эзэнт гүрний алтан цацал мэт дөрвөн зүг, найман зовхист тараасан нь учиртай. Охид нь цацал мэт одож, зорьсон сууринаа хүрмэгц эх монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай болдог байжээ. Тэд Онгууд, Уйгар, Харлаг, Ойрадын хаант улсуудыг захирч, улсынхаа хилийг тодруулан тэмдэглэж дөрвөн талаас нь хамгаалав. Чухам эндээс л Чингис хаан охидоороо хуяг бамбай хийж дэлхийг байлдан дагуулжээ.

Хатуужиж явбал

Хамагт тустай

Ариун явбал

Ашид тустай… хэмээсэн эцэг Чингисийнхээ сургаалийг хатуу даган биелүүлсэн гүнжүүдийн нэг нь Бөртэ үжин, Чингис хоёроос гарсан Алага бэхи гүнж бүлгээ.