Jump to content

Александр Радищев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Радищев

Александр Николаевич Радищев (1749 оны 8-р сарын 20- Оросын хаант улсын Москва хотод төрсөн— 1802 оны 9-р сарын 12-нд, Санкт-Петербург хотод нас барсан) — оросын зохиолч, яруу найрагч, гүн ухаантан. Петербургийн гаалийн газрын дарга, Оросын I Александр хааны үед хууль боловсруулах Комиссын гишүүн. Тэрээр 1790 оны 6-р сард нэрээ нууцлан хэвлүүлсэн "Санкт-Петербургээс Москва хүртэлх аялал" хэмээх гол бүтээлээрээ алдартай болсон.

Тэрээр бага насаа Калуга мужийн Боровский дүүргийн Немцово тосгон дахь эцгийнхээ эдлэнд өнгөрөөжээ. Түүний эцэг латин, польш, франц, герман хэлээр чөлөөтэй ярьдаг шүтлэгтэй нэгэн байсан тул түүнд анхан шатны боловсрол олгосон гэдэг. Москвагийн их сургууль нээгдсэний дараа удалгүй 1756 онд Александрын эцэг түүнийг Москвад үргэлжлүүлэн сургахаар аваачсан байна. Энд тэрээр нагац ах Аргамаковынд амьдарч XV Луи хааны хавчлагад өртөөд зугтаж ирсэн францын Руан хотын парламентын зөвлөх асан франц хүнд сурагчаар оржээ. Нагац ахын хүүхдүүдийн хамт Их сургуулийн гимназийн профессор, багш нартай гэрээр хичээллэж мэдлэгээ зузаатгах боломж олдсон байна.

1762 онд II Екатерина хаан ширээнд өргөмжлөгдсөний дараа Радищев Санкт-Петербург руу Язгууртнуудын эрэгтэй хүүхдийн сургуульд элсэж суралцахаар явжээ.

Дөрвөн жилийн дараа 12 залуу язгууртнуудын хүүхдийн хамт Германы Лайпцигийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар түүнийг илгээжээ. Тэнд байх хугацаандаа Радищевийн мэдлэг их өргөжин тэлжээ. Шинжлэх ухааны суурь мэдлэгээс гадна тэрээр Францын дэвшилтэт сурган хүмүүжүүлэгчдийн бүтээлтэй танилцаж санааг өөртөө шингээж авчээ. Энэ бүхэн 20 жилийн дараа гарсан хөрөнгөтний хувьсгалын үндэс суурь болсон байна.

Радищевын Лайпцигт хамт сурч байсан нөхдүүдийн дотроос Федор Васильевич Ушаков нь Радищевт асар их нөлөө үзүүлсэн юм. Ушаков бусад нөхдөөсөө илүү туршлагатай, төлөвшсөн хүн байсан бөгөөд түүний нэр хүндийг бусад нь үг дуугүй шууд хүлээн зөвшөөрсөн байдаг.

1771 онд Радищев Санкт-Петербургт буцаж ирээд удалгүй офицер болж, зөвлөхийн зэрэгтэй болжээ. Тэрээр Сенатад ажилтнуудын "сонин" нөхөрлөл, дарга нарынхаа бүдүүлэг харьцсанаас болж дарамт амсаж удалгүй ажлаасаа гарчээ. Радищев Санкт-Петербургийн командлагч генерал Яков Брюсийн штабт ахлах хянагчаар орж, үүрэгт ажилдаа ухамсартай, зоригтой ханддагаараа ялгарч байжээ. 1775 онд ажлаасаа гарч Лайпциг дэх найзынхаа эгч Анна Васильевна Рубановскаятай гэрлэж, хоёр жилийн дараа худалдаа, аж үйлдвэрийн салбарыг хариуцдаг яаманд оржээ. Тэнд тэрээр гүн Александр Воронцовтой маш дотно найзууд болсон байна.

1789 онд тэрээр гэртээ хэвлэх үйлдвэр авч суурилуулж 1790 оны 5-р сард "Петербургээс Москва хүртэлх аялал" хэмээх үндсэн бүтээлээ гэртээ нууцаар хэвлэсэн байна.

Үүний дараа түүнд цаазаар авах ял оноосон боловч сүүлдээ олон нэр хүндтэй хүмүүсийн дэмжлэгээр 10 жил нутаг зааж цөлөх ялаар сольжээ.