Jump to content

Владимир Даль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Владимир Даль. Уран зураг

Владимир Иванович Даль (1801 оны 11-р сарын 10-нд Луганск хотод төрсөн - 1872 оны 9-р сарын 22-нд нас барсан) - Дани гаралтай орос, украины зохиолч, угсаатны зүйч, толь бичигч, ардын аман зохиол цуглуулагч, цэргийн эмч. Тэрээр 200 мянга орчим үгтэй "Амьд агуу орос хэлний тайлбар толь бичиг" (орос. Толковый словарь живого великорусского языка) 53 жилийн турш эмхэтгэж их алдар нэртэй болсон юм.

Владимир Дал 1801 оны 11-р сарын 10-нд Оросын эзэнт улсын Екатеринослав мужийн Луганск завод (одоогийн Украины Луганск хот) тосгонд уул уурхайн эмч Иван Матвеевич Даль, түүний эхнэр Юлия Христофоровна нарын гэр бүлд ууган хүү болж төржээ.

Түүний эцэг дани гаралтай Йохан (дани. Johan Christian Dahl, 1764—1821), 1799 онд оросын иргэншил авч Иван Матвеевич Даль гэдэг нэртэй болжээ. Тэрээр герман, англи, франц, орос, идиш, латин, грек, эртний еврей хэл мэддэг, шашины зүтгэлтэн, эмч хүн байжээ. Түүний хэл шинжлэлийн мэдлэгийн тухай алдар нэр II Екатерина-гийн чихэнд хүрч, түүнийг Санкт-Петербургт дуудаж, хааны ордны номын санчаар ажиллуулжээ. Дараа нь Иохан Даль германы Йена хот руу явж, тэнд эмчийн мэргэжилд суралцаж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалж Орост буцаж ирсэн түүхтэй.

Иван Даль Санкт-Петербург хотноо франц, швейцар гаралтай оросжсон герман эмэгтэй Ульяна Христофоровна Фрайтаг-тай гэрлэжээ. Тэд 2 охин (Паулина, Александра), дөрвөн хүүтэй болсон байна. Владимирын дүү нар:

  • Карл (1802-1828) амьдралынхаа эцэс хүртэл тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байгаад Николаев хотод нас барсан. Хүүхэдгүй байв.
  • Лео (1807-1831).
  • Павел (1813-1836) эрүүл мэндийн шалтгаанаар эхийнхээ хамт Италид байнга амьдарч байгаад нас барсан, Хүүхэдгүй.

В.Даль хүүг дөнгөж 4 настай байхад түүний гэр бүл Николаев (өмнөд Украины хот) руу нүүжээ. Эцэг нь Хар тэнгисийн флотын ахлах эмч Иван Матвеевич 1814 онд язгууртны цол хүртэж, хүүхдүүдээ Санкт-Петербургийн Тэнгисийн цэргийн сургуульд улсын зардлаар сургах эрхтэй болжээ.

Тэрээр 1812-1819 онд 11 настайдаа нэг насаар дүү Карлынхаа хамт Санкт-Петербургийн Тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж, суралцжээ.

Тэнгисийн цэргийн хүчинд хэдэн жил алба хааж, далайн өвчнөөсөө салж чадаагүй Владимир 1826 оны 1-р сарын 20-нд Дорпатын их сургуулийн (герман. Universität Dorpat, өнөөгийн Эстоний Тарту хотын их сургууль) Анагаах ухааны ангид элсэн орсон. Тэрээр давчуу өрөөнд амьдарч бусдад орос хэл заан амьжиргаагаа залгуулдаг байсан ажээ. 2 жилийн дараа 1828 оны 1-р сард В.И.Даль засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан байна. Оюутан байхдаа Даль нь оросын зохиолч Н.М.Языков, В.А.Жуковский, А.Ф.Войков нартай танилцаж нөхөрлөсөн юм.

Энд юуны түрүүнд тухайн үеийн эрдэмтэнд шаардлагатай байсан латин хэлийг эрчимтэй судлах шаардлагатай болсон. Философийн факультетаас зарласан сэдвээр хийсэн ажлынхаа төлөө мөнгөн медаль хүртжээ.