Jump to content

Бирж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нью-Йоркийн Хөрөнгийн бирж

Бирж бол бараа, валют, үнэт цаас, дериватив болон бусад зах зээлийн хэрэгслүүдийн арилжааг зохион байгуулдаг газар юм. 

Худалдаа арилжаа нь стандарт /үндсэн/ гэрээгээр эсвэл багцаар (лот)  хийгддэг бөгөөд тэдгээрийн хэмжээг биржийн тухай эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулдаг.

Биржийн төрлүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. Хөрөнгийн,
  2. Барааны,
  3. Валютын,
  4. Фьючерсын,
  5. Хөдөлмөрийн,
  6. Бооцооны гэх төрлүүд байдаг байна.

Анх XII-XV зууны үеэс Бирж Европ тивд анх үүссэн гэж үздэг. Венеци, Генуя, Флоренц, Шампань, Брюгге, Лондон хотод үнэт цаасны үзэсгэлэн худалдаанаас эхэлсэн түүхтэй.  Брюгге (Баруун Фландр) -д гурван арьсан цүнх (түрийвч) дүрсэлсэн хуучин Ван Дер Бурсагийн гэр бүлийн байшин байсан талбай дээр валютын арилжаа явагддаг байжээ. Улмаар энэхүү арилжаа эрхэлдэг хүмүүс, зуучлагч, үнэт цаасны брокерууд тодорхой тохирсон нэг цагт нэг газар цугларч үнэт цаас, бараа бүтээгдэхүүнийхээ гүйлгээ хийж байсан газраа Бирж гэж нэрэлдэг болжээ.

Тэрхүү талбай дээрх худалдаачдын уулзалтыг "түрийвч" гэсэн утгатай "Борса" гэж нэрлэжээ. 1406 онд орчин үеийн Бельги улсын нутаг дэвсгэр дээр анхны бирж байгуулагдсан юм. Энэ хугацаанд Брюгге хотод үнэт цаасны арилжаа маш их ач холбогдолтой байв. Тэнд худалдаачид гадаадын Үнэт цаас худалдаж авч, худалдааны талаар мэдээлэл солилцдог байжээ. Брюгге хотод “вексель” буюу зээлийн бичиг арилжаалдаг байсан байна. Гадаадын янз бүрийн орны валютын үнэт цаасны ханшийг Брюгге хотын хөрөнгийн бирж дээр тогтоодог байжээ.

ХХ зуунд Интернэт бий болж Цахим систем нэвтэрэхээс өмнө арилжаанд оролцогч талууд гүйлгээг урьдчилан амаар хэлэлцэж биржийн арилжааны нэгдсэн нэг Танхимд эцэслэн тохиролцдог байжээ. Өнөө үед арилжаа нь ихэвчлэн төрөлжсөн тусгай програмуудыг ашиглан цахим хэлбэрээр дэлхийн аль өнцөгөөс явагддаг тул олонхи биржүүд арилжааны танхимууд ашиглахаа больсон бөгөөд арилжжаны танхимаа уламжлал болгон ёслолын үйл ажиллагаа явуулах хэлбэрээр ашиглаж байгаа юм.  

Брокерууд хувийнхаа болон өөрийн үйлчлүүлэгчдийн ашиг сонирхлын дагуу биржийн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах захиалгаа арилжааны системд байршуулдаг. Улмаар тэрхүү захиалгыг бусад худалдаачдын хариу захиалга сонирхолд нийцсэн тохиолдолд урьдчилсан тохиролцоо хийж арилжаа явагддаг байна.

Бирж нь гүйцэтгэсэн гүйлгээний бүртгэлийг хөтөлж, төлбөр тооцоог (клиринг) хэрэгжүүлж, зохион байгуулж, баталгаажуулж, төлбөрийн харилцан үйлчлэх механизмаар хангаж өгч арилжааг зохион байгуулдаг байна.

Биржүүд хийсэн гүйлгээ бүрээс шимтгэл авдаг бөгөөд энэ нь тэдний орлогын гол эх үүсвэр болдог. Мөн үүн дээр гишүүнчлэлийн хураамж, арилжаа хийхэд нэвтрэх төлбөр, хувьцааны мэдээллийн борлуулалт зэрэг Биржийн орлогын эх үүсвэр байж болдог байна.

XVI зуунд Антверпен, Лион хотод эхний хоёр бирж нээгдээд удалгүй хаагдсан. Эдгээр бирж дээр арилжаа нь зөвхөн вексель төдийгүй Засгийн газрын зээлийн бичгийн арилжаалдаг байжээ. Мөн албан ёсны ханшийг тогтоож байжээ. Засгийн газрын үнэт цаасны анхны үйл ажиллагаа Антверпений Хөрөнгийн бирж дээр хийгдэж эхэлсэн түүхтэй. Энд гадаад өрийн үүрэг худалдан авах, худалдах ажлыг зохион байгуулдаг байсан. XVII зуунд буюу 1602 онд дэлхийн хамгийн ахмад Амстердамын хөрөнгийн бирж байгуулагдаж маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Энэ нь нэгэн зэрэг барааны болон хөрөнгийн бирж болж байв. Амстердам тэр үед Европт үр тариа, кофе, чинжүү борлуулах гол түүхий эдийн зах байсан юм. Амстердам дахь хөрөнгийн бирж дээр Засгийн газрын бонд, Их Британи, Голландын Зүүн Энэтхэг, Баруун Энэтхэгийн арилжааны компаниудын хувьцааг үнэт цаасаар арилжаалж байжээ.

1801 онд Лондоны хөрөнгийн бирж (LSE) албан ёсоор байгуулагдсан гэх боловч 1571 оноос Хааны санхүүгийн зөвлөх Томас Грешем хувийнхаа мөнгөөр "Эзэн хааны бирж" байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлэж байжээ. Чухам энд л "бух" ба "баавгай" гэсэн ойлголтууд анх хөрөнгийн бирж дээр гарч ирсэн. Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE) нь 1792 оны 5 дугаар сарын 17-нд байгуулагдаж Комиссын хэмжээг тогтоох тухай 24 брокерийн тохиролцсоноор түүний ажил эхэлж байжээ. Токиогийн хөрөнгийн бирж нь 1878 онд байгуулагдсан.

Лондонгийн хөрөнгийн бирж 1750-аад оноос хойш чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ үеэр Вена, Берлин, Парист хөрөнгийн биржүүд ажиллаж эхэлсэн байна.

1817 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дүрмийг баталж, нэрийг нь албан ёсоор "Хөрөнгийн бирж" гэж нэрлэсэн байна. XIX зууны хоёрдугаар хагаст биржүүдийн үйл ажиллагаа бүрэн утгаараа идэвхжиж эхэлсэн юм.

Монгол Улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж 1991 оны 1-р сараас Хөрөнгийн бирж анх үүд хаалгаа нээсэн бөгөөд 2013 оноос Хөдөө аж ахуйн бирж дараа нь Хөдөлмөрийн бирж үйл ажиллагаа явуулж эхлээд байна.