Виктор Суходрёв
Виктор Михайлович Суходрёв (1932 оны 12-р сарын 12-нд төрсөн — 2014 оны 5-р сарын 16-нд нас барсан) — Зөвлөлтийн болон оросын дипломат бөгөөд орчуулагч. Зөвлөлтийн 1-р зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элч дипломат цолтой, Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв, Леонид Брежнев нарын англи хэлний орчуулагч.
Мөн Михаил Горбачёв, Алексей Косыгин, Андрей Громыко, Анастас Микоян зэрэг зөвлөлтийн удирдагч нарт орчуулга хийж байсан байна.
ЗХУ-ын дипломат, Элчин сайд Роланд Тимербаевын хэлснээр Виктор Суходрев англи хэлний ярианы хэлний маш сайн мэдлэгтэй байсан бөгөөд түүнийгээ орчуулагч хүний хувийн өндөр ур чадвар, мэдрэмжийг нэмээд төгс болгодог байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1932 онд Каунас хотод төрсөн. Викторын эцэг Михаил Лазаревич Суходрев (1903-1983), еврей гэр бүлээс гаралтай Витебск хотын уугуул, ЗХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын (ГРУ) хурандаа, АНУ-д зөвлөлтийн нууц тагнуулын ажилтан байжээ. Эх Евгения Александровна (1906-1998) ЗХУ-ын Гадаад худалдааны Ардын комиссариатын худалдааны төлөөлөгчийн газарт ажиллаж байсан.
1940 он - ЗХУ-ын ЭСЯ-нд ажиллаж байсан эцэг эхийн хамт Лондон руу нүүсэн. 8 настайгаасаа Лондон дахь ЗХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуульд суралцсан.
1945 он - Эхийнхээ хамт Москвад буцаж ирсэн.
1949 он - Эцэг нь АНУ-аас буцаж ирээд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан.
1951-1956 он - Москвагийн Улсын Гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний орчуулагчийн ангид суралцаж төгссөн.
1956 он - ГХЯ-ны орчуулгын товчоонд ажилласан.
1956 он - Москва дахь Элчин сайд нарын хүлээн авалт дээр тэрээр Н.Хрущёвын хэлсэн "Бид чамайг оршуулна" орос. «Мы вас похороним» гэсэн хэллэгийг орчуулав.
1959 он - Н.С.Хрущевтой хамт АНУ-д анхны айлчлалд оролцож орчуулсан.
1961 он - Вена хотод Никита Хрущев, Жон Кеннеди нарын хэлэлцээг орчуулсан.
1967 он - Ойрхи Дорнод дахь зургаан хоногийн дайн. "Улаан утас" буюу АНУ, ЗХУ-ын удирдагч нарын шууд холбоог анх хэрэглэж орчуулав.
1972 он - Л.Брежнев, Хэнри Киссинжер хоёрын Завидово дахь уулзалтыг орчуулав.
1973 - Кэмп Дэвид. Брежневийн жолоодсон машинд Никсонтой хамт явж байсан.
1983 он - ЗХУ-ын ГХЯ-ны АНУ, Канадын хэлтсийн орлогч дарга.
1989 - НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай туслах.
1994 он - АНУ-аас буцаж ирэв. ЗХУ-ын ГХЯ-наас 1-р зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элч цолтой тэтгэвэрт гарсан.
1999 он - "Миний хэл бол миний найз" ном нь хэвлэгдсэн.