Вергилий
Публий Вергилий Марон (Латин: Publius Vergilius Maro, МЭӨ 70 оны 10 сарын 15 – МЭӨ 19 оны 9 сарын 21) нь эртний Ромын яруу найрагч бөгөөд хойд Италийн Мантуа хотын орчим чинээлэг тариачны гэр бүлд төржээ. Тэрбээр Кремона, Милан, Ром, Неаполь зэрэг хотуудад боловсрол олж, тэндхийн язгууртнуудын хүүхдүүдтэй хамт гүн ухаан, ялангуяа Эпикурын сургаалыг хичээн үзэж, бас анагаах ухаан, физик, математикт суралцаж байв. Вергилий энэ үед Юлий Цезарийн ач, хожмын хаан Август Октавиантай тохой нийлүүлэн сурч байсан гэдэг.
Тэрбээр МЭӨ 42-39 онд бичсэн анхныхаа бүтээл Буколики (Малчны дуу) хэмээх амар жимрийн аястай арван бүлэг дуулалдаа амрагийн сэтгэлд умбасан малчдын аж төрлийг магтан дүрсэлжээ. МЭӨ29 онд Георгики (Газар тариалан) гэдэг сургаал найраглал бичиж, Италийн газар эзэмшлийн аж ахуйг сэргээн хөгжүүлэх чухал асуудал хөндсөн байдаг. Энэ зохиолдоо эртний Грекийн шулуун шударга хэлдэг сургаалын аясыг өрнүүн бадрангуй, сэтгэлийн халил илтгэсэн уянгын хэмнэлтэйгээр сольж бичжээ.
Вергилий эзэн хаан Октавианд Энейн дуулал гэдэг гол зохиолоо зориулсан юм. Үүнийг Грекийн алдарт туульс Илионы дуулал, Одиссейн дуулал хоёртой эн зэрэгцэхүйц зохиол болсон гэж зарим судлаачид үздэг.
Вергилий уг зохиолоо дуусгаж чадаагүй бөгөөд Ромын үндэсний дууллыг зохион туурвихаар хэрэг явдлын болсон газрыг нүдээр үзэхээр Грек, Бага Азиар аялж явах замд нь Афин хотод түүнтэй Август хаан дайралдаж шүлэгчийн өвчин шаналгаатайг мэдэж, нутагтаа буцахыг зөвлөн, хөлөг онгоцондоо суулгасан боловч тэрбээр Неаполь хот хүрч чадалгүй замдаа өөд болжээ.
Вергилий алдарт Энейн дуулал-даа Тройн иргэн Энейн тухай домгоос иш авч Хомерын хэлбэрээр зохиожээ. Энейн дуулал зохиомжийн хувьд Энейн аялал болон Эней Италийг байлдан дагуулсан тухай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй.
Зохиолд Трой хот дайсанд эзлэгдсэний дараа Эней хөгшин эцэг, хэсэг хүмүүсийн хамт зугтаж, далайгаар аялан явсаар Африкт очиж, хатан хаан Дидонатай хайр сэтгэлтэй болсон ч өөрийн зөн совин, үүрэгт ажилдаа хөтлөгдөн Лацийн нутагт очиж, олон дайнд оролцож ялан дийлж буй тухай өгүүлдэг. Зохиолын гол санаа бол Эней Латин оронд шинэ улсыг үндэслэж, үр удам нь дэлхий ертөнцийг захирах хувь зохиолтой гэснийг гаргасан явдал юм.