Батзанын Батзаяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батзанын Батзаяа (1958 оны 4-р сарын 2-нд Улаанбаатарт төрсөн- 2021 оны 12-р сарын 11-нд Улаанбаатарт нас барсан) орчин үеийн Монгол улсын хошин урлагийг үндэслэгчдийн нэг бөгөөд кино жүжигчин. 1995 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.

Эцэг нь Батзана гэж Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат малын эмч, эх нь хими, биологийн багш байсан. Б.Батзаяа өнөр өтгөн 12 хүүхэдтэй айлын 4 дэх хүү.

Тэрбээр Төв аймгийн Лүн сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид орж суралцаад сүүлд Улаанбаатарын 22, 13 дугаар сургуулиудаар дамжаад 12 дугаар дунд сургуулийг төгссөн ажээ. Дунд сургуульд байхдаа урлагт дуртай болсон байна. Жүжигчний авъяас нь их багаасаа илэрсэн, хошин шог зантай, бусдыг элэглэх чадвартай болохоор хүн болгон л том болоод жүжигчин болох хүүхэд гэдэг байжээ.

16 настай даа буюу 1974 онд анх Дэжидийн Жигжид найруулагчийн "Хөдөөгийн баясгалан" уран сайхны киноны гол дүрд тоглосон байна. "Мартагдашгүй намар"-т бас л хүүхэд байхдаа тоглосон.

1974-1978 онд Улсын Багшийн Дээд сургуулийн Кино-драмын ангид элсэн сурсан байна.

1978 онд сургуулиа төгсөөд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна.

1979-1982 онд Ардын армийн 119 дүгээр ангид цэргийн алба хаасан.

1982 онд Хүүхэд залуучуудын театрт тайзны ажилчин, 1983 оноос Улсын циркт мужаан, дагалдан жүжигчин, алиалагч, зэрэг ажил хийж байсан.

1990 оны Монголын ҮЭ-ийн ордонд болсон Ардчилан Холбооны анхдугаар хуралд үг хэлж, цуглаанд оролцож байжээ.

1991 онд тэрбээр хувийн "Хошин урлагийн театр" үүсгэн байгуулж (Б.Туяа, И.Одончимэг, Энхтуул, Онон, Амгалан, Өлзий-Орших, Энхбаатар /техник/ нарын хамт), анх 1991 оны 10 дугаар сарын 1-нд "Монголын нэг өдөр" тоглолт хийсэн.

1992 онд "Азтай бадарчин" хошин урлагийн наадмыг санаачилсан.

1995 онд "Б.Батзаяа ба түүний нөхөд" гэж хошин шогийн баг бүрдүүлж тоглолт хийж амжилт олсон.

2008 онд 50 насны ойгоор нь хошин урлагийн хамт олон түүнийг дэмжиж хандивын тоглолт хийж байсан.

2012 онд МУНН-аас УИХ-д нийслэлийн Баянзүрх дүүргээс нэр дэвшиж байсан.

2021 оны 12 дугаар сарын 11-нд улаанбаатар хотод өвчний улмаас нас баржээ.

Тэрбээр хоёр хүүтэй ажээ.