Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-38
Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа тус тус сонгогдон ажиллаад байна. Тэрбээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг либeртари улс төрч.
Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд Монголын Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 30-нд тэдний найм дахь бөгөөд отгон хүү нь болон мэндэлжээ.
Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Элбэгдоржийг "Монголын Томас Жефферсон" гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг. (бүрэн эхээр унших)