Jump to content

Байтаг Богдын хилийн мөргөлдөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Байтаг Богдын тулалдаан-с чиглүүлэгдэв)

Солбицол: 45°12′N 90°54′E / 45.2°N 90.9°E / 45.2; 90.9

Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
Хамаарах дайн: Монгол-Хятадын хилийн дайнууд
Огноо1947 оны зургаадугаар сар1949 оны долоодугаар сар
Байршил
Үр дүн Хятадын халдагыг няцаасан
Байлдагч талууд
Монголын Ардын арми
ЦАХ ЗХУ
ҮХА-ийн дунган үндэстнээс бүрдсэн 14-р морьт хороо
Зүүн Туркестаны Казахын дээрэмчид
Командлагч болон удирдагчид
Х. Чойбалсан
Б. Дорж
М.Зайсанов
Ш.Зонров
Ма Чэнсян
Оспан батыр
Оспаны баатар Сагадай
Цэргийн хүч
10 хилчин 120 орчим хүн, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтов
Хохирол
6 тодорхой бус

Байтаг Богдын хилийн мөргөлдөөн буюу Байтагбогдын тулгаралт, Бүдүүн харгайтын тулалдаан — Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Улсын хооронд Зөвлөлт Холбоот Улсын оролцоотой 1947—1949 онд болсон хилийн мөргөлдөөн.

БНМАУ-ын баруун хил (Баян-Өлгий, Ховд аймаг) болон Бүгд Найрамдах Хятад улсын баруун хойд хил (Шиньжян) дээр хэд хэдэн хилийн застав байсан. 1947 оны 6-р сард хятадын Гоминданы Засгийн газрын турхиралтаар дунган болон казах үндэстнүүд БНМАУ-ын хилийг зөрчих үйлдлүүд эхэлсэн.

1948 оны долоодугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын ... дугаар отрядын Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.

Хилийн тагнуулын албаныхан тэдний байрлах харуулын постын чиглэлээр дайсны үлэмж хэмжээний хүч цөмөрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж хөнгөн хоёр пулемёттой манаанд гаргасан байв. Түрүүч Б.Гиваанаар ахлуулсан тасаг цэрэг товлосон хугацаанд хилийн постдоо ирж, Бүдүүн Харгайтын голыг шөнөдөө сэрэмжлэн харж хоножээ. Байтаг богдын хилийн цаад талд хятадын гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны хасгийн зэвсэгт дээрэмчид удаа дараа хилд халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв.

Долдугаар сарын 8 болж үүр манхайн цайж байжээ. Хилчид сонор сэрэмжээ алдалгүй хоносны дүнд морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж байгааг мэдлээ. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ.

Дайснууд винтов, пулёмотоос гадна их буугаар зэвсэглэсэн байв. Дээрэмчдийг ажиглахуйд манай харуулуудын тогтмол гардаг постыг бүслэхээр хүчээ хуваарилан давшиж байжээ. Хилчид байлдагч Пэлжээг отряд, заставт мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай довтолгосон юм. Манай хилчид Бүдүүн, Нарийн Харгайтын голын хооронд байдаг гурван жижиг хар толгойн ард морьдоо үлдээгээд хүчээ гурван хэсэгт хуваан баруун талаас бүслэхээр явж байгаа дайснуудыг зогсоохын тулд түрүүч Б.Гиваан, пулемётчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нарыг гаргажээ.

Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтож байсан аж. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байгаагүй гэнэ. Улмаар зүүн мөрөндөө хүнд шархадсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ.

Гэвч тасгийн дарга, түрүүч Б.Гиваан “Дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй, давшиж ирсэн бүхнийг устга” хэмээн хоёр нөхөртөө тушаан галласаар сүүлчийн сумаа дуусгасан аж. Дайсан 25-30 метрт ойртох ирэх үед тасгийн дарга Б.Гиваан хилчин нөхөддөө “Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзлуулж болохгүй. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтэрээ устга. Хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгийнхөө нэгийг дайсан руу шиднэ. Сүүлчийнхийг нь дээрэмчдийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас урьтая” гэжээ. Ингээд батлахаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор нуув.

Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд “Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм.

БНМАУ-ын хил дээр хасгийн дээрэмчдийн өдүүлсэн их бага зөрчил, зэвсэгт тулгаралт хэдэн арваар тоологдох бөгөөд түүний нэг нь 1948 оны долоодугаар сарын 8-ны өдөр болсон Бүдүүнхаргайтын тулалдаан билээ.

Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтагбогд уулын араас эх аван 15 км урт урсах Бүдүүнхаргайт хэмээх голын хойт өндөрлөгт монголын хилчид хасгийн дээрэмчидтэй эрслэн тулалдсан бөгөөд 1988 онд хилчин баатрууддаа зориулан амь үрэгдсэн газар нь дурсгалын хөшөө босгосон.

Манат гэгчээр толгойлуулсан дээрэмчид амьд хэл олзлох зорилгоор энэхүү довтолгооныг хийсэн бөгөөд бүлэг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтовоор зэвсэглэсэн байв.

Тухайн өдөр хилийн манаанд гарсан 6-р отрядын 2-р сумангийн бүрэлдэхүүнд ахлагчаар заставын орлогч Г.Хаянхярваа, тасгийн дарга Б.Гиваан, цэрэг Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нар байв.

Дарга Г.Хаянхярваа уулын урд өндөрлөгт Д.Чойжин, Т.Баян, Л.Гончигзэгвэ нарыг, хойт өндөрлөгт Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг хөнгөн пулемёттойгоор, өөрөө Н.Дандархайдавын хамт дунд онин дээр байрлан Э.Архадаар морьдоо бариулан Ч.Пэлжээг холбоо бариулахаар Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан явуулжээ.

Дээрэмчид хүчтэй галаар дэмжүүлэн довтолсноор Э.Архад, Т.Баян нар амь үрэгдэж, Н.Дандархайдав хүнд шархадан арын байрлалд шилжсэн байна.

Тулалдаан богино хугацаанд дайсны хүчний илт давамгай байдалд явагдсан боловч монголын хилчдийг олзолж, бүрэн устгаж чадаагүй.

Тулалдааны явцад Г.Хаянхярваа, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин нар бүслэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүдэн нөхөддөө туслаж чадаагүй аж. Бусад хилчид дайсны бүслэлтэд орж эцсээ хүртэл эрэлхэгээр тулалдан алтан амиа алдсан билээ.

Хойт өндөрлөгт байрласан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нар пулемётын галаар ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномёт, пулемётын галын дэмжлэгтэйгээр бүслэхийг оролдсон байна. Тулалдааны дараа хийсэн үзлэгээр гурван хилчний байлдаж байсан хойт өндөрлөгийн 15 хавтгай дөрвөлжин метр талбайд 15 удаа миномётын бөмбөг тэсэрч, хүн бүр 2-3 шархадаж, талбай цусаар будагдсан байжээ.

Байлдагч Б.Тэгшээгийн баруун хөл мининд өртөн тасарч зөвхөн боривны том шөрмсөнд санжин тогтсон, шилбэний хугархай яс нь газар зурсаар мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байдалтай, Л.Даваадоржийн бие хуваагдан 6 метрийн зайтай шидэгдсэн, амь үрэгдэхээсээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулемёт буугаа хад савж эвдсэн байв. Гурван хилчин хамтдаа эцсийн гранатаа тэслэн өөрсдийгөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан байлаа.

Дайсны эхний довтолгоонд өртөн хүнд шархадсан Н.Дандархайдав дайсанд амьдаар баригдахгүйн тулд өөрийгөө буудсан ажээ.

Эрэлхэг хилчин Баянбэлэгийн Тэгшээ, Лхүнрэвийн Даваадорж нарын гавъяаг тэмдэглэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1949 оны зарлигаар “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан. Бэгзийн Гивааныг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны 10-р сарын 13-ны өдрийн 200 тоот зарлигаар “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан. Тэдний алдрыг мөнхжүүлж нэрэмжит заставууд бий болгожээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харъяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Түвшингийн Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан туг"-ийн одонгоор нэхэн, Булган аймгийн харъяат Гомбожавын Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан туг"-ийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харъяат Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харъяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг “Байлдааны гавъяаны одон“-гоор, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Чойжилсүрэнгийн Пэлжээг “Байлдааны медаль”-иар шагнажээ.

Амь үрэгдэгсдийг суман, застав байрлаж байсан Дамжигийн Ус хэмээх газар хөдөөлүүлсэн юм. 1988 онд байлдаан болж баатруудын амь үрэгдсэн газарт тэдгээр 10 хилчдэд зориулсан дурсгалын хөшөө, Б.Гивааны нэрэмжит заставт түүний хүрэл хөшөөг босгосон билээ.

Урлагийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж
  • Маш нууц 2 (Байтаг богд) (2018) Fantastic production
  • Зохиолч Баасангийн Номинчимэдийн баримтат тууж Байтаг Богдан нүргээн (2022 он)