Бали арал
Бали арал | ||
---|---|---|
Бали арлын эрэг | ||
Ус зүй | Энэтхэгийн далай | |
Солбицол | 8° 21′ Ө, 115° 8′ З | |
| ||
Урт | 145 км | |
Өргөн | 95 км | |
Талбай | 5780 км² | |
Хамгийн өндөр цэг | Агунг уул 3142 м | |
Оршин суугч | 4.362.000 755 хүн/км² | |
Бали арлын байр зүйн зураг |
Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагдах арал. Нийслэл Жакарта хотын орших Жава арлын дэргэд, зүүн талд нь оршино.
Бали арлын оршин суугчид бали хэлээр ярьдаг боловч телевиз, радиогийн нэвтрүүлэг зэрэг нь Индонез улсын албан ёсны хэл болох индонез хэлийг ашигладаг, мөн хүүхэд багачууд нь бага сургуульд орохын өмнө индонез хэлийг тусгайлан заалгадаг тул настнуудаас бусад нь индонез хэлийг чөлөөтэй ашигладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Бали аралд эртнээс хүн амьдарч байсны ул мөр элбэг олддог бөгөөд 4-р зуунд хинду шашинтнууд нүүдэллэж ирснээр арал нь хөгжил цэцэглэлийн замдаа оржээ.
9-р зууны үеэс өөрийн гэсэн төр улсаа байгуулж байсан боловч түүхийн ихэнх хугацаанд хөрш зэргэлдээ орших Жава арлыг захирч байсан улсын нөлөөн дор оршиж ирсэн байна. 1342 онд Мажапахитын хаант улсын довтолгоонд өртөн, эзэмшилд нь оржээ. 16-р зуунд Мажапахитын хаант улс нь исламын шашинтнуудын довтолгооны үр дүнд мөхөхөд Жава арлаас тусгаарлаж, Гергерийн хаант улсыг байгуулан, зүүн тийш тэлэх исламын хүчний эсрэг сөрөн зогссон юм. 17-р зуунд Голландын Ост-Инд компаниас эхлэн, европчууд тус бүс нутагт нэвтэрч эхэлсэн боловч өөрийн гэсэн онцлог бүтээгдэхүүн, ашигт малтмалгүй Бали арлыг чухалд тооцолгүй, эзлэхийг чармайгаагүй тул Бали арлынхан өөрсдийн засаг төрийг хадгалсаар иржээ.
19-р зуунд империализмын давалгаан дор Нидерланд улс Бали арлыг колоничилох бодлого явуулж эхлэн, 1908 онд тус арал дээр оршин тогтнож байсан Клунгкунгийн ханлигийг мөхөөж, арлын бүх нутгийг эзэлжээ. Тэд арлыг язгууртнуудаар дамжуулан захирч, усжуулалт, зам харилцааг хөгжүүлэн, хар тамхи, кофе тариалж, боолчлох ёсыг халж, сургууль соёл байгуулан, хүн ардыг хувцас өмсч сурган, орчин үеийн Европийн соёлыг нэвтрүүлсэн юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед тус арлыг Японы арми эзэлсэн бөгөөд дайны дараа дахиж эрх мэдлээ тогтоох гэсэн Голландын эсрэг хөдөлгөөн энд тэндгүй өрнөж, 1949 онд Индонез улс тусгаар тогтноход, дараа жил нь буюу 1950 онд Бали арал Индонезид нэгджээ.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Арлын талбай нь 5,633км2. Бага Зондын арлуудын баруун захын арал бөгөөд Их Зондын арлуудад харьяалагдах Жава аралтай зэрэгцэж байрладаг.Баруун талд нь Балийн хоолойгоор тусгаарлагдсан Жава арал, зүүн талд нь Ломбокын хоолойгоор тусгаарлагдсан Ломбок арал оршино. Бали арлын эргээс Жава арал харагддаг (Балийн хоолой нь хамгийн нарийн хэсгээрээ 3км өргөн) гэдэг.
Балийн Хинду шашны ариун уул гэгдэх Агунг уул (3,142м өндөр) болон Батур уул зэрэг олон галт уултай. Батур уулын орчимд халуун рашаан элбэгтэй.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Халуун бүст багтдаг бөгөөд борооны улирал (10-3 сар), хуурай улирал (4-9 сар) нь эрс тэс ялгаатай.
Газар тариалан
[засварлах | кодоор засварлах]- Усжуулалт
- Тус арал нь эрт цагт цөл байсан гэдэг бөгөөд арлын төвд орших ууланд нуур байсан болловч ус нь бүгд хойд зүг рүү урсан одож, өмнөд хэсэг нь хуурай уур амьсгалтай байжээ. Тэрхүү нуурын усыг туннель ухан өмнө зүг рүү татаж, усны урсгалыг зохицуулах болсноор арлын өмнөд хэсэг ногоон ургамлаар бүрхэгдэж, дүр төрхөө өөрчилсөн юм.
- Ийнхүү Бали арал нь газар тариалан эрхлэхэд тун тохиромжтой болжээ. Жишээ нь, жилд 2-3 удаа цагаан будааны ургац хурааж авдаг тул хоол хүнс элбэг дэлбэг. Тиймээс нутгийн тариачид өдөрт 5-6 цагийг л газар тариалангийн ажилдаа зарцуулан, үлдсэн цагаа уран зураг, сийлбэр, дуу хөгжим, бүжиг зэрэг урлагт зориулах боломжтой байдаг. Иймээс тус арал нь урлагийн арал хэмээн дэлхийд алдаршжээ. Бали бүжиг, түүний аяыг тоглоход хэрэглэгддэг хөгжмийн зэмсэг гамелан, кечак зэрэг нь ихээхэн алдартай.
Засаг захиргааны нэгж
[засварлах | кодоор засварлах]Бали арал ба ойр орчмын жижиг арлууд нь Индонезийн засаг захиргааны нэгдүгээр зэргийн нэгж (Daerah Tingkat I) болох Бали мужийг бүрдүүлнэ.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан, мөн далайн эргийн наран шарлагын газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд аялал жуулчлал хөгжжээ. Тус арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг.
Гэвч жуулчид их цуглардаг, мөн исламын шашинтай, дэлхийн хамгийн том орон болох Индонезид орших, хинду шашинтны өлгий нутаг гэдэг утгаараа терроризмд өртөх магадлал өндөртэй. Үнэхээр ч 2002, 2005 онуудад томоохон алан хядах ажиллагаа явагдаж, жуулчид олноор өртөж байсан түүхтэй.
Дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]- Мужийн төв Денпасар
- "Урлагийн тосгон" Убуд
- "Модон сийлбэрийн тосгон" Мас
- Боомт хотхон Сингаража
- Агунг уул
- Бесаки сүм
- Тана Лот сүм
Резорт, наран шарлагын газрууд
[засварлах | кодоор засварлах]Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]- Нгура Рай олон улсын нисэх онгоцны буудал арлын өмнөд хэсэгт байдаг.
- Машин зам - Томоохон хотуудыг холбон, арлыг бүтэн тойрох машин зам бий. Нутгийн иргэдийн ихэнх нь мотоциклоор зорчдог.
- Автобус - Жуулчдад зориулсан, сэрүүцүүлэгч бүхий автобус өдөр тутам үйлчилдэг.
- Такси - Денпасарын орчимд тоолууртай таксинууд элбэг. Мөн хувийн таксинуудтай үнэ хөлсөө тохиролцоод үйлчлүүлж болдог.